Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо

Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд ЗДТГ-ын дарга П.Баттүшиг өнгөрсөн 14 хоногт дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан.

Дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн МУ-ын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах талаар Нийслэлийн сонгуулийн хорооны тогтоолыг уншиж танилцуулсан. МУ-ын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулах Багануур дүүргийн сонгуулийн хорооны даргаар П.Баттүшиг, нарийн бичгийн дарга Б.Балжинням, гишүүдэд Ц.Гэрэлцэцэг, Д.Цэрэннадмид, Б.Эрдэнэчимэг, Б.Оюунчимэг, О.Буянхишиг, Ё.Нармандах, О.Баасанчулуун нар ажиллах юм.

Багануур дүүрэг дэх МХХэлтэс өнгөрсөн 14 хоногт хяналт -43, шалгалт -13 хийж  35 зөрчил илрүүлэн  24 иргэнд 1160000 төгрөгийн торгууль оногдуулсан байна. Мөн Цагдаагийн хэлтэст 189 гомдол мэдээлэл хүлээн авч ажилласан бөгөөд нийт дуудлагын 26,2 хувь нь 1 дүгээр хороо, 25,2 хувь нь 3 дугаар хороо, 22,7 хувь нь 5 дугаар хороог тус тус эзэлж байна.

Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн дарга Р.Өнөржаргал: “2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг дуустал дүүргийн хэмжээнд 4246 тэтгэврийн хувийн хэрэг шалгаж, 104 өргөдөлд хариу өглөө. ТТОША-ны хүрээнд шалгагдаж тогтоогдсон 18 тэтгэвэр авагчийн 6,1 сая, өргөдлөөр шалгуулсан 3 тэтгэвэр авагчид 0,9 сая төгрөг нийт 21 тэтгэвэр авагчид 7,0 сая төгрөг нөхөж олгох, 9 тэтгэвэр авагчид илүү олгосон 63,5 сая төгрөгийг санд эргүүлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ. “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг бүрэн цахимжуулах аян” 2017 оны 05-р сарын 01-ний өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд хэрэгжинэ. 1995-2005 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан НД8, шимтгэлийн тооцооны хуудас НД7-г нийгмийн даатгалын мэдээллийн санд бүрэн оруулах зорилготой ажиллаж байна. Мөн элэгний “С” вирусын эмэнд 137,0 сая төгрөг дүүрэгт зарцуулахаас 61 хүнд 12,8 сая төгрөг зарцуулаад байна. Ухаа булаг ХХК, 0-5 насны 647 хүүхдийн эмийн үнийн 4,4 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олголоо” гэлээ.

Дүүргийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны гүйцэтгэл 1-р улирлын байдлаар 34.8 хувьтай үнэлэгдсэн талаар ЗДТГ-ын ТЗУХэлтсээс мэдээллээ.

Төлөвлөгөөт мэдээлэл хийгдсэний дараагаар дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир удирдлагуудад ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг болгосноор шуурхай хуралдаан өндөрлөлөө.