Нэмэгдсэн єртгийн албан татварын тухай тїгээмэл асуулт, хариулт

MTA_logo

Асуулт-1:Зарим худалдан авагчид урьд онд эсвэл урьд сард авсан барааныхаа падааныг нөхөж бичүүлж авмаар байна гэсэн хүсэлт гаргадаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нөхөж бичиж өгч болох уу?
Хариулт-1:Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д зааснаар жижиглэнгийн худалдаа эрхлэгч сард нэг удаа, бөөний худалдаа эрхлэгч борлуулалт хийх бүрдээ нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичнэ.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч этгээд нь худалдан авалт, борлуулалтынхаа падааныг цахим хэлбэрээр илгээсний дараа тус татварын тайланг илгээх боломжтой тул дээрх хуулийн хугацаанд багтаан нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаа өгч авах нь зүйтэй. Нэмэгдсэн өртийн албан татвар төлөгчид тус падааныг нөхөн өгч болох бөгөөд цахим тайлан , падааны мэдээллээ харъяалах татварын албанд хандан залруулах нь зүйтэй юм.
Асуулт-2:Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үү?
Хариулт-2:Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.18-д зааснаар газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурилыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.

Асуулт-3.Манай компани гурил үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд манайхаас хүнсний дэлгүүр, супермаркетууд гурил худалдан авч хэрэглэгчдэд борлуулахад нэмэгдсэн өртгийн албан татварын падаангүй хасалт хийх нь зөв үү?
Хариулт-3.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 14.1.4-т заасан анхдагч түүхий эдийг импортолсон буюу худалдан авч зуучлан борлуулсан бол төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийхгүй” гэсэн байдаг.

