ЗАСАГ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт ахмад настан, азай буурлууд, нийт Багануурчууд аа. Та бүхэндээ ирж буй “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж, сайн сайхны ерөөл өргөн мэндчилье.

Хангай дэлхийг уярааж, хөдөлмөр бүтээлийг ундраах хаврын сар дэлгэр Монгол оронд айлчлан ирлээ. Эртнээс уламжлалтай, бэлгэ ерөөл дүүрэн Монгол баяр  Цагаан сартайгаа та бид золгож байна. Цагаан сар бол та бидний хувьд Монгол хүн гэдгээрээ бахархах, Монгол удам судар, ураг төрлөө мэдэлцэх, төрт ёс, уламжлалт зан заншлаа хүндэтгэх, эв эеийг эрхэмлэх төр, иргэн, соёл шашины гүн утгат цогц хүндлэл бүхий жинхэнэ Монгол ёсон мөн билээ. Харьж буй Гал бичин жил Багануурчууд бидэнд өгөөжөө ч өглөө, сургамжаа ч үлдээлээ. Өнгөрөгч онд зохион байгуулагдсан шат шатны сонгуулийн үр дүнгээр МАН эрх баригч болсон нь нэг талаас ард иргэдээс бидэнд үзүүлж буй итгэл, нөгөө талаас томоохон хариуцлага гэж ойлгож байна. Дүүргийн төр захиргааны байгууллагаас иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Монгол улсын Засгийн газар, Нийслэлийн зорилт болон Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөртэй уялдуулан боловсруулж батлууллаа. Бид бүхэн бүрэн эрхийн хугацаанд:

  • Эдийн засаг, эрх зүйн шинэ орчин бүрдсэн хот
  • Иргэнээ дээдэлсэн хот
  • Баялаг бүтээгчдээ дэмжсэн, үйлдвэрлэл хөгжсөн хот
  • Амьдралын ая тухтай, амар тайван хот
  • Байгальд ээлтэй ногоон хот зорилтын хүрээнд бодлого боловсруулан ажиллаж  байна.

Ирж байгаа жилээ буянт жил хэмээн угтдаг Монгол түмний хувьд тахиа жил үр өгөөжөө харамгүй хайрлана гэсэн өөдрөг сэтгэл, итгэл үнэмшил монголын минь ард түмэнд, хүн бүгдэд байгаа гэж бодож байна. Дэлхий дахинд нүүрлээд буй эдийн засаг, санхүүгийн хямрал, манай улсад тулгамдаад байгаа бэрхшээлтэй асуудал, хөгжлийн саад тотгорыг та бид эвийн хүчээр даван туулж чадна гэдэгт би итгэж байна. Ирж буй тахиа жилдээ Та бидний үг хэл элгэмсэг дулаан, үйлдэл төрх эерүү зөөлөн, үзэл сэтгэл өөдрөг тэнүүн, үйлс ажил бүтэмжтэй сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Уулзан золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж,
Угтан ирж  байгаа Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА    Ц.САНДАГ-ОЧИР