Худалдаа үйлчилгээний нийтлэг журамд санал авч байна.

НИТХТ-ИЙН 2017.01.17-НЫ 07 ДУГААР ТОГТООЛООР БАТЛАГДСАН “НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НИЙТЛЭГ ЖУРАМ”-ЫН ШИНЭЧИЛСЭН ТӨСЛИЙГ НЗАА-НААС БОЛОВСРУУЛАН САНАЛ АВЧ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУЛ ТА БҮХНИЙГ САНАЛАА ӨГӨХИЙГ ХҮСЧ БАЙНА.

Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, ахуй үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа та бүхнийг Нийслэлийн Худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлахтай холбогдуулан шинэ журманд өөрсдийн саналыг өгөхийг хүсч байна. Саналыг 70210207 70210940 утсаар өгөх боломжтой.

ШИНЭ ЖУРМЫН ТӨСӨЛ

НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НИЙТЛЭГ ЖУРАМ
1. Нийтлэг үндэслэл /4 заалт/
2. Худалдаа, үйлчилгээний төрөл, хэлбэр /5 хэсэг 47 заалт/
3. Худалдаа, үйлчилгээний зохицуулах зөвлөл /11 заалт/
4. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох бусад байгууллагын эрх үүрэг /2 хэсэг 13 заалт/
5. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг /5 хэсэг 95 заалт/
6. Хориглох заалт /29 заалт/
7. Хяналт /2 заалт/
8. Хариуцлага /4 заалт/

ТӨСӨЛ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны ….. дугаар сарын ………өдрийн ……………….. ………….. дугаар тогтоолын хавсралт
НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НИЙТЛЭГ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаа, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохицуулалт хийж, хяналт тавихад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Энэхүү журмыг Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, байгууллага, иргэд дагаж мөрдөнө.
1.3 Худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг нутаг дэвсгэрийн онцлог, хүн амын нягтрал, эрэлт хэрэгцээ, шаардлагыг харгалзан Нийслэлийн Засаг дарга батална.
1.4 Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаа нь энэхүү журмаас гадна Монгол Улсын Үндсэн хууль бусад холбогдох хууль, хууль тогтоомжид нийцсэн байна.
ХОЁР. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ, ХЭЛБЭР
2.1 Худалдаа үйлчилгээний хэлбэр:
2.1.1. Бөөний худалдааны газар:
2.1.1.1. Бөөний худалдааны төв
2.1.1.2. Агуулах дэлгүүр
2.1.1.3. Худалдааны төв
2.1.1.4 Зах
2.1.2. Жижиглэн худалдааны газар:
2.1.2.1. Их дэлгүүр;
2.1.2.2. Хайпермаркет;
2.1.2.3. Супермаркет;
2.1.2.4. Үйлдвэрийн нэрийн бараа;
2.1.2.5. Үзүүлэнгийн танхим;
2.1.2.6. Хоршооллын дэлгүүр;
2.1.2.7. Аутлет;
2.1.2.5. Бутик;
2.1.2.6. Минимаркет;
2.1.2.7. Хүнсний дэлгүүр;
2.1.2.8. Өдөр тутмын эрэлттэй дэлгүүр /конвиниенс стоор/;
2.1.2.9. Хүнсний мухлаг;
2.1.3. Цахим худалдаа
2.1.4. Төрөлжсөн хүнсний ба хүнсний биш барааны дэлгүүр;
2.2 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлбэр:
2.2.1. Ресторан;
2.2.2. Баар /диско, биллъярд, караоке, бусад/;
2.2.3. Кафе;
2.2.4. Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх/;
2.2.5. Сүлжээ хоолны газрууд;
2.2.6. Явуулын түргэн хоолны үйлчилгээ; /катеринг/
2.2.7. Зочид буудал болон жуулчны баазын дэргэдэх зоогийн газар;
2.3 Ахуйн үйлчилгээний хэлбэр:
2.3.1 Үсчин, гоо сайхны үйлчилгээ;
2.3.2 Хувцас засвар, захиалга;
2.3.3 Гутал засвар, захиалга;
2.3.4 Хими цэвэрлэгээ, угаалга;
2.3.5 Гэр ахуйн модон эдлэл засвар, захиалга;
2.3.6 Ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар;
2.3.7 Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга засвар;
2.3.8 Цоож засварлах, түлхүүр олшруулах;
2.3.9 Цүнх захиалга, засвар;
2.3.10 Гэрэл зураг авах, угаах, дүрс бичлэг хийх;
2.3.11 Нийтийн халуун ус;
2.3.12 Гэр цэвэрлэх,;
2.3.13 Айл нүүлгэх үйлчилгээ;
2.3.14. Нүдний шил захиалга, засвар;
2.3.15. Цаг засвар;
2.3.16. Саун;
2.3.17. Бусад үйлчилгээ
2.4 Авто үйлчилгээний хэлбэр:
2.4.1 Авто техникийн засвар, үйлчилгээ;
2.4.2 Авто сэлбэг, ашиглалтын материалаар хангах;
2.4.3 Бусад үйлчилгээ /тос, тосолгооны материал/
2.5. Бусад /худалдаа, үйлчилгээ/
2.5.1 Түргэн үйлчилгээний цэг;
2.5.2 Улирлын чанартай сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ;

ГУРАВ. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ
3.1 Дүүргүүдийн Засаг даргын дэргэд тухайн дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээтэй холбоотой асуудлыг зохицуулж, журмын хэрэгжилтийг ханган ажиллах үүрэг бүхий Худалдаа, үйлчилгээний орон тооны бус Зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ ажиллана.

3.2 Зөвлөлийн дарга нь дүүргийн тухайн асуудал хариуцсан Засаг даргын орлогч, нарийн бичгийн дарга нь дүүргийн Засаг даргын тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга байна.
3.3 Зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүн, ажил үүргийн хуваарийг дүүргийн Засаг даргын захирамжаар батална.
3.4 Зөвлөл нь дараах бүрэлдэхүүнтэй байна.