Асуулт-4.Ажил гүйцэтгүүлэх гэрээ хийсэн компаниуд гэрээний дагуу төлбөр төлөх бүртээ НӨАТ-ын падаан авна гэх юм манайх нийт төлбөрөө хийсэн тохиолдолд бөөн дүнгээр падаан бичиж өгнө гэсэн шаардлага тавьдаг зөв үү.
Хариулт-4.НӨАТ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу падаан үйлдсэн, төлбөрийг хүлээн авсан, бараа ажил, үйлчилгээг худалдан авсан өдрийн аль түрүүчээр тооцно гэсний дагуу падааныг тухай бүр үйлдэж олгох ёстой.
Асуулт-5.НӨАТ-ын тухай хуулинд заагдсан падаангүй хасалт хийх заалтанд байгаа анхан шатнаас авсан гэдэгт ямар бичиг баримт байх ёстой вэ. Татварын хяналт шалгалтын байцаагч бүр өөр өөрийнхөөрөө тайлбарлаад байдаг жишээ нь өмнөх жилийн малын тооллогын дүнгийн бичиг хэрэгтэй гээд нэхээд байх юм.
Хариулт-5.Хуулийн 14.1.4заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой татвар төлөгч дараах бичиг баримт бүрдүүлнэ.
 Гэрээ
 Хүчин төгөлдөр зарлагын баримт /татвар төлөгчийн дугаар, тамга, тэмдэгтэй, бараа ажил үйлчилгээний үнийн дүн нь тодорхой байх/
 Иргэний үнэмлэхний хуулбар
 Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ
Асуулт-6.Өнгөрсөн сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа гаргахдаа нэг борлуулалтын падааныг санамсаргүйгээр орхигдуулсан юм энэ сарын тайландаа тусгаж болох уу?
Хариулт-6. Өмнөх тайлангийн хугацаанд хамаарах падааныг энэ сарын тайландаа тусгаж болохгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д “тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө төсөвт төлөх” гэж заасан байдаг Иймээс та харьяалах татварын албанд хүсэлт гарган дутуу тайлагнасан сарынхаа нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, падааны мэдээллийг залруулах боломжтой.
Асуулт-7.НӨАТ-ын тухай хуулинд орлогоо аккурэль сууриар тайлагнадаг бол худалдан авалтаа мөнгөн сууриар тайлагнадаг нь нэг хууль 2 өөрөөр сууриар яваад байгаа нь татвар төлөгчдөд хүндрэлтэй байна шийдвэр гаргана уу.
Хариулт-7.НӨАТ-ын тухай хуульд борлуулагч талын борлуулсан бараа, ажил үйлчилгээнд НӨАТ ногдуулах хугацааг мөнгө авсан, бараа ажил үйлчилгээг худалдан авагчид шилжүүлсэн, падаан үйлдсэн өдрийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тодорхойлно. Борлуулагч бараа, ажил үйлчилгээгээ худалдан авагч талд шилжүүлээд падаан үйлдсэн бол падааны хугацаагаар тайлан тооцоондоо тусгах бөгөөд худалдан авагч талд падаанаа өгөх үүрэгтэй. Харин худалдан авагч талын хувьд мөн хуулийн 14.1-д заасны дагуу бараа, ажил, үйлчилгээний үнийг төлсөн үед НӨАТ-ын хасалтаа хийнэ. Цаашид энэ асуудлыг хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ.
Асуулт-8.Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой зөрчлүүд их гарч байгаа талаар мэдээлэл их гарч байна. Ямар зөрчлүүд ихэвчлэн гарч байна сэргийлэх арга хэмжээ авч байна уу.
Хариулт-8.Үндэсний татварын албанаас “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих явцад зарим хувь хүн, аж ахуйн нэгжүүд дараахь байдлаар хуулийг санаатайгаар зөрчсөн үйлдлүүдийг гарган ихээхэн хэмжээний татварын төлбөр, хүү, торгуульд орох, татварын эрсдэлтэй тулгарах байдлыг үүсгэж байна. Үүнд:
1. НӨАТ төлөгч бус этгээдээс худалдан авсан бараа, гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээг НӨАТ төлөгчөөс авсан мэтээр хуурамч падаан үйлдэх, засварлах, бичүүлж авах
2. Татварын албанд бүртгэлгүй, бүртгэлтэй боловч тухайн борлуулагчийн бүртгэлтэй бус НӨАТ-ын падааныг өөр хоорондоо худалдах замаар хуурамч анхан шатны баримт бүрдүүлэх
3. НӨАТ-ын хасалт, буцаан олголт хийх хуулийн заалтанд хамааралгүй ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг бизнесийн үйл ажиллагааны зардлаар тооцож, төсөвт төлөх НӨАТ-ыг багасгах
4. Дулаан, цахилгаанд төлсөн НӨАТ-ын падаанаар түрээслэгч, түрээслүүлэгч давхар хасалт хийх
5. НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн хуулийн этгээдийг худалдан авч, НӨАТ төлөгч бус этгээдийн худалдан авалтанд төлсөн татвараа шилжүүлэн бүртгэж хасалт, буцаан авалт хийхээр тайлагнан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх
6. Импортын барааны НӨАТ ногдуулах үнэлгээг бууруулахын тулд хуурамч гэрээ хэлцэл үйлдэж, гаалийн мэдүүлэг бүрдүүлэх замаар төлөх татвараа бууруулах
7. Бусдад НӨАТ төлж бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан мэтээр ня-бо бүртгэлийн хуурамч бичилт хийн, НӨАТ-ын падаан бичиж их хэмжээний хасалт хийх
8. НӨАТ-аас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулан худалдан авалтанд төлсөн НӨАТ-аа төсөвт төлөх НӨАТ-аас хасах зэрэг ноцтой зөрчлүүд илэрч байна.
Эдгээр зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээс гадна уг үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болох нь тогтоогдвол Монгол Улсын “Эрүүгийн хууль”-ийн дагуу шийдвэрлэдэг юм.
Иймд татвар төлөгч та бүхнийг хуулиар хүлээсэн үүргээ ухамсартайгаар хэрэгжүүлж, НӨАТ-ын падааныг борлуулалт хийсэн тухай бүр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид заавал бичиж өгөх, цахим тайлангийн системд оруулахдаа татвар төлөгч тус бүрээр салган харуулж, зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдээгүй татвар төлөгчид хамаарах борлуулалтын орлогыг дүнгээр нь эцсийн хэрэглэгчээр бүртгэх, тайлангаа цаг хугацаанд нь үнэн зөвөөр гаргаж, тайлагнаж байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.