ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ “БАГАНУУР” ХК ТҮҮХТ 40 ЖИЛИЙН ОЙГООРОО НИЙСЛЭЛИЙН ДЭЭД ШАГНАЛ “ХАНГАРДИ” ОДОНГООР ШАГНАГДЛАА.

Хэрлэн голын сав газарт бүтээн байгуулалтыг өрнүүлж, баялаг бүтээж, эх орны хөгжлийн түүчээг атган, улсынхаа гал голомтыг бадраан, төвийн эрчим хүчний системийн харъяа дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангаж, Монголын Уул уурхайн салбарын түүхийн хуудаст нэгэн шинэ, тод мөр үлдээсэн үндэсний тэргүүлэгч нүүрсний уурхай “Багануур” ХК-ий 40 жилийн баярын хурал боллоо.

Хуралд  УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, МУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнэ, Түлш эрчим хүчний сайд асан П.Очирбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн, НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, төлөвлөлтийн инженер А.А.Белинкин болон бусад албаны төлөөллүүд оролцлоо.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор “Багануур” ХК-ийг Нийслэлийн дээд шагнал “ХАНГАРДИ” одонгоор шагналаа.

Мөн НИТХ-ын ”Хүндэт тэмдэг”-ээр Багануур ХК-ий гүйцэтгэх захирал Э.Номинчулуун, МУ-ын гавъяат уурхайчин, экскаваторын машинч Г.Отгопүрэв нарыг, НИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр Худалдаа хангамж хариуцсан хэлтсийн инженер Я.Минжүүрдорж нарыг шагнаж урамшууллаа.

Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч, Уул уурхайн салбарын хөгжилд хөдөлмөр бүтээлээ харамгүй зориулж ирсэн Багануурын уурхайн баялаг бүтээгчдэд түүхт 40 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

УУРХАЙЧДЫН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ.

 

 

 

 

Leave a Reply