3.4.1. Дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс;
3.4.2 Дүүргийн ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс;
3.4.3. Дүүргийн Газрын алба;
3.4.4. Дүүргийн Цагдаагийн хэлтэс;
3.4.5. Дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс;
3.4.6. ШӨХТГ-ын дүүрэг хариуцсан улсын байцаагч;
3.4.7. Тухайн хорооны Засаг дарга;
3.4.8. Мэргэжлийн холбоод болон Төрийн бус байгууллагын төлөөлөл

ДӨРӨВ. УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ
4.1 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.1.1. Худалдаа, үйлчилгээний талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих;
4.1.2. Дүүргийн Засаг даргын дэргэдэх Зөвлөлийг удирдлага, чиг үүргээр ханган, хяналт тавьж ажиллах;
4.1.3. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан үзлэг, шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгуулах шаардлагыг дүүргийн Засаг даргын дэргэдэх Зөвлөлд тавих;
4.1.4. Энэ журмын хэрэгжилтийг хангах зорилгоор мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах;
4.1.5. Худалдаа, үйлчилгээний байгууллагууд нь дэвшилтэт хэлбэр, шинэ үйлчилгээ, техник технологи, инноваци, кластер нэвтрүүлсэн, байгаль орчинд ээлтэй, био, нано технологийг эрчимтэй хөгжүүлсэн тохиолдолд сурталчлах, шагнал урамшуулалд тодорхойлох, бусад төрлийн дэмжлэг үзүүлэх;
4.1.6. Хууль тогтоомжид заасан бусад;
4.2 Дүүргийн Засаг даргын дэргэдэх Зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.2.1. Дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн нэгдсэн мэдээллийн санг бий болгож, бүртгэлжүүлэн үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулах;
4.2.2. Шинээр батлагдан гарсан хууль тогтоомж, дүрэм журам, удирдах дээд байгууллагаас гаргасан тушаал, захирамж шийдвэрийг сурталчлах, мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллах;
4.2.3. Тухайн нутаг дэвсгэрт улирлын чанартай сүүдрэвчтэй худалдаа үйлчилгээ /жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногоо, зайрмаг, квас, ус ундаа/ зориулалтын төхөөрөмж бүхий түргэн хоолны цэгийн тоо, загвар, өнгө үзэмж, аюулгүй байдалд тавигдах шаардлагыг баталж мөрдүүлэх;
4.2.4. Улирлын чанартай болон нийтийг хамарсан баяр ёслолын үеэр гарах худалдаа, үйлчилгээний цэг, тоо, байршлыг мэргэжлийн байгууллагуудын саналд үндэслэн тогтоох;
4.2.5. Тогтоосон байршил тоо хэмжээгээр худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах, журамлах ажлыг зохион байгуулах;
4.2.6. Мэргэжлийн байгууллагуудтай хамтран худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, ил задгай худалдааг цэгцлэх, худалдаа эрхлэгчдийг шаардлага хангасан ажлын байраар хангахад дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах;
4.2.7. Энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авсан арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хагас жил тутам тайлагнах;
ТАВ. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮҮРЭГ
5.1 Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.1.1. Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдөж, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийг чанд биелүүлэх;
5.1.2. Ажлын байрны нөхцөл, аюулгүй байдал, тухайн үйлчилгээний стандартын шаардлагыг 90-ээс дээш хувь хангасан байх, хууль тогтоомжоор стандартын тохирлын баталгаанд хамрагдах шаардлагатай үйлчилгээ нь тохирлын гэрчилгээ авсан байх;
5.1.3. Хүнсний чиглэлээр шинээр үйл ажиллагаа эрхлэхэд мэдээллийг маягтын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр харьяалах нутаг дэвсгэр дэх хүнсний хяналтын байгууллагад мэдэгдэн урьдчилсан хяналт шалгалтад хамрагдан эрсдэлийн үнэлгээ хийлгүүлж, бүртгэлд хамрагдах;
5.1.4. Тухайн дүүргийн худалдаа, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлж, Зөвлөлтэй “Үйл ажиллагаа эрхлэх гэрээ” байгуулан, холбогдох хууль тогтоомж, стандарт, журмыг хэрэгжүүлж ажиллах ;
5.1.5. Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм, дүрэм, стандартыг мөрдөж, галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулсан байх;
5.1.6. Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны А/120 дугаар тушаалын дагуу дүүргийн Цагдаагийн хэлтэстэй гэрээ байгуулж, гэмт хэрэг, зөрчилгүй ажиллах;
5.1.7. Хорооны Засаг даргатай “Тохижилт, цэвэрлэгээний гэрээ” байгуулж, НИТХ–ын Тэргүүлэгчдийн 2009 оны 63, 2012 оны 61 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах;
5.1.8. Аж ахуйн нэгж, байгууллагууд нь Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор баталсан “Аж ахуйн нэгж, байгууллагад дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-д нийцүүлэн дотоодын хяналтыг хэрэгжүүлэх нэгж, ажилтантай байх;
5.1.9. Өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх, халтиргаа гулгааг арилгах;
5.1.10. Худалдаа, үйлчилгээнээс гарах хог хаягдлыг ангилан ялгаж, төрөлжүүлэн өөрийн зориулалтын сав, бункерт хадгалж, хогийн сав, бункерийг тогмол ариутгаж, халдваргүйжүүлж байх, хог шатах, тархахаас урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авах;
