Шинэ жилийн баярыг угтаж үйл ажиллагаандаа мөрдөх зөвлөмж

БАГАНУУР ДҮҮРГИЙН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧДЭД шинэ жилийн баярыг угтаж үйл ажиллагаандаа мөрдөх асуудлуудаар зөвлөмж гарган хүргүүллээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ жилийн баяр болохтой холбогдуулан “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Эрүүл ахуйн тухай”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Тамхины хяналтын тухай”, ”Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай”, “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулиуд, “Бялууны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт” стандартын шаардлагыг үндэслэн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
1. Хүнсний үйлдвэр, худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл эрхлэгчдэд:
1.1. “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн Сайдын 2013 оны А/98 дугаар тушаалаар батлагдсан “Мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журам”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 79 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, бүртгэл хөтлөх аргачлал”-ын дагуу хүнсний түүхий эд, бүтээгдэхүүндээ бүртгэл хөтлөх;
1.2. Хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авахдаа Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-ыг мөрдлөг болгох, буцаасан, татан авсан, устгасан бүтээгдэхүүний бүртгэл хөтлөх;
1.3. Дотоод хяналтыг хэрэгжүүлэхдээ Засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналтыг хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам”-д нийцүүлж хэрэгжүүлэх;
1.4. Хүнсний үйлдвэр, худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбарт хүнстэй харьцаж ажилладаг бүх ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамруулж, баталгаажуулах, эрүүл хүн ажиллуулах /Гэрээгээр, түр хугацаагаар ажилладаг бүх ажиллагсдад хамаарна/;
1.5. Хүнсний салбарт ажиллагсад эрүүл ахуйн зохистой дадлыг өдөр тутам хэрэгжүүлж ажиллах;
1.6. 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа болон тамхи худалдаалахгүй, түүгээр үйлчлэхгүй байх
1.7. Гадна орчны цасыг цэвэрлэж, хальтиргаа гулгаанаас хамгаалан, аюулгүй байдлыг хангах
2. Бялууны төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчдэд:
2.1. Бялууны төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт бодисыг импортлохдоо “Хүнсний тухай” хуулийн 11 дүгээр зүйл, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д заасан шаардлагуудыг хангах;
2.2. Бялууны төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүх үе шатанд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3 дахь заалтыг үндэслэн, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлуудыг нэвтрүүлэх, Засгийн газрын 2011 оны 305 дугаар тогтоолоор батлагдсан “Бялууны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг мөрдөх;
2.3. Бялуу болон бусад түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэн хадгалж, худалдааны сүлжээнд гаргах өдрийн огноог үйлдвэрлэсэн огноо мэтээр шошгонд бичихийг хориглох;
2.4. Бялууны төрлийн бүтээгдэхүүн нь “Бялууны төрлийн бүтээгдэхүүн. Техникийн ерөнхий шаардлага” MNS 0464: 2010” стандартын шаардлага хангасан байх ба нэр төрлөөс нь хамааруулан дараахь хүснэгтэд заасан шаардлагыг баримтлан хадгална.
Бялуу худалдаалах газрын хөргүүр бүхий лангуу нь 00С-аас +60С –ын температурт тохируулга хийх боломжтой, бүтээгдэхүүнийг гадны бохирдлоос хамгаалсан зориулалтын шилэн хаалттай, хадгалах нөхцлийг хангасан байна.
