“ЦАХЛАЙ” ТӨСӨЛ ДҮҮРЭГТ АЛБАН ЁСООР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

 

Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, дүүргийн цагдаагийн хэлстийн дарга хурандаа Т.Төгс, “Цахлай” төслийн удирдагч С.Батсайхан нар хүүхэд хамгааллын чиглэлд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү Санамж бичгийг байгуулснаар, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг биет болон биет бус халдлагаас хамгаалах, болзошгүй эрсдэл, гэмт хэрэгт холбогдохоос сэргийлэх ажилд дүүргийн цагдаагийн байгууллага болон сургууль, хорооны нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллах юм.

“Цахлай” төсөл нь хүүхэд хамгааллын салбарт үндсэн 2 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Нэгдүгээрт хүүхдийг биет бус халдлагаас хамгаалах зорилгоор хүүхэд өсвөр үеийнхний дунд цахим орчин дахь зохистой хэрэглээг бий болгох, тэднийг баталгаат эерэг мэдээ мэдээллээр хангах цахим сайт, гар утасны аппликейшныг ажиллуулж байна. Түүнчлэн хүүхдийн интернэт хэрэглээнд эцэг эхчүүд хяналт тавих боломжийг технологийн түвшинд шийдвэрлэхээр зорьж байна.

Хоёрдугаарт хүүхдийг биет халдлага буюу хулгай, дээрмийн гэмт хэрэг цаашлаад төөрөх, алга болох зэрэг эрсдлээс хамгаалах зорилгоор хүүхдийн байршил тогтоох системийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа ба энэхүү үйлчилгээ нь эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах, хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах эерэг үр дүнтэй юм.