5.1.11. Цахилгаан, электрон бараа, тавилгын худалдаа эрхэлдэг байгууллагууд 0.75 куб.м-ээс дээш хэмжээтэй бараа бүтээгдэхүүний сав баглаа боодлыг нэгтгэн цуглуулж, хог хаягдлын үйлчилгээний байгууллага эсхүл хоёрдогч түүхий эд худалдан авах төв, дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх;
5.1.12. Худалдаа, үйлчилгээний гадна хаяг нь хотын өнгө төрх, дизайны шийдэлд нийцсэн гэрэлтүүлэг, чимэглэлтэй, стандартын шаардлагад нийцсэн агуулга бүхий байх бөгөөд хаяг, цагийн хуваарийг Монгол хэл дээр, кирилл үсгээр бичиж, ил тод харагдахуйц газар байршуулсан байх;
5.1.13. Худалдаа, үйлчилгээний газрын ажиллагсад нь дүрэмт хувцас өмсөх ба энгэрийн тэмдэг зүүж, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан, мэргэжлийн байх;
5.1.14. Цахилгаан техникийн бараа, гэрэл зургийн хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, тавилга, цаг үнэт эдлэл зэрэг баталгаат засварын үйлчилгээ шаарддаг барааг худалдаалдаг газрууд нь баталгаат засварын үйлчилгээний дагалдах хуудас болон анхааруулах санамж бичиг, аюулгүй ашиглах заавар, тооцооны чекийг барааны хамт хэрэглэгчдэд дагалдуулж өгдөг байх;
5.1.15. Иргэдэд үзүүлж буй үйлчилгээ нь үйлчилгээний зэрэглэлтэй байж болох бөгөөд тухайн үйлчилгээний зэрэглэлийг чиг үүргийн дагуу хамаарч байгаа мэргэжлийн төрийн болон Төрийн бус байгууллагаар тогтоолгосон байх;
5.1.16. Болзошгүй гамшиг болон аюулт үзэгдэл ослын үед Нийслэлийн хүн амыг хоол хүнсээр хангах, хүнсний бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлж, эм хангамжийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд худалдаа, үйлчилгээний газрууд тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ ханган биелүүлэх
5.1.17. Мэргэжлийн ажилчдаа ур чадварын болон чадамжийн сургалтуудад тодорхой хугацаагаар хамруулж мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг, дэвийг ахиулсан мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээтэй чадавхитай баг бүрдүүлж ажиллах;
5.1.18. Зах зээлийн судалгааг тогтмол хийж, дүгнэн, үйлчлүүлэгчдийн эрэлт хүсэлтийг цаг тухайд нь барагдуулж, бүтээлчээр сэтгэж, үйлчилгээний шинэ дэвшилтэт чиг хандлагад нийцэж ажиллах;
5.1.19. “Хэрэглэгчийн булан”-тай байж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, зөвлөгөө өгдөг, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх ажилтны нэр, холбоо барих утас, бараа бүтээгдэхүүний орц, найрлага, онцлог шинж, танилцуулгыг ил тод байршуулсан байх;
5.1.20. Үйлчилгээний бүс, байршил, ажил үйлчилгээний онцлог, худалдаалж буй барааны нэр төрөл, чанарын талаарх зар сурталчилгааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд мэдээллийн төрөл бүрийн хэрэгсэл ашиглан хэрэглэгчдэд хүргэж ажиллах;
5.1.21. Бараа, ажил үйлчилгээнийхээ үнэ тарифыг ил тод байршуулсан байх
5.1.22. Стандартын шаардлага хангасан хүнсний зориулалтын цаасан болон даавуун уут, сав баглаа боодлыг худалдаа, үйлчилгээнд нэвтрүүлэх;
5.1.23. Эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байх ба ариун цэврийн өрөөгөөр иргэд, үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчлэх;
5.1.24.Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах /Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 дугаар тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт/
5.1.25. Худалдаа, үйлчилгээний байгууллагууд /их дэлгүүр, худалдааны төв, зоогийн газар, үзвэр, үйлчилгээний газрууд/-д хүүхдэд ээлтэй, гэр бүлийг дэмжсэн үйлчилгээг нэвтрүүлнэ:
5.1.25.1. Их дэлгүүр, худалдааны төв нь хүүхдэд зориулсан тасаг, ариун цэврийн өрөөнд хүүхдийн тэрэгтэй орох боломжтой байх
5.1.25.2. Худалдааны газруудын кассын цэгт хүүхдэд тохиромжгүй сэтгүүл зардаггүй байх, супермаркетэээс дээш ангилалд бага насны хүүхэдтэй эцэг, эх үйлчилгээ авахаар хүлээх хугацааг ашиглаж болох ширээ сандал бүхий тоглоом, номтой жижиг булантай байх
5.1.25.3. Зоогийн газрууд хүүхэд саатуулах булан буюу хүүхдийн амрах орчинтой байх, гэр бүлийн өрөөг тусгайлан тохижуулсан, хүүхдэд зориулсан хоолны цэстэй, хүүхдийн нас биений онцлогт тохирсон ширээ сандалтай байх;
5.1.26. Харьяа татварын албанд бүртгүүлж, тайлангаар ногдуулсан татвар, төлбөр, хураамжийг хуулинд заасан хугацаанд төлөх;
5.1.27. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд худалдаа, үйлчилгээний газрууд нь өвлийн улиралд сэргээгдэх эрчим хүчний бие даасан үүсгүүр, стандартын шаардлага хангасан хийн болон цахилгаан халаагуураар халаалтын асуудлыг шийдэх;
5.1.28. Шинээр үйл ажиллагаа эхлүүлж буй үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгүүлсэн байх;
5.1.29. Худалдаа, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохижилттой байх;
5.1.30. Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг бүрэн хариуцаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээ авч байх;