2.5. Хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний нэмэлт бодис болон найрлагандаа хүнсний нэмэлт бодис агуулсан түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгож авахдаа тухайн нэмэлт бодисууд нь “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” MNS САС 192 стандартад тусгагдсан эсэх, зориулалт нь хүнсний ангиллаар зөвшөөрөгдсөн эсэхийг шалгах, жор орцын нормд тусгах;
2.6. Хүнсний нэмэлт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” MNS САС 192 стандартын шаардлагыг хангаж буй эсэх, зарцуулалтын байдалд хяналт тавьж, бүртгэл хөтлөх;
2.7. Бялууны амтлаг кремийг -180С-с багагүй температурт хадгалж, температурын горим, хадгалах хугацааг тогтмол хянан, бүртгэл хөтөлж, үйлдвэрлэлд хэрэглэхийн өмнө шошгон дээр заасан горимын дагуу гэсгээх, хүнсний нэмэлт бодис, түүхий эдийг шошго дээр заасан нөхцөл, шаардлагын дагуу шошгожуулан хадгалах;
2.8. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн заавар, жор орцын норм, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх журмын мөрдөлтөнд хяналт тавьж бүртгэл хөтлөх;
2.9. Бэлэн бүтээгдэхүүнийг “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу шошголох;
3. Худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд:
3.1. Худалдаа үйлчилгээнд гаргаж буй хүүхдийн бэлэг болон бусад бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн нь гарал үүсэл нь тодорхой, чанар аюулгүй байдлын шаардлага хангасан байх;
3.2. Түргэн гэмтэх болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэлт, хадгалалтын горимын дагуу тээвэрлэж хадгалан, хадгалалтын онцгой нөхцөл шаардагдах бүтээгдэхүүн /бялуу, бүх төрлийн кремтэй бүтээгдэхүүн, өндөг, хиам, майонез/-ийг хөргөх төхөөрөмжийн багтаамжийг тооцоолон хүлээж авч, хэрэглэгчдэд аюулгүй, чанартай шинэлэг хүнс худалдаалах;
3.3. Худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд нь шошгын шаардлагыг хангах, багцлан боож худалдаалж буй бэлгэнд бүтээгдэхүүн бүрийн механик гэмтэл, хадгалах хугацааг нягтлан шалгаж боож савлах;
3.4. Шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг тухай бүрт буцаах, татан авах, бүртгэл хөтлөх, журмын дагуу мэдээлэх;
3.5. Жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногоо хадгалах агуулах, худалдаалж байгаа цэгийн температур, харьцангуй чийглэг шаардлага хангасан эсэхийг хянаж, бүртгэл хөтлөх, худалдаалалтын явцад гарсан хог хаягдал, муудсан жимс, ногоог цаг тухайд нь зайлуулж байх;
3.6. Жижиглэн савласан хүнсний бүтээгдэхүүн /төрөл бүрийн жимс, самар, чихэр/-ийг эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд савлаж, хаяг шошгын шаардлагыг хангаж худалдаалах;
3.7. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн мах, сүү, өндөг худалдан борлуулахдаа гарал үүслийн гэрчилгээ, шинжилгээ баталгаажилттай байх, худалдаалж буй өндөг нь үйлдвэрлэсэн он, сар, өдрийг тэмдэглэсэн дардастай байх;
3.8.Пиротехникийн хэрэгслийг худалдаалахдаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгсэл худалдаалах, ашиглахыг хориглох тухай журам”-ын 2 дүгаар зүйлийн 2.2 дах заалтын дагуу зөвшөөрөл авч худалдаалах;
4. Хоол үйлдвэрлэл эрхлэгчдэд:
4.1. Баярын арга хэмжээ, хүлээн авалт зохион байгуулах хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн нормативыг мөрдөх, чанар аюулгүй байдлыг хангасан тухай лабораторийн сорилын дүнтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хэрэглэх;
4.2. Түргэн гэмтэж муудах болон бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүний хүлээн авалт, тээвэрлэлт, хадгалалтанд онцгой анхаарах;
4.3. Түүхий эдийг гаднаас хүлээн авч, хадгалах болон анхны ажиллагаа хийх ажлын байрыг шаардлага хангасан түвшинд төрөлжүүлэн цэгцлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг горимын дагуу хадгалж хэвших;
4.4. Хүлээн авалтын хоолны цэсний дагуу хоол тус бүрд технологийн карт гарган баталгаажуулж, хоол үйлдвэрлэлийн технологийн горимыг мөрдөж ажиллах;
4.5. Бэлэн болсон бүтээгдэхүүн, хоолноос дээж авч, он, сар, өдөр, хоол үйлдвэрлэсэн тогоочийн нэрийг тусгай бүртгэлд бүртгэж, +4+6 хэмтэй хөргүүрт хадгалж, 48 цагийн дараа устгаж, бүртгэл хөтлөж хэвших;
4.6. Хоол, хүнстэй харьцагчид /тогооч, зөөгч, бармен/ хувийн ариун цэврийг дээд зэргээр сахиж, гараа /хүнстэй харьцах үйл ажиллагааны эхэнд, бие засах газарт орсны дараа нэн даруй, хүнсний түүхий эд болон аливаа бохир материалтай харьцсаны дараа/ тогтмол угааж байх, байгууллагын зүгээс ажилчдын гараа угааж, халдваргүйжүүлэх нөхцөл боломжийг бүрэн хангах;
4.7. Хоол үйлдвэрлэлийн болон үйлчилгээний танхимын цэвэрлэгээ, үйлчилгээг 2 цаг тутам хийж хэвших, ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын зохих заавар, дүрмийн дагуу хийлгэж байх;
4.8. Үйлчлүүлэгчдийг архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхийг хориглох
Дээрх зөвлөгөөг хэрэгжүүлж, хийгдсэн арга хэмжээний гүйцэтгэлийн мэдээг 2016.12.26-ны дотор Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст ирүүлэхийг зөвлөж байна.