АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:

 

-Агаарын бохирдыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ 2017-оны 12 дугаар сард ажлын хэсэг байгуулж, холбогдох тогтоолыг баталсан. Тогтоолын дагуу нийслэл болон төвлөрсөн суурин газрын агаарын бохирдыг бууруулах, утааг багасгах асуудлыг тухайлан хариуцах төрийн захиргааны бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, хууль тогтоолын төсвийг боловсруулж өргөн мэдүүлэхээр болсон. Дагуул хотуудыг бий болгож шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал, аж үйлдвэр, худалдааны чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх, төрийн зарчим байгууллагууд болон төрийн, төрийн өмчит их, дээд сургуулийг өөр газар нутагт байршуулан шилжүүлэх зэрэг асуудлыг 2018 оны 1 дүгээр улиралд багтаан судалж, холбогдох шийдвэр гаргана.
Улаанбааатар хотод байгаа түүхий нүүрсээр ажилладаг халаалтын нам даралтын зуухнуудыг 2019 оноос хаах, чанар стандартын шаардлага хангасан утаагүй шахмал болон хийн түлшний үйлдвэрлэл эрхлэгчдийг төрийн оновчтой бодлогоор дэмжинэ. Гэр хороолын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг бий болгож, төвлөрсөн дулаан хангамжид холбоно. Аймгийн төвүүд болон Улаанбаатар хотод бэлэн болсон борлогдоогүй байгаа орон сууцны судалгааг нарийвчлан гаргаж, тэдгээрт гэр хорооллын иргэдийг оруулах талаар арилжааны банкууд, ААН байгууллагуудтай хамтран ажиллаж 2018 оны эхний хагас жилд багтаан холбогдох шийдвэрүүдийг гаргахаар болсон. Улсын хэмжээнд сургуулийн ерөнхий болон мэргэжлийн боловсрол, дунд сургуулийн хичээл эхлэх, дуусах болон улирлын амралтыг өөрчлөх хуваарыг судалж, 2018 онд багтаан шийдвэрлэх зэрэг хэрэгжүүлэх заалтууд тусгагдсан.

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тусгагдсан бусад шийдвэрүүд:

“Агаарын бохирдын эсрэг сан” байгуулсан. Сангийн төсвийн ерөнхий захирагч нь Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд байх бөгөөд сангийн эх үүсвэр нь агааран бохирдын төлбөрын орлого, нөхөн төлбөр бусад орлогоос бүрдэх юм.
Сангийн хөрөнгийг энэ чиглэлээр шинэ дэвшилтэт техник, технологи нэвртүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгох, цэвэр түлш үйлвэрлэх, тэдгээрийг худалдан авахад хөнгөлөлт үзүүлэх, бүрэн шаталттай зуух техник технологийг нэвтрүүлэх, ашиглахад дэмжлэг үзүүлэхэд зарцуулагдана.

-Агаар цэвэршүүлэгч болон эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг Гааль болон хяналтаас чөлөөлсөн. Гарах үр дүн:

Агаарын чанарыг сайжруулах зорилгоор импортоор оруулж байгаа агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн. Ингэснээр агаар цэвэршүүлэгч, халаагч 15-20 хувийн хямд үнээр иргэдийн гар дээр ирэх боломж бүрдэж байна.
– Утааг бууруулах чиглэлээр Засгийн газраас хийж хэрэгжүүлэх ажил:

Утааг бууруулах чиглэлээр Засгийн газраас цогц арга хэмжээг авахаар төлөвлөсөн ба түүхий нүүрсийг 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн нийслэл хотод оруулахыг хориглох хуулийн төслийг 2018 оны хаврын чуулганаар баталгаажуулахаар шийдвэрлэсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын хүрээнд 700 сая ам.долларын гэрээ, хэлцэл хийснээс 500 сая ам ам.долларыг утааг бууруулах иж бүрэн ажилд зарцуулахаар болсон. 500 сая ам ам.долларын зээлийн зарцуулалтын төслүүдийн судалгааг БНСУ-аас томилогдох ажлын хэсэг энэ оны гуравдугаар сард Монгол Улсад ирж хийнэ. 500 сая ам.доллар нь 0.2 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа 30 жил бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.