5.1.31. Худалдаа, үйлчилгээний барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдсан, үйлчилгээний зориулалттай, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байх;
5.1.32. Газрын эрхийн зөрчилгүй байж, газрын төлбөрөө гэрээний дагуу хугацаанд нь төлөх;
5.2. Худалдаа эрхлэгчдийн чиг үүрэг
5.2.1. Бөөний худалдааны төв бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчдад нийлүүлэхдээ уг барааны мэргэжлийн байгууллагаас олгосон дүгнэлт, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний сорилтын дүн, сертификатыг шаардлагатай тоо хэмжээгээр дагалдуулж өгөх;
5.2.2. Худалдааны төвийн лангуу хоорондын зай 1 м-ээс дээш байх, лангууг бүтээгдэхүүний нэр төрлөөр төрөлжүүлсэн байх;
5.2.3. Худалдааны төв, зах нь дотоодын хяналт тавих журамтай, итгэмжлэгдсэн лабораторитой, түүнийг хэрэгжүүлж, хяналт тавих мэргэжлийн ажилтантай байх; /Эрүүл ахуйн тухай хуулийн 13.1.9,13.1.10-д зааснаар 50-иас дээш ажиллагсадтай бол орон тооны, 50-иас доош ажиллагсадтай бол гэрээгээр эрүүл ахуйч ажиллуулах/
5.2.4. Зах, худалдааны төвийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулах бөгөөд хүнс, өргөн хэрэглээний бараа, мал, амьтны гаралтай түүхий эдийн төрөлжсөн зах, худалдааны төвүүд харъяа дүүргийн Засаг даргын тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэстэй гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах;
5.2.5. Хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг импортлогч, борлуулагч нь чанарын, аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, худалдаалах;
5.2.6. Худалдаа, үйлчилгээний байгууллагууд нь кассын машин болон холбогдох тоног төхөөрөмжийг байрлуулж, бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчдад сав, баглаа боодолтой өгөх ба үйлчилгээний талон, НӨТ-ийн баримтыг дагалдуулах;
5.2.7. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 126 дугаар тогтоолоор батлагдсан /Өрх бүрт шуудан/ хөтөлбөрийн хүрээнд супермаркетууд хэрэглэгчдэд зориулсан шуудангийн хайрцгуудыг байршуулсан байх;
5.2.8. Хэрэглэгчдэд зориулан хяналтын баталгаат жин хэмжүүр ажиллуулж, худалдан авсан бараа бүтээгдэхүүний жинг нягталж үзэх нөхцөл боломжийг бүрдүүлэх;
5.2.9. Сүүдрэвчтэй худалдаа эрхлэх байршил нь нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний гарц, авто зогсоолоос 50 метр зайд, дүүргийн Засаг даргын дэргэдэх Зөвлөлөөс батлагдсан байршилд, зориулалтаар тохижуулсан орчны болон үйлчилгээний эрүүл ахуйн шаардлага хангасан, бараа бүтээгдэхүүнийг хадгалах шаардлага хангасан төхөөрөмжтэй, худалдаа эрхлэгч иргэн нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байх;
5.3. Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн чиг үүрэг
5.3.1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад /ресторан, диско, караоке, биллъярд баар, кафе, цайны газар бусад/ тамхигүй орчныг бүрдүүлж ажиллах;
5.3.2. Хоолны газар нь үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, хөдөлмөр хамгаалал, техникийн болон галын аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, ариун цэврийн үндсэн шаардлагыг хангасан байх;
5.3.3. Хоолны газрын агаар сэлгэлтийн системийг гал тогоонд ялгаруулж буй хоолны үнэр, утаа, уурыг үйлчилгээний танхимд тархахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, бусад өрөө, тасалгааны талбайн хэмжээ онцлогоос хамаарч агаар сэлгэлтийн системийн хүчин чадлыг тооцож, суурилуулсан байх;
5.3.4. Хоол үйлдвэрлэлийн өрөөний шал, хана, таазыг ус нэвтэрдэггүй, бат бөх, тэгш гөлгөр гадаргуутай, өнгө үзэмж сайтай цэвэрлэхэд хялбар засаж сэлбэх боломжтой материалаар хийж, хортон шавьж, бичил биетэн үржихээс хамгаалсан байх;
5.3.5. Хоолны газрууд нь хүнсний түүхий эд, материал, хагас боловсруулсан болон түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын болон хөргүүртэй тээврийн хэрэгслээр тээвэрлэх;
5.3.6. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд нь хоол хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон улсад дагаж мөрддөг үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/, эрүүл ахуйн зохистой дадал /GHP/, аюулгүй дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо /HACCP/ нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;
5.3.7. Хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид нь хоолны орц, норм, технологи ажиллагааг чанд мөрдөн ажиллах; /Хоолны цэсэнд тухайн хоолыг үйлдвэрлэхэд орж буй бүтээгдэхүүний орц, жорын дугаар, гарц, хачир, сүмсний тайлбарыг бичсэн байна/
5.3.8. Олон улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа дараах зөвлөмжүүдийг хоолны газрын ажиллагсдад зориулан харагдахуйцаар байршуулсан байх;
А. Гар угаах санамж
Б. Хүнсний бараа бүтээгдэхүүн хадгалах нөхцөл
В. Аюулгүй ажиллагааны санамж
5.3.9. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийн ажлын зургийг Онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагаар хянуулж, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулна. Батлагдсан зураг төслийн дагуу угсралтын ажлыг гүйцэтгүүлж, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллах;
