“Дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайд худалдаа үйлчилгээ явуулах үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг шинэчилэн боловсруулж хуралдаанаар хэлэлцүүллээ.

ДҮҮРГИЙН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙД ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайд тухайн цаг үеийн онцлогтой уялдуулан богино хугацаагаар худалдаа үйлчилгээ явуулах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.2 Энэхүү журмыг дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд үйл ажиллагаа, үйлчилгээ түр явуулах аж ахуйн нэгж, байгууллага, иргэд дагаж мөрдөнө.
1.3 Худалдаа үйлчилгээнд ашиглуулах нийтийн эзэмшлийн зам талбай нь
1.3.1 Д.Нацагдоржийн нэрэмжит төв талбай
1.3.2 Наадмын талбай
1.3.3 Эрүүл мэндийн төвийн урд талбай
1.4 Энэ журмын 1.3.2-д заасан талбайд
1.4.1 Дүүргийн наадмын талбай
1.4.2 Морь барианы талбай орно
Хоёр. Худалдаа үйлчилгээний зориулалтаар
нийтийн эзэмшлийн зам талбайг ашиглуулах
2.1 Төр захиргааны зөвшөөрлөөр түр үйлчилгээг зохион байгуулахдаа 7 хоногийн өмнө олон нийтэд мэдээлж худалдаа үйлчилгээ гаргах хүсэлт гаргасан ААНБ иргэдтэй Дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс гэрээ байгуулан гэрээнд заасны дагуу үйлчилгээний бэлтгэлийг хангуулна.
2.2 “Нийтийн эзэмшлийн талбайг ашиглуулсаны төлбөр”-ийг үйлчилгээ явуулах нэг байршил буюу 6 м2 хүртэлх талбайд 1 өдрийн төлбөрийн хураамжийг дараахь үнэлгээгээр тогтоож дүүргийн төсвийн орлогод төвлөрүүлнэ.
2.2.1 Эх үрсийн баяр, Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр үзэсгэлэн худалдаа гаргах хүсэлттэй ААНБ, иргэд Д.Нацагдоржийн нэрэмжит төв талбайд 3000-5000 төг, наадмын талбайд 10000 төгрөгийн төлбөр хураамжийг төлнө.
2.2.2 Баяр наадмын үеэр морь барианы газарт хоол үйлдвэрлэл явуулахад байршлаас хамаарч 15000-25000 төг-ийн төлбөр хураамж төлнө.
2.2.3 Уг журмын 1.3.1, 1.3.3 байршилд автомашин бусад техник технологи, худалдаа үйлчилгээ, лизинг, яармаг худалдаа гаргахад 25000 төгрөгийн төлбөр хураамж төлнө.
2.2.4 “Намрын ногоо өдрүүд үзэсгэлэн худалдаа”-ны үеэр Нийгмийн эрүүл мэндийн төвийн урд талбайд импортын болон бусад орон нутагт тариалсан хүнсний ногоо худалдаалах хүсэлт гаргасан ААНБ, иргэн 5000 төгрөг, Багануур дүүрэгт тариалсан хүнсний ногоо худалдаалах ААНБ, иргэн 500 төгрөгийн төлбөр хураамж төлнө.
2.2.5 Ашгийн төлөө ажилладаг хувийн компани, аж ахуйн нэгжүүд Д.Нацагдоржийн нэрэмжит төв талбайд бизнесийн үйл ажиллагаагаа сурталчилахад 50000 төгрөгийн төлбөр хураамж төлнө.
Гурав. Нийтийн эзэмшлийн талбайд худалдаа
үйлчилгээ эрхлэгчдийн хүлээх үүрэг
3.1 Үйлчилгээ эрхлэгчид нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж стандарт дүүргийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг чанд биелүүлнэ.
