Урьдчилан сэргийлэх хяналт хийгдэж байна.

“Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” сарын аян болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/10 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Багануур дүүрэгт шинэ жилийн баярыг угтаж хоол хүнсээр дамжих өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал, ажил үйлчилгээний чанар, стандартын шаардлагыг хангуулах, үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж, зөвлөгөө өгөх зорилгоор урьдчилан сэргийлэх хяналтыг зохион байгууллаа.
Хяналт шалгалтыг Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Н.Урангоо, Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч О.Будхүү нар хамтран 2016 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 14-ний өдрүүдэд гүйцэтгэлээ.Шалгалтанд Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хүнсний худалдааны 6, хоол үйлдвэрлэлийн 2, хүнсний үйлдвэрлэлийн 1 объект, нийт 9 объект хамрагдлаа.
Шалгалтын явцад нийт 38 зөрчил илрүүлэн, 8 буюу зөрчлийг арилгууллаа. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага 2-г 26 заалттай гарган, хүргүүллээ. Мөн ”Шинэ жилийн баярыг угтаж үйл ажиллагаандаа мөрдөх асуудлууд” сэдвээр 4 бүлэг 32 заалттай зөвлөмж гарган, хүнсний худалдаа, хоол, хүнс үйлдвэрлэгч 35 объектод хүргүүлж, 110 хүнд мэдээлж сурталчиллаа.
Худалдаалж буй болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор хүнсний бүтээгдэхүүний 8 дээжийг МХХ-ийн мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори болон хими, нян судлалын лабораторид шинжлүүлэхэд 5 дээж нь стандартын шаардлагад нийцэж, 3 дээжийн хариу гараагүй байна.
Тус дүүрэгт худалдаалагдаж байсан үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй, 8 нэр төрлийн 33 ширхэг 71850 төгрөгийн үнэ бүхий бялуу, бялууны төрлийн бүтээгдэхүүнийг татан авахуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.