5.3.10. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад тоног төхөөрөмж, техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, аюулгүй ажиллагааг хангасан тухай Галын аюулгүй байдлын дүгнэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагаар гаргуулж, аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах;
5.3.11. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар, мах махан бүтээгдэхүүн, хиамны үйлдвэр, шарах, хайрах үйл ажиллагаа явуулдаг хүнсний үйлдвэр /боов, боорцог, чипс, шарсан төмс г.м/ “Бохир усан дахь өөх, тос баригч төхөөрөмж, техникийн ерөнхий шаардлага” MNS 5975:2009 стандартын шаардлага хангасан тос баригчийг суурилуулах;
5.3.12. Улирлын чанартай болон баяр наадмын үеэр ажиллах хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд нь үйлчлүүлэгчдэд зориулсан цэвэр, тохилог, зориулалтын сүүдрэвч, ширээ, сандалтай байх;
5.3.13. Ууц өвчүү, мах чанах үйлчилгээг зориулалтын гал тогоо бүхий хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад явуулах;
5.4. Бусад худалдаа, үйлчилгээ
5.4.1. Мал, амьтны гаралтай түүхий эдийг зориулалтын төрөлжсөн зах, биржид худалдаалах;
5.4.2. Түлш, мод, нүүрс, барилгын материал, элс, хайрга, цемент, шохой, чулууны худалдааг суурьшлын бүсээс гадна зориулалтаар тохижуулсан байршилд дүүргийн Зөвлөлийн шийдвэрээр эрхлэх;
5.4.3. Хоёрдогч түүхий эдийн чиглэлээр хөдөлмөр эрхлэх иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг мэргэжлийн холбоод бүртгэлжүүлж, мэдээллийн сан үүсгэн дүүргийн Зөвлөлтэй гэрээ байгуулан, зөвшөөрөгдсөн байршилд үйл ажиллагаа эрхлэх;
5.4.4. Хоёрдогч түүхий эд боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод нь Хог хаягдал ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх, боловсруулах талаарх сургалт сурталчилгааг дүүргийн Зөвлөлтэй хамтран зохион байгуулах;
5.4.5. Худалдаа үйлчилгээний газрууд нь архи, шар айраг, ундаа, рашаан, даршилсан ногоо, жимсний чанамал зэрэг шилэн савалгаатай бүтээгдэхүүний шилийг цуглуулан үйлдвэрүүдэд дамжуулан эргэлтэнд оруулах ажлыг зохион байгуулах;
5.4.6. Хүнсний бус бараа бүтээгдэхүүн худалдаалах зориулалттай худалдаа, үйлчилгээний газруудад холбогдох дүрэм, журмын шаардлагад нийцсэн байршилд шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөлтэй газраас нийлүүлэгдсэн шингэрүүлсэн шатдаг хий, хийн тоног төхөөрөмжийг худалдаалах төрөлжсөн тасгийг ажиллуулж, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулна. Шингэрүүлсэн шатдаг хий, хийн тоног төхөөрөмжийг худалдан авагчдад уг бараа бүтээгдэхүүний ашиглалт, аюулгүй ажиллагааны талаарх санамж, зааварчилгааг дагалдуулж өгөх;
5.4.7. Шингэрүүлсэн шатдаг хийтэй баллоныг хүлээж авахдаа хэрэглэгчийн дэвтэрт түүний дугаар, ашиглалтын хугацаа, баталгаат жин, олгосон огноог тогтмол тэмдэглэх;
5.5. Ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн нийтлэг чиг үүрэг:
5.5.1. Үзүүлж байгаа ажил, үйлчилгээний жагсаалт, тэдгээрийг гүйцэтгэх хугацаа, баталгаат хугацаа, үнэ, төлбөр төлөх журам, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ /цаашид “гэрээ” гэнэ/-ний загвар эцсийн бүтээгдэхүүний загвар, загварын зураг бүхий альбом, сэтгүүл, ажил, үйлчилгээнд үзүүлэх хөнгөлөлтийн жагсаалт, хөнгөлөлт үзүүлэх үйлчлүүлэгчийн төрөл, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллагын орон нутгийн салбарын хаяг, утас, үйл ажиллагааны аль нэг төрөлд тусгай зөвшөөрөл олгогдсон бол түүний дугаар, хүчинтэй байх хугацаа, олгосон байгууллага зэргийг үйлчлүүлэгчдэд ил тод мэдээлэх;
5.5.2. Үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоох тохиолдолд үйлчилгээгээ зогсоох, үргэлжлэх, эхлэх хугацааг үйлчлүүлэгчдэд тодорхой мэдээлэх;
5.5.3. Тогтсон байршлаасаа шилжиж өөр байршилд /түр байршил, явуулын үйлчилгээ, хөдөлгөөнт хүлээн авах цэг гэх мэт/ ажил, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд байгууллагынхаа болон үзүүлж байгаа ажил үйлчилгээнийхээ талаар тодорхой мэдээллийг ойлгомжтой, олж авч болохуйц хэлбэрээр, тухай бүрд нь үйлчлүүлэгчдэд хүргэх;
5.5.4. Ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ нь захиалгын хуудас буюу тасалбар хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд түүнд байгууллагын нэр, байршил, улсын бүртгэлийн регистрийн дугаар, үйлчилгээний төрөл, үнэ, ашиглах эд, материал нь гүйцэтгэгчийнх эсвэл үйлчлүүлэгчийнх аль нь болох, төлбөрийг бүрэн эсвэл урьдчилгаа төлсөн эсэх, захиалгыг хүлээн авсан, олгох болон баталгаат хугацаа, захиалга хүлээн авсан хүний албан тушаал, нэр, гарын үсэг, захиалга өгсөн хүний гарын үсэг зэргийг тодорхой тэмдэглэх;
5.5.5. Үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр төлбөртэй нэмэлт ажил, үйлчилгээ хийсэн тохиолдолд үйлчлүүлэгч нэмэлт төлбөрийг төлөхөөс татгалзах;
