Малчдад туслах сайн санааны аянд Багануур ХК-ийн 1104 ажилтан 5,420,000 төгрөг хандивлалаа.

ХХААЯ-ны сайдын уриалгаар “Малчдад туслах сайн санааны аян”-ыг дүүргийн хэмжээнд өрнүүлээд байгаа. Одоогийн  байдлаар “Улаан Загалмайн хороо”-нд малчдад үзүүлэх  тусламжийн эд материал болох  58 байгууллага аж ахуйн нэгж 25 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хандивлаад байна. Өнөөдөр  “Багануур” ХК-ийн 1104 ажилтан албан хаагчид тус аянд нэгдэж 5,420,000 төгрөгийг цуглуулан  дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирт гардуулан өглөө. Энэ үеэр дүүргийн Засаг дарга хэлэхдээ “Эдийн засгийн хямрал цаашлаад өвөлжилт хүнд байгаа энэ үед малчдад тусламж дэмжлэгийг үзүүлж байгаа танай хамт олонд баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Та бүгдийн өгсөн хандив тусламж малчин өрх бүрийн гар дээр очих болно” гэдгийг хэллээ. Дүүргийн хэмжээнд нийт 724 малтай өрх 178774 толгой мал тоологдож үүнээс 399 малчин өрх байдаг байна.  Ирэх сарын 11, 12-ны өдрүүдэд дүүргийн удирдлагууд цугларсан зүйлсийг хөдөө малчдаар явж тараах ажил хийгдэх юм.