Дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, төгөлийн ажлыг дэмжиж Кorean air төслийн менежерийг урамшууллаа.

2004 оноос Нийслэлийн Багануур дүүрэгт Кореан Эйрийн төгөл байгуулах ажлыг Дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яамны Ойн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, Кореан Эйрийн төлөөлөгчийн газрын дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр одоогийн төгөлийн газар сонголтыг хийж байсан. Кореан Эйр компани Монгол улс, БНСУ хоорондын найрамдалт хамтын ажиллагааг улам өргөжүүлэн нэмэгдүүлэх, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг байгаль дэлхийгээ хайрлаж нөхөн сэргээх, жилээс жилд нэмэгдэж байгаа цөлжилтийг сааруулах, иргэдийн оролцоотой ойн төгөл, уурхайн тоосжилтоос хамгаалах ногоон бүс байгуулах зорилготойгоор 13 дахь жилдээ хамтран ажиллаж байна.2004 оноос 2012 он хүртэл ойжуулалтын талбайн арчилгааны ажлыг “Ногоон Ази” төрийн бус байгууллага гүйцэтгэж байсан бөгөөд 2013 оноос хийсэн шинэ ойжуулалтыг компани өөрөө ойжуулалт, усалгаа, арчилгааг хийж эхэлсэн. Корэйн-Айр нислэгийн компани нь сүүлийн жилүүдэд дүүргийн ажилгүй 60-70 иргэдийг түр ажлын байраар ханган ажиллаж байна. Жил болгон 10,000 модыг шинээр тарих буюу нөхөн тарилт хийн ажиллаж байна. Энэхүү төгөл нь нийт 44 га газарт 80,000 гаруй модтой ургалтын хувь 80-90%-тай ургаж байна. Багануур дүүргийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд мөн ЕБ-ын 3 сургуульд нийтдээ таван удаа мэдээлэлзүйн кабинетийг бүрэн тохижуулж өгсөн байна. Энэ хичээлийн жилийн хувьд Д.Нацагдоржийн нэрэмжит Гүн Галуутай Цогцолбор Сургуульд 30 ширхэг компьютер ширээ сандал, биеийн тамирын хэрэгслийг хүлээлгэн өгсөн. Мөн дүүргийн 5 хороонд иж бүрэн компьютер өгсөн байна. Дээрх ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж ирсэн Korean air төслийн менежер, ой зүйч, ойн судлалын докторант Д.Өлзийжаргалыг Байгаль орчин аялал жуулчлалын Яамны ЖУУХ БИЧИГ-ээр шагнасныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баттүшиг гардуулан өглөө. Дүүргийн Төр захиргаатай хамтран цаашид Корейн эйр иж бүрэн тохижилтын ажилд хөрөнгө оруулалт хийх, нэг хүнд ноогдох ногоон байгууламжийг нэмэгдүүлэн бичил цэцэрлэг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Leave a Reply