5.5.6. Ажил, үйлчилгээнд хэрэглэж байгаа эд, материалын онцлог чанарыг мэдэхгүйгээс учруулсан хохирлыг гүйцэтгэгч бүрэн хариуцах;
5.5.7. Ажил, үйлчилгээнд үйлчлүүлэгчийн хувийн материал, эд зүйлсийг хэрэглэх тохиолдолд түүний хадгалалт, ашиглалтыг гүйцэтгэгч бүрэн хариуцна. Ажил, үйлчилгээ бүрэн дууссаны дараа үйлчлүүлэгчид материалын зарцуулалтын талаар тайлагнаж үлдэгдэл материалыг өгөх буюу эсвэл үйлчлүүлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр ашиглаагүй үлдсэн материалын үнийг нийт төлбөрөөс хасаж хямдруулж тооцох;
5.5.8. Үйлчлүүлэгч нь гэрээнд заасан хугацаанд, захиалгат ажил, үйлчилгээний явц, үр дүнг гүйцэтгэгчийн оролцоотойгоор үзэх эрхтэй бөгөөд эцсийн үр дүнд муугаар нөлөөлөх буюу гэрээг зөрчсөн үйлдэл илэрсэн даруй гүйцэтгэгчид мэдэгдэж, уг зөрчлийн талаар акт эсвэл захиалгын бусад баримт бичигт тэмдэглэх;
5.5.9. Үйлчлүүлэгч ажил, үйлчилгээг хүлээн авсны дараа, захиалгат ажил, үйлчилгээг хүлээн авах үед ердийн аргаар илрүүлэх боломжгүй, гэрээг зөрчсөн, гүйцэтгэгч санаатайгаар нуун далдалсан зөрчлийг мэдсэн тохиолдолд энэ тухай нэн даруй гүйцэтгэгчид мэдэгдэх;
5.5.10. Захиалга гутал нь үйлчлүүлэгчийн зураглал эсвэл загварын зураг бүхий цомог, сэтгүүл болон бэлэн загварын дагуу хийгдэнэ. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр, гэрээнд тэмдэглэсний дагуу өсгийн загвар, тоноглол, өнгөний хоршил, материал зэргийг өөрчилж болно. Захиалгыг гүйцэтгэгчийн материалаар хийх тохиолдолд зөвхөн гүйцэтгэгчид бэлэн байгаа материалын загвараас сонгох;
5.5.11. Зөөлөн оёдлын болон үслэг, арьсан, нэхмэл, сүлжмэл эдлэл, малгай захиалга, засвар нь үйлчлүүлэгчийн зураглал эсвэл загварын зураг бүхий цомог, сэтгүүл болон бэлэн загварын дагуу хийгдэнэ. Амьтны гаралтай үслэг материалаар бүтээгдэхүүн хийх, засварлах тохиолдолд арьс болон хагас бэлэн бүтээгдэхүүнийг хоёр тал хамт үзэж шалган тэмдэглэх;
5.5.12. Хими цэвэрлэгээнд бүтээгдэхүүн хүлээн авахдаа гэрээнд бүтээгдэхүүний нэр, өнгө, материалын бүтэц, иж бүрдэл, тоноглол, хими цэвэрлэгээний үед арилах боломжгүй бохирдол, толбо, үйлчлүүлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр нэмж үзүүлэх төлбөрт үйлчилгээ зэргийг тодорхой тэмдэглэх;
5.5.13. Гүйцэтгэгч нь бүтээгдэхүүний худалдааны туузан дээрх арчилгааны тэмдэглэгээнүүдтэй нийцүүлэн, хэрэв ийм тууз байхгүй бол үйлчлүүлэгчтэй тохиролцон ажилбарын төрлийг тодорхойлох ба цэвэрлэгээний явцад эвдэрч болзошгүй тоноглолыг ханзлан авч, салдаг эд ангиудыг бүтээгдэхүүнд бөхлөх;
5.5.14. Үйлчлүүлэгч нь хими цэвэрлэгээгээр цэвэрлүүлсэн бүтээгдэхүүнээ хүлээн авахдаа, хэлбэр, оруулга, бүрэн бүтэн байдал, хэмжээ, өнгө, зураг зэрэг нь цэвэрлэгээнд өгөхийн өмнөх байдлаа хадгалж байгаа эсэхийг нарийн шалгаж авах;
5.5.15. Гүйцэтгэгч нь засварласан ахуйн электрон. цахилгаан хэрэгслийг үйлчлүүлэгчид буцааж олгохдоо бүрэн ажиллагаатай эсэхийг нь шалгаж, ажиллуулж үзүүлнэ. Засварлуулсан хэрэгслийн залгах, салгах үйлдэл нь гацахгүй, хөнгөн хялбар хийгдэх ба цахилгаанаар ажилладаг хэрэгслийн цахилгаан тусгаарлагчийн эсэргүүцлийн зайлшгүй байх хэмжээг заавал шалгах;
5.5.16. Гэр ахуйн модон эдлэлийг засварлах, захиалгаар хийлгэх үед үйлчлүүлэгч өөрийн хийсэн зураглалыг санал болгох эсвэл гүйцэтгэгчийн загварыг ашиглах эрхтэй ба хүлээн авахдаа үйлчлүүлэгч нь бүтээгдэхүүний бүтээц, хэмжээ, гадаад байдал, өнгөлгөө, засал чимэглэл нь гэрээний үед зөвшилцсөн зураглалтай тохирч байгаа эсэхийг шалгах;
5.5.17. Үнэт чулуу, металлаар гоёлын эд зүйл хийх засварлах гэрээнд ажлын тайлбар, үнэт чулууны хэлбэр, хэмжээ, хүндийн жин, өнгө, гэмтлийг бичиж, үйлчлүүлэгчийн гарын үсэг бүхий эскизийг хавсаргах;
5.5.18. Гүйцэтгэгч нь үйлчлүүлэгчийн хувийн үнэт металлаар гоёлын эд зүйл хийх, засварлах ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд сорьцийг нь эрх бүхий байгууллагаар тодорхойлуулж эцсийн бүтээгдэхүүн дээр тавьсан байна. Мөн үнэт металлаар бүтээгдэхүүн хийх үед гүйцэтгэгч нь өөрийн тэмдэг, дардсыг бүтээгдэхүүн дээр тавих;
5.5.19. Гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг дутуу хийсэн тохиолдолд ямар нэгэн төлбөргүйгээр дутуу ажлыг гүйцээж хийх, хийгээгүй ажлын хэмжээгээр үнийг бууруулах, ажил, үйлчилгээг ижил чанартай, ижил төрлийн материалаар төлбөргүйгээр нөхөж хийх /энэ тохиолдолд үйлчлүүлэгч эхний бүтээгдэхүүнийг гүйцэтгэгчид эргүүлж өгөх үүрэгтэй/ шаардлагыг үйлчлүүлэгч тавих;
5.6. Авто техникийн засвар, үйлчилгээ эрхлэгчдийн нийтлэг чиг үүрэг
5.6.1. Авто техникийн засвар, үйлчилгээ, авто сэлбэг, ашиглалтын материалаар хангах үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүд өөрийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, стандарт, нийслэлийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас гаргасан шийдвэрийг чанд биелүүлж, хотын байгаль орчин, тохижилт, соёлжилтод онцгой анхаарч, ажиллах;

