Шинэ жилийн баярыг угтаж, урьдчилан сэргийлэх шалгалт хийгдэж байна.

Багануур дүүрэгт шинэ жилийн баярыг угтаж үүсч болзошгүй эрсдэл, хоол хүнсээр дамжих халдвар гарахаас урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал, ажил үйлчилгээний чанар, стандартын шаардлагыг хангуулах, сэрэмжлүүлэг, зөвлөмж, зөвлөгөө өгөх зорилгоор тус хэлтсийн улсын /ахлах/ байцаагч нар хамтран 2016.12.29-ны өдөр хяналт шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтанд хүнсний худалдааны 2, хоол үйлдвэрлэлийн 1, хүнсний үйлдвэрлэлийн 1 объектыг хамруулан, хүнс, хоол үйлдвэрлэл, худалдааны газрын технологи үйл ажиллагаа, шинэ жилийн баярын бэлгэнд орж буй хүнсний бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан эсэх, хадгалалтын хугацаа, түргэн гэмтэх бүтээгдэхүүний хадгалалт, худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын хаяг шошгололтын байдлыг шалгаж, 8 зөрчил илрүүлэн, газар дээр нь 6 зөрчлийг арилгууллаа. Шалгагдсан объектуудад эрүүл ахуй болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэх, дотоод хяналт шалгалт болон улсын байцаагчдаас хүргүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх, технологийн жор, зааврыг мөрдөх, учирч болох эрсдэл, тэдгээрийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн зөвлөгөөг өглөө. Хэлтсийн улсын байцаагч, ажилтнууд хариуцлагатай жижүүрийн үүргийг 2016.12.20-нээс эхлэн өдөр бүр гүйцэтгэж мэдээ мэдээллийг тухай бүр МХЕГ, НМХГ, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хариуцлагатай жижүүрүүдэд өгч ажиллаж байна.