Дүүргийн баялаг бүтээгч, үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүн үйлчилгээний “БАГАНУУРТ ҮЙЛДВЭРЛЭВ-2017” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.

Монгол улсад Худалдаа, үйлдвэрлэл, нийтийн хоолны салбар үүсч хөгжсөний 96 жил, Багануур дүүрэгт салбар үүсч хөгжсөний 39 жил, Дэлхийн Хүнсний өдрийн 36 жилийн ойг тохиолдуулан Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа БАЯЛАГ БҮТЭЭГЧ, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ нарыг дэмжин үйл ажиллагааг нь өргөжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах, сурталчилах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дүүргийн иргэд, ААНБ-ууд, иргэдэд үйлдвэрлэгч нарын бараа бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор “БАГАНУУРТ ҮЙЛДВЭРЛЭВ-2017” үзэсгэлэн худалдааг 2017.11.10-11-нд 2 өдөр Өргөө Соёлын ордонд зохион байгууллаа. Тус үзэсгэлэн худалдаанд нийт 17 аж ахуй нэгж, иргэн 90 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ оролцлоо. Үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа “Монхимо” компани нь 1998 оноос үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлэн эдүгээ 31 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байгаа бөгөөд энэ үзэсгэлэн худалдаанд Адуу бренд болон 22 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцлоо. “Монхимо” компани шилдэг Адуу брэндээрээ дүүргээ төлөөлөн Нийслэлийн шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтанд амжилттай оролцож ГАРУДА-гийн тусгай байрын цомын эзэн болсон байна. Үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа Ирвэс ХХК нь 1992 оноос 25 жил тасралтгүй дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж 70 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд үзэсгэлэнд 30 нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцлоо. Тус компани нь 2010 онд Монголын Хүнсчдийн холбооны гишүүн, 2011 онд Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн болон ажиллаж байна. “Багануур сувилал” ХХК-ий Талх, нарийн боовны цехийг анх 2003 онд уурхайн Төв гуанзнаас тусгаарлан тусад нь цех болгон өргөтгөж, уурхайн 1000 гаран ажилтнууд болон дүүргийнхээ иргэдийн хэрэгцээнд зориулан жилдээ 50 гаруй нэр төрлийн 60-аад тонн талх, нарийн боов үйлдвэрлэж байгаа ба тус үзэсгэлэнд 20 нэр төрлөөрөө оролцлоо.“Арвин баялаг” цех нь Веган буюу ургамлын гаралтай хоолны газрын эзэн Монгол улсын мастер тогооч Энхжаргал нь дүүргийн анхдагч тогооч нарын нэг бөгөөд 30 дахь жилдээ ойролцоогоор 1.1 сая гаран хүнд үйлчилж, 180 гаран залуучуудыг тогооч хоол үйлдвэрлэлийн урлагт сургасан байна. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах зөв хооллолтыг хэвшүүлэх зорилгоор цагаан хоол, ургамлын гаралтай хоолыг 2010 оноос эхлэн үйлдвэрлэн сургалт үйлдвэрлэл үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус үзэсгэлэнд 15 нэр төрлөөрөө оролцлоо.“Автодрейм” ХХК-нь дүүрэгт 2004 оноос эхлэн 13 жил үйл ажиллагаа явуулж ажлын байр, үйлчилгээг шинээр бий болгон ажиллахад анхаарч одоогоор 9 чиглэлээр үйл ажиллагаагаа өргөтгөн явуулж 40 гаран ажлын байрыг бий болгосон байна. Үзэсгэлэн худалдаанд 10 нэр төрлөөр оролцлоо.“Хөх Монгол чацаргана” эзэн Юра 1990 оноос эхлээд 27 жил 3 га- д Оросын 10 гаран сортыг нутагшуулан тариалж энэ хугацаанд 50 гаран тн ургац хураан авч чацарганы тос, цэвэр шүүсийг үйлдвэрлэн гаргаж иргэд хүүхэд багачуудаа эрүүл байлгахад гол хувь нэмэр оруулан ажиллаж байна. Уран дарханыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа залуу уран бүтээлч Батмөнх 2004 оноос бүтээлээ гаргаж эхэлсэн ба “Гэгээн Муза” цом, Төрийн ордны хүндэтгэлийн өргөөний гэрийн тоног, чимэглэл, Төрийн ордны Музейд нь Төрийн сулд, Хаан хундага, 37 хаадуудын тамга зэргийг хийсэн байна. Мөн 2012 онд Цэргийн Музейн баатрын хуяг, дуулга, Чингис хааны “Алтан Гэрэгэ” зэрэг бүтээлүүдийг урлаж Монгол улсын сан хөмрөгт өөрийн нэрээр бүртгүүлсэн байна. Үзэсгэлэнд оролцож буй бүтээлүүд: Үүсээр шахаж хийсэн мөнгөн ташуур, Мөнгөн хөөрөг, Чингис хааны Алтан Гэрэгэ, Алтан соёмбо гэх мэт бүтээлүүдээрээ оролцлоо.Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн төсөл хэрэгжүүлэгч 4 иргэн сүлжмэл бүтээгдэхүүн, үндэсний хувцас, гоёл чимэглэл, даалин, уран хийцээр, Жижиг дунд үйлдвэрлэлийн төвийн 2 бойжигч 5 нэр төрлийн бүтээгдэхүүн, Амтат талх Гэрэлмаа 4 төрөл, иргэн Батсаруул 3 төрлийн үндэсний хувцас, бүрээс, дээс, иргэн Сугарсүрэн 2 нэр төрөл кимчи, хүрэн манжингийн салат, Иргэн Должинсүрэн 1 төрөл модон хувин, сав зэрэг бүтээгдэхүүнээр тус тус оролцсон байна. Үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон нийт оролцогч нарт ДИТХ-ын дарга С.Даваасүрэн, Засаг дарга Ц.Сандаг-очир, ИТХ-ын төлөөлөгч Н.Ганбаатар, Ц.Шинэбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баттүшиг нар БАТЛАМЖ, шагнал гардуулан баяр хүргэлээ. Өргөө соёлын ордны дуучин Мөнх-Учрал батламж шагнал авсан нийт оролцогч нарт баяр хүргэж ая дууны мэндчилгээ хүргэлээ. Нийт оролцсон БАЯЛАГ БҮТЭЭГЧ, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ нартаа болон үзэсгэлэн худалдааг дэмжин хамтран ажилласан Өргөө Соёлын ордны хамт олондоо баярласнаа илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье. Хүн амын өдөр тутмын хэрэгцээ шаардлага болсон ХҮНС, ХООЛ, БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ иргэддээ хүргэх их ажил үйлсэд хүчин зүтгэж, үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Та бүхэндээ цаашдынх нь ажилд улам илүү амжилт хүсье.