“Шинжлэх ухаан-Бүтээл-Инноваци” сэдвийн дор залуу эмэгтэй судлаачдын эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Улсын Их хурлын гишүүн, БСШУСЯамны Сайд Ц.Цогзолмаагийн ивээн тэтгэлгээр Багануур дүүргийн ИТХурал, Засаг даргын Тамгын газар Монголын Эмэгтэй Инженерүүд Технологичид Математикчид Эрдэмтдийн нэгдсэн байгууллагын Багануур салбар зөвлөл хамтран “Шинжлэх ухаан-Бүтээл-Инноваци” сэдвийн дор залуу эмэгтэй судлаачдын эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг 2017.12.01-ны өдөр Засаг даргын Тамгын газрын 219 тоот хурлын танхимд зохион байгууллаа.
Илтгэлийг таван хүний бүрэлдэхүүнтэйгээр шүүж шилдэг залуу эмэгтэй судлаачдыг шалгарууллаа.
1. Ерөнхий шүүгч – Багануур дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн
2. Шүүгч- Багануур дүүргийн Засаг даргын орлогч Т.Отгонболд
3. МУИС-ийн захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, эдийн ухааны доктор Ч.Ундрам
4. МУ-ын зөвлөх инженер, техникийн ухааны доктор П.Ариунболор
5. Багануур дүүргийн ЭМТ-ийн Нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч дарга, нийгмийн эрүүл мэндийн ШУ-ны магистр З.Дэлгэрмаа
Тус уралдаанд эхний гурван байрт шалгарсан залуу судлаачдыг мөнгөн шагнал, дараагийн шатны хурал болох Монголын залуу эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн хуралд оролцох эрхийн бичгээр, тусгай байрт шалгарсан залуу судлаачдыг үнэ бүхий зүйлээр шагнасан. Дараагийн шатны уралдаанаас шалгарсан тохиолдолд БНСУ-д болох олон улсын залуу эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн хуралд оролцох тэтгэлгээр шагнуулна.
Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнгийн материал судлал технологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант У.Баярзул “Багануурын нүүрсний үнсээр шинэ материал гарган авах судалгаа“ сэдвээр илтгэл тавьж Тэргүүн байр эзэлсэн.
“Ойн зарим зүйл ургамлаас биологийн идэвхит үнэрийн түүхий эд гарган авах асуудал” сэдвээр Хими, химийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, магистр Н. Жавзмаа 2-р байрт шалгарсан.
“TRISO түлш бүхий түлшний эвлүүлгийн нейтроник анализ” сэдвээр Монгол улсын их сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Хими биологийн инженерчлэлийн тэнхимийн Цөмийн эрчим хүч, магистрант Б.Хөхсувд 3-р байрт шалгарсан.
“Суралцагчийн сурлагын ахицыг үнэлэх нэгэн аргачлал, туршилт үр дүн” сэдвээр Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн багш, магистр Н.Цэнхэрхэрлэн тусгай байрт шалгарсан.
Улаанбаатар хотоос болон Эрдэнэт, Дархан, Говьсүмбэрээс илтгэгч нар ирж уг уралдаанд оролцсон нь судлаачдын эрэлт хэрэгцээ, оюуны чадамж өндөр байгааг илтгэж байна. МЭИТМЭ –ийн нэгдсэн байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн дэд захирал Ч.Ундрам уг арга хэмжээг дэмжиж зохион байгуулсан БСШУС –ын сайд Ц.Цогзолмаа, Багануур дүүргийн ИТХурал, Засаг дарга болон түүний Тамгын газар эрдэм шинжилгээний хуралд ач холбогдол өгч идэвх санаачлагатай ажилласныг тэмдэглэн амжилт хүслээ. Мөн ИТХ-ын дарга С.Даваасүрэн илтгэл бүрт дүгнэлт өгч орон нутагт хэрэгжүүлэх боломжтой асуудал дэвшүүлсэн илтгэлүүдийг сайшаан тэмдэглэж хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.