Багануур дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл байдлыг шалгалаа.

hicheeliin shine jil neelt

2013-2014 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилгын засвар үйлчилгээний чанар, багшлах боловсон хүчин, ном сурах бичгийн хангамжийн байдалд НМХГ-ын дэд даргын баталсан удирдамжийн дагуу 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс ажлын 7 хоногт багтаан шалгалтыг хийж танилцуулга, үр дүнг НМХГ, Багануур дүүргийн Засаг дарга, Боловсролын хэлтэст хүргүүлсэн.

Шалгалтанд:

1. Багануур дүүргийн Боловсролын хэлтэс

2. “Боловсрол”, “Гүн галуутай” цогцолбор сургууль

3. 131, 132, 138, 139, 142 дугаар цэцэрлэгүүдийг 100% хамрууллаа.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал: Төрийн өмчийн сургуулиудын сургалтын тоног төхөөрөмж /ширээ, сандал/ стандартын шаардлагад нийцэхгүй, 6 настай хүүхдийн анги нь тоглоом наадгайгаар хангагдаагүй, ариутгал халдваргүйтгэлийн бодисын нөөц хангалтгүй, халдваргүйтгэл, шавьжгүйтгэл хийгдээгүй, ариун цэврийн үйлчилгээнд зарцуулах зардлыг төсөвлөдөггүйгээс бусад материалын зардлаас дунджаар сард 100-150.0 мянган төгрөгийг зарцуулдаг нь хүрэлцдэггүй, багш нар оройтож орсоноос хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил  хангагдаагүй, урсгал засварын ажил удааширсан төлөвтэй, хоол үйлдвэрлэлийн газруудад хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг хүлээн авах, хадгалах, тээвэрлэх ажиллагаа бүрд мөрдөж ажиллах журам болон хүнсний бүтээгдэхүүнээ буцаан татан авах журмыг боловсруулаагүй  зэрэг зөрчил дутагдлууд илэрлээ.

Дүүргийн сургууль, цэцэрлэгүүдийн инженерийн шугам сүлжээ хуучирч элэгдсэн байна.

Сургуулийн хичээлийн байрнууд нь 30 гаруй жилийн хугацаанд  сантехникийн их засвар хийгдээгүйн улмаас сантехникийн шугам элэгдэлд орж маш их цооролт үүсч гагнуур авахгүйгээс тухайлбал “Гүн галуутай” цогцолбор сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны дотор халуун усны шугамыг тасалсанаас 54 тосгуурын 25 тосгуур хэрэглээний халуун ус таслагдсан.

131-р цэцэрлэг нь  байгуулагдсанаас хойш 35 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж ирсэн ба энэ хугацаанд нэг ч удаа их засвар хийгдээгүйн улмаас барилгын суулт үүсч, хаяавч эвдэрсэн, дотор сантехникийн шугамууд нь нимгэрч цоорон, халуун ус алдах зэргээр хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангахгүй болоод байна.

Дээрх асуудлыг удаа дараа холбогдох газруудад тавьж албан бичиг хүргүүлсэн ч шийдвэрлэгдэхгүй хэвээр байна.

132-р цэцэрлэгийн 2-р хорооны салбар бүлгийн барилгын ашиглалтын байдалд холбогдох улсын байцаагч нар хяналт шалгалт хийж, барилга нь сургалт хүмүүжлийн байгууллагын барилгын норм, дүрмийн шаардлага хангахгүй байгаа талаар Багануур дүүргийн Мэргэжлийн Хяналтын хэлтсийн даргын 2013.04.13-ны өдрийн 29-60 дугаартай албан тоот бүхий хяналт шалгалтын танилцуулга гарган хүргүүлсэн боловч барилгын асуудал шийдэгдээгүйгээс үйл ажиллагаа явуулсан хэвээр байна.

Мөн төрийн өмчийн сургуулиудын нэгдсэн агааржуулах тоног төхөөрөмж эвдэрч тоногдсоноос  /мотор/ шалтгаалан  төрийн өмчийн 2 сургуулийн тусгай тоноглогдсон кабинетуудын агаар сэлгэх, татах систем нь  хэвийн ажиллагаа алдагдсан нь сургалтын орчны эрүүл ахуйн шаардлага хангахгүй  байна.

Шалгалтын явцад  сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, цэвэрлэгээ үйлчилгээ бүрэн дуусмагц холбогдох мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэх, ариутгалын бодисын нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг анхааруулж, дахин гүйцэтгэлийн хяналт хийхээр шийдвэрлээд байна. Барилга байгууламжийн ашиглалтын байдалд  2 цэцэрлэгт улсын байцаагчийн албан шаардлага үйлдэн хүргүүлсэн. Нийт шалгагдсан газруудад улсын байцаагчийн зөвлөмж бэлтгэн хүргүүлсэн.

Дүгнэлт: 1. Дүүргийн хэмжээнд боловсролын байгууллагуудад Нийслэлийн санхүүжилтээр нийтдээ 450.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар үр дүнтэй ажлууд хийгдсэн байна. Ажлын гүйцэтгэл 2013.08.25-ны байдлаар 87%-тай явагдаж байна.

              Сургуулиуд нь урсгал засварын ажилд байгууллагын төсвөөс нийтдээ 8 сая 293.6 мянган төгрөгийг тус тус зарцуулан хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангаж, хичээлийг цаг хугацаанд нь орох боломжийг бүрдүүлсэн байна.

2.Сургууль, цэцэрлэгүүд нь урьд жилүүдтэй харьцуулахад их засвар болон урсгал засварт зарцуулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж,  барилгын талаас зөрчилтэй байсан сургууль, цэцэрлэгүүдэд засвар үйлчилгээ хийх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ололттой талууд байгаа боловч  инжинерийн шугам сүлжээний элэгдлээс шалтгаалан хэвийн ажиллагаа алдагдаж, цаашид доголдох хандлагатай байгаа ба тэдгээрийг шийдвэрлэхэд хөрөнгө санхүүгийн  эх үүсвэр  шаардлагатай байна.

3.Тус дүүргийн сургууль цэцэрлэгүүд нь  хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан  байрны эрүүл ахуйн нөхцлийг сайжруулахад анхаарч урсгал болон их засварын ажлыг чанарын шаардлагын түвшинд гүйцэтгэн бэлтгэл ажлыг хангасан,  эдэлбэр газрын тохижилт, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг хангуулах талаар  тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн боловч ариутгал халдваргүйтгэлийн бодисын нөөц хангалтгүй, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй, сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн дутагдалтай байна.