5.6.2. Ажлын байрандаа холбогдох эрх бүхий байгууллагуудаар дүгнэлт, шинжилгээ /Онцгой байдлын газрын галын аюулгүй байдлын дүгнэлт, автомашин угаалгын газар нь Ус Сувгийн удирдах газраас шинжилгээ/ хийлгэн баталгаажуулан Нийслэлийн Тээврийн газраар ангиллаа тогтоолгон, тухайн дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэстэй гэрээ байгуулан ажиллах;

5.6.3. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын дагуу Байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээ хийлгэсэн байх;
5.6.4. Авто үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн барилга байгууламжийн агааржуулалт, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байхаас гадна мэргэжлийн байгууллагаар шалгуулж, баталгаажуулсан байх;
5.6.5 Авто машины угаалгын газар нь үйлчилгээнээс гарч байгаа бохир усыг тунгааж, цэвэрлэж зайлуулах /нефтийн бүтээгдэхүүн болон бусад хорт бодисоор бохирдсон усыг татуургын системд оруулахдаа зориулалтын шүүлтүүр бүхий төхөөрөмжөөр цэвэрлэнэ/ тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Авто машиныг угаах ажил үйлчилгээнээс гарч байгаа бохир усыг тунгааж, цэвэрлэж зайлуулах /нефтийн бүтээгдэхүүн болон бусад хорт бодисоор бохирдсон усыг татуургын системд оруулахдаа зориулалтын шүүлтүүр бүхий төхөөрөмжөөр цэвэрлэнэ/ тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон байх;
5.6.6. Авто засвар, угаалга, тос тосолгооны материал борлуулах цэгүүд нь оноосон нэртэй байх бөгөөд тэдгээр нь давхардахгүй байх;
5.6.7. Авто үйчилгээний газар нь технологийн карт болон ажил үйлчилгээнд үндэслэлтэй тогтоосон үнийн тарифыг ил тод нийтэд харагдахуйц газарт байрлуулсан байх;
5.6.8. Авто үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж нь /автомашин угаалгаас бусад/ үйлчлүүлэгчид үзүүлсэн ажил үйлчилгээндээ тохирсон хугацаанд Баталгаат хугацааны хуудас болон анхааруулах санамж бичгийг заавал олгодог байх;
5.6.9. Авто зогсоол /техникийн хадгалалт/-ын үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж нь барилга байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл БНбд 21-04-05 норм дүрмийн дагуу барилга байгууламжид галын дохиоллын системийг мэргэжлийн байгууллагаар сууриллуулж, удирдлагын самбарыг байнгын харуул хамгаалалтын ажилтан, жижүүр байрладаг өрөөнд төлөвлөсөн байх;
5.6.10. Авто зогсоолд /техникийн хадгалалтын үйлчилгээ/ тээврийн хэрэгслийг байрлуулахдаа заавал бүртгэл хөтөлж ажил хүлээлцэх;
5.6.11. Барилга байгууламжийн галын аюулгүй байдал БНбд 21-01 -02 норм дүрмийн 6.22 дахь заалтын дагуу үйл ажиллагаа явуулж буй барилга байгууламжийн үйлчилгээний заал болон авралтын гарцан дээр ослын гэрлийг сууриллуулах;
5.6.12. Галын техник. Зөөврийн гал унтраагуур. Туршилтын аргачлал MNS 6413:2013 стандартын дагуу шаардлага хангасан гал унтраагуурыг байрлуулж, галын аюулгүй байдлыг хангуулах;
5.6.13. Автозогсоол. Ангилал ба ерөнхий шаардлага MNS 5342:2007 стандартын дагуу авто тээврийн хэрэгслийг зогсоолд байрлуулахдаа автомашин хоорондын болон автомашинаас барилга байгууламжийн хана, багана хүртэлх зай хэмжээг баримтлах, барилгын хийц, бүтээц, материал зэрэг нь барилга байгууламжид тавигдах барилга угсралтын ажил, галын аюулгүй ажиллагааны талаарх норм, дүрэм, стандартын шаардлагыг хангасан байх;
ЗУРГАА. ХОРИГЛОХ ЗААЛТ
6.1. Нийслэл, дүүргийн мэдээллийн санд бүртгүүлээгүй тохиолдолд худалдаа, үйлчилгээ эрхлэх;
6.2.Дүүргээс зөвшөөрөгдсөн цэгээс бусад болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай хүнсний болон барааны худалдаа /жимс, ногоо, шорлог, төрөл бүрийн машинт болон чингэлгийн худалдаа, бусад, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;
6.3. Худалдаа, үйлчилгээний стандартын шаардлага хангахгүй ажил, үйлчилгээ эрхлэх;
6.4. Стандарт эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй, цэвэр бохир усны төвлөрсөн болон хэсгийн холболтонд холбогдоогүй, ханан пийшингээр халаадаг байранд хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл явуулах /ТҮЦ, павильон, бусад зориулалтын бус газрууд/;
6.5. Хүнсний дэлгүүр, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний танхимд төлбөртэй тоглоом, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, эмийн сан /хүнсний дэлгүүрээс дээш ангилалд хамаарахгүй/, кино прокатын үйлчилгээ, хими цэвэрлэгээ, фото зураг угааж боловсруулах, хувцас захиалга, засвар, түлхүүр олшруулах чиглэлээр талбай түрээслэх, зуух, ханан пийшин байрлуулан галлах;
6.6. Нийтийн эзэмшлийн орон сууцны нэг болон суурийн давхарт зориулалтын бус байр, байгууламжинд диско, караоке, билльярд, баар зэрэг иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах ажил үйлчилгээ шинээр нээж ажиллуулах;
6.7. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зориулалтын бус ажлын байранд /сүүдрэвч, ТҮЦ, павильон/ айраг худалдаалах, ууц, өвчүү, мах чанах, шорлог хийх, загас шарах, хуушуур хайрах зэрэг нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээ явуулах;
6.8.Сүү, сүүн бүтээгдэхүүн, айраг болон түүхий мах, махан бүтээгдэхүүн, самар, жимс жимсгэнэ, болон бусад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай худалдаалах;
6.9.Нийтийн зориулалттай орон сууцанд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, чанар аюулгүй байдлын норм зөрчсөн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх; Үүнд:
• химийн хорт бодистой харьцах хурц үнэртэй, тэсэрч дэлбэрэх, галд амархан шатдаг материал хадгалах, худалдах
• арьс шир, түүхий эд хүлээн авах, хадгалах, худалдах
• комиссын худалдаа,
• хими, цэвэрлэгээ, саун, халуун ус, угаалгын газар,
• алт мөнгөний дархны үйлчилгээ
• хиншүү гаргах хүнс, хоол үйлдвэрлэл
6.10.Нийтийн эзэмшлийн орон сууцны нэгдүгээр давхарт жижиг мал амьтны эмнэлэг, дэлгүүр ажиллуулах;
6.11.Барилгын суурийн давхарт шингэрүүлсэн шатдаг хий, хийн тоног төхөөрөмж суурилуулах, тэдгээрийг ашиглах, хадгалах, худалдаалах;
6.12 Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, түүнчлэн хуурамч болон шошгод тавих шаардлага хангаагүй, чанарын баталгаагүй бараа бүтээгдэхүүн худалдаалах;
6.13.Худалдаа, үйлчилгээний газруудад зориулалтын бус лангуугаар хадгалалтын хугацаа богино, түргэн гэмтэж муудах, хагас боловсруулсан бүтээгдэхүүн /төрөл бүрийн салат, хуушуур, бялуу, чанасан өндөг гэх мэт/ худалдах;.
6.14. Худалдааны газруудад кассын дэргэд тамхи худалдах;
6.15. Худалдааны газарт тамхины төрөл бүрийн урамшуулалт худалдаа зохион байгуулах;
6.16. Нийтийн хоолны бүх төрлийн үйлчилгээний газруудад тамхи худалдах;
6.17. Худалдааны газрууд 21 нас хүрээгүй хүнд тамхи, согтууруулах ундаа, хийн газ худалдахыг хориглох; /Шаардлагатай тохиолдолд худалдан авагчийн насыг тодорхойлох зорилгоор иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтыг шалгах/
6.18. Түлш, мод, нүүрсийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон хүнсний худалдаа эрхэлдэг зааланд худалдаалах;
6.19. Зах, худалдааны төвүүдэд зөвшөөрөгдсөн стандартын /MNS 5216:2016/ зуухнаас бусад ахуйн хэрэглээний зуух худалдан борлуулах;
6.20. Жижиглэнгээр савласан шингэрүүлсэн шатдаг хий, хийн тоног төхөөрөмжийг хүнсний бараа бүтээгдэхүүнтэй хамт хадгалах, худалдаалах;
6.21. Шингэрүүлсэн шатдаг хий, хийн тоног төхөөрөмж нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд хэрэглэгч нартай гэрээ хийсэн байх ба ашиглалтын шаардлага хангахгүй хийн баллон, тоног төхөөрөмжөөр хангах;
6.22. Гадна орчны тохижилт гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл, автомашины зогсоолгүй, инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй газруудад Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргах;
6.23. Дүүргийн Засаг даргын дэргэдэх “Зөвлөл”-өөс зөвшөөрөгдөөгүй байршилд улирлын чанартай сүүдрэвчтэй худалдаа үйлчилгээ, хоёрдогч түүхий эд хүлээн авах үйлчилгээ явуулах;
6.24. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд автомашин угаах, засварлах, хийн болон цахилгаан гагнуур хийх, шатах тослох материалын худалдаа үйлчилгээ эрхлэх;
6.25. Зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт автотехникийн засвар, машин техник, бохир зүйл угаах, эд анги, тос, тосолгооны материалыг ил задгай хаях, асгах, түүгээр худалдаа, үйлчилгээ эрхлэх;
6.26. Нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчинд хог хаягдлыг ил задгай хаях, шатаах;
6.27. Авто засвар, үйлчилгээний газарт ажилласан масло, дугуй гэх мэт хог хаягдал шатаах;
6.28. Автомашин угаалгын үйлчилгээг ил задгай явуулах; ыг хориглох бөгөөд автомашин угаалгад саарал ус хэрэглэх.
6.29. Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд ил задгай худалдаа, үйлчилгээ явуулах;
ДОЛОО. ХЯНАЛТ
7.1. Худалдаа, үйлчилгээнд Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Зөвлөл” хяналт тавина.
7.2. Худалдаа, үйлчилгээний талаарх мэдээлэл, гомдол саналыг Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны салбар хариуцсан мэргэжилтэн, дүүрэг, хорооны Засаг дарга нар эрх мэдлийнхээ хүрээнд шат шатандаа хүлээн авч тухай бүр шийдвэрлэж байна.
НАЙМ. ХАРИУЦЛАГА
8.1. Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
8.2. Үйл ажиллагаандаа үйлчилгээний соёл, зан харьцааны доголдол гаргаж хэрэглэгчийг хохироосон нь тогтоогдвол тухайн аж ахуйн нэгжийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, сэрэмжлүүлэх арга хэмжээг авна.
8.3. Холбогдох хууль тогтоомж, стандарт, энэхүү журмын заалтуудыг давтан зөрчсөн, иргэдийн эрх ашгийг ноцтой хохироосон нь тогтоогдсон нөхцөлд Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох эрх бүхий байгууллагаас зөрчил гаргасан аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг зогсоох талаарх саналыг үндэслэн аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагааг зах зээлд зарлах, бүрэн зогсоох арга хэмжээ авна.
8.4. Үйл ажиллагааг нь бүрмөсөн зогсоосон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан сэрэмжлүүлнэ.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА
ХҮНС, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС