Сар шинийг угтан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

Багануур дүүргийн нийт ахмад буурлуудыг Билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулан жил бүр хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Багануур дүүргийн хэмжээнд нийт 2600 гаруй ахмад настан амьдардаг бөгөөд өнөөдөр дүүргийн төр захиргааны байгууллагаас ахмадуудад хүндэтгэл үзүүлэн гарын бэлгийг гардуулан өглөө. Дээрх үйл ажиллагаанд ИТХ-ын дарга С.Даваасүрэн, Засаг дарга Ц.Сандаг-Очир болон ИТХ-ын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Үйл ажиллагааг нээж дүүргийн Засаг дарга үг хэлсэн бөгөөд тэрээр: “Манай улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа ч ахмад настны амьдралын чанар, аж байдлыг сайжруулах, хөгжил, оролцоог дэмжих, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх бодлогод онцгой анхаарч үр дүнг  нь ахмадууд маань хүртэх бодит ажлуудыг 2016-2020 онд хэрэгжүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тодорхой зорилтуудыг тусгасан.

Засгийн газрын санаачилгаар Ахмад настны тухай болон Алдар цолтой ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөл толгох тухай хуулиудыг Улсын Их Хурлаар хэлэлцэн баталлаа.

2017 оны 2-р сарын 20-ны өдрөөс эхлэн Дүүргийн хэмжээнд 65-с дээш настай 1263 ахмад настанд 103 сая төгрөгийн “Насны хишиг”-ийг олгоод байна.

Төрийн захиргааны байгууллагын зүгээс ахмад настны хөгжил хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн амьдралд оролцох оролцоог хангах талаар төр, засгаас гаргасан бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих ажлыг эрчимжүүлэхийн төлөө, харин ахмад буурлууд та бүхний зүгээс орон нутгийнхаа хөгжил дэвшилд өөрсдийн хуримтлуулсан мэдлэг, туршлагаа харамгүй зориулан хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Төрөлх эх орныхоо төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан  буянт буурлууд та бүхэндээ 17-р жарны Алтан унжлагат хэмээх гал тахиа жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ. Энэ үеэр азай буурлууддаа ирж буй тахий жилд зориулан ном хурсан бөгөөд хүрэлцэн ирсэн ахмадуудад 2017 оны хуанлийг 10000 төгрөгийн хамт гардуулан өглөө.