3.2 Зөвшөөрөгдсөн цэгт өнгө үзэмж сайтай зориулалтын саравчтай, үйлчилгээнд зориулсан нэг удаа хэрэглэх сав, баглаа боодлыг нөөцөлсөн, зориулалтын хог хаягдал хийх тагтай савтай, ижил загварын хувцас, хэрэгсэл, нэр бүхий энгэрийн тэмдэгтэй, хаяг, лого, худалдах бүтээгдэхүүний мэдээлэл, үнийн шошго, тайлбар хийсэн байх, баталгаатай жин хэмжүүр ашиглах.
3.3 Үйлчилгээ гаргагч нь хэрэв хүнсний бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд худалдаалах бол хүнсний бараа бүтээгдэхүүн болон түүхий эдийг НМХГ-ын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн лабораторийн шинжилгээнд оруулан улсын байцаагчын дүгнэлт гаргуулсан байх бөгөөд үйлчилгээ хоол үйлдвэрлэл хариуцсан ажилтан эрүүл мэндийн үзлэг шижилгээнд хамрагдсан байна.
3.4 Гэр барьж хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид нь хоолны орц, норм, технологи ажиллагааг чанд мөрдөн хоолны дээж сорьцыг заавар журмын дагуу бүрэн авч хадгалан тэмдэглэл хөтөлж, сав суулга бандан, аяга халбага тоног төхөөрөмжийг угааж ариутган халдваргүйжүүлэх, мөн хийн баллон бүхий тоног төхөөрөмжийг ашиглахдаа мэргэжлийн байгууллагаас аюулгүй ажиллагааны талаар заавар зөвлөмжийг авсан байх.
3.5 Худалдаа үйлчилгээ явуулах иргэн, аж ахуйн нэгжүүд нь нийтийн эзэмшлийн талбайн эд хөрөнгийг хайрлан хамгаалж, ашиглах хугацаанд гарсан эвдрэл гэмтлийг засч хүлээлгэн өгнө.
Дөрөв. Хориглох зүйл:
4.1 Уг журмын 1.3.1, 1.3.2, 1.3.3-д заасан байршилд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс өгсөн зөвшөөрлөөс гадна бусад нийтийн эзэмшлийн зам талбай, гудамж, орон сууцны хороолол дотор гар дээрээс, машин чингэлгээс, ил задгайгаар түр болон байнга худалдаа үйлчилгээ эрхлэхийг хориглоно.
4.2 Хадгалалтын хугацаа дууссан чанарын баталгаагүй бараа бүтээгдэхүүн худалдаалах чанаргүй бараа бүтээгдэхүүний сугалаат худалдаа үйлчилгээ болон хонжих зорилго бүхий тоглоомын үйлчилгээ явуулахыг хориглоно.
4.3 Хүүхдийн эрх ашгийг хөндсөн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх чанар аюулгүй байдал нь баталгаажаагүй бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахыг хориглоно.
4.4 Нийтийн эзэмшлийн гудамж талбайд амьд мал, амьтан түүхий эд худалдах, худалдан авахыг хориглоно.
4.5 Галын аюулаас сэрэмжлэх үүднээс гэр /асар/-ийг хооронд нь 5 метрээс дотогш зайд байрлуулахыг хориглоно.
Тав. Хяналт тавих
5.1 Уг журмын хэрэгжилтэнд Хороодын Засаг дарга, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд хяналт тавьж ажиллана.
5.2 Худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААНБ, компани нь өөрийн үйлчилгээний барилга байгууламжийн гадна /хашааны дотор болон гадна/ ил задгай худалдаа үйлчилгээ гаргуулахгүй байх үүрэг хариуцлагыг хүлээж хяналт тавьж ажиллана.
Зургаа. Хүлээлгэх хариуцлага.
6.1 Энэхүү журмыг зөрчсөн ААНБ, иргэнд Монгол Улсын “Зөрчлийн тухай” хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу холбогдох эрх бүхий албан тушаалтан хариуцлага хүлээлгэнэ.

Leave a Reply