Сэрэмжлүүлэг

Цас их хэмжээгээр орж, газрын гадаргын цасан бүрхүүл нэмэгдэж, зам даваа хаагдаж, зам талбайн хальтиргаа гулгаа ихэссэн, авто тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болж, цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүссэний улмаас иргэд хальтирч унах, бэртэж гэмтэх аюултай байгаатай холбогдуулан дүүргийн удирдлагууд, авто зам, замын байгууламж эзэмшигчид, иргэд, аж ахуйн нэгж байгууллага, жолооч нарын анхааралд дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.
Үүнд:
• Цаг агаарын хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөл байдалд иргэд авто тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчиж байх;
• Улаанбаатар хот орчмын авто замын зорчих хэсэг, явган хүний зам, авто зогсоолын талбайн цасны цэвэрлэгээг тогтмол хийж хальтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
• Цас хайлуулагