Дүүргийн засаг даргын дэргэдэх удирдах зөвлөл хуралдлаа.

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

 

Багануур дүүргийн  Засаг даргын дэргэдэх удирдлагын зөвлөл 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 16:00 цагт  хуралдсан бөгөөд хуралд удирдлагын зөвлөлийн гишүүдээс гадна МХХ-ийн  дарга Ч.Болдбаяр, Орчны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Б.Хулан, Барилгын байцаагч Н.Батзаяа,  Татварын улсын байцаагч Ц.Сайнхүү, Байгаль хамгаалагч н.Доржсүрэн,   ЗАА-ны Аялал жуучлал,СӨХ, нийтийн тээвэр хариуцсан мэргэжилтэн Б.Сайнзаяа, “Багануур-Ус” ОНӨААТҮГ-ын захирал М.Буддорж,  Онцгой байдлын хэлтсийн Ангийн захирагч, ахмад Г.Батжаргал, Цагдаагийн хэлтстийн Мөрдөн байцаах тасгийн дарга,  ахмад Г.Ганзориг, ЭМТөвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.Сэлэнгэсүлжээ, 1-р хорооны Засаг дарга Л.Эрдэнэтуяа нар  оролцсон бөгөөд 

  • ”Бид нэг голынхон” хөтөлбөр
  • Дүүргийн үерийн ус зайлуулах шугамын асуудал
  • Тус дүүрэгт гарсан хоолны хордлогот халдварын талаар
  • ”Аягын нуур” ХХК-ий тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудал
  • Гүн галуутайн гудамжинд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажилд хийсэн аудитын дүгнэлт
  • Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгах санал
  • Тогтоол, шийдвэрийн 2018 оны эхний хагас жилийн биелэлт
  • 2019 онд дүүрэгт хийж хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын талаар зэрэг 8 асуудлыг хэлэлцлээ.

 

Хурлаас ”Бид нэг голынхон” хөтөлбөрийг ойрын хугацаанд Дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлж батлуулах, үерийн ус зайлуулах шугамын ашиглалтыг Багануур–Ус ОНӨААТҮГ-т хариуцуулахаар шийдвэрлэлээ. Мөн дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хийсэн шалгалтаар 78 хувьтай буюу “их эрсдэлтэй” дүгнэгдсэн  “Аягын нуур”ХХК-ий  “Архи согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрлийн хугацаа”-г сунгах эсэх асуудлыг тус хэлтсээс  хүргүүлсэн шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг эргэн хянан үзсэний дараа шийдвэрлэхээр боллоо.

 ЭМТөвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.Сэлэнгэсүлжээ дүүрэгт 6 дугаар сарын 6-наас  8-ны өдрүүдэд  “Ноён тур”ХХК, Автодрем  ХХК-ий  ”Наран” зоогийн газарт гарсан хоолны  хордлогот халдварын  талаар ХӨСҮТ-өөс ирүүлсэн дүгнэлтийг танилцуулсан бөгөөд “…Тархвар зүйн тандалт судалгаа, өвчтөнд илэрсэн эмнэлзүйн шинж тэмдэг, нян судлалын шинжилгээний дүнг үндэслэн Багануур дүүргийн “Ноён тур” ХХК-ны “Ноён” амралтын газарт хооллосон хүмүүсийн дунд сальмонеллёз өвчнийг үүсгэгч (Salmonellaspp) нянгаар үүсгэгдсэн хоолны хордлогот халдварын дэгдэлт гарсан байна…” гэж  дүгнэжээ.

ХӨСҮТ-ийн нян судлалын лабораторид хоол идсэн 45 хүн, БНД-ийн ЭМТ-ийн нян судлалын лабораторид 12 өвчтөн, гал тогооны 6 ажилчин нийт 63 хүнээс шулуун гэдэсний арчдас авсан шинжилгээ хийхэд 27 хүнээс нь сальмонеллёз өвчний үүсгэгч Salmonella.spp илэрсэн бөгөөд дүүргийн  ЭМТ-ийн халдвартын тасагт эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн 14 хүнийг хэвтүүлэн, 9 хүнийг өрхийн эмчийн хяналтанд  гэрээр эмчлүүлэхийг  зөвлөсөн байна.

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс Автодрем ХХК-ий  “Наран” зоогийн газарт 2018 оны 3 дугаар сард, “Ноён тур”ХХК-ий амралтын газарт 2017 оны 6-р сард  тус тус  шалгалт хийж  шаардлага, зөвлөмж хүргүүлж байсан боловч дээрх аж ахуйн нэгжүүд зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй нь хоолны хордлогот халдвар гарахад нөлөөлсөн хэмээн үзэж, үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа бөгөөд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй хэмээн албаны хүн мэдээлж байв.  

            Дүүрэгт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн биелэлт энэ оны эхний хагас жилийн байдлаар 71,0 хувьтай хэрэгжсэн бөгөөд удирдлагын зөвлөлөөс хэрэгжилт удаашралтай байгаа заалтуудад анхаарч ажиллах үүрэг чиглэл өгөв.

Мөн ирэх оны Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон дүүрэгт хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын төсөлд тусгуулахаар давхардсан тоогоор 28  байгууллагаас ирүүлсэн саналтай нэг бүрчлэн танилцсан бөгөөд зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хийж, холбогдох байгууллагуудад хугацаанд нь уламжлахыг ажил хариуцсан хүмүүст үүрэг болголоо.

 

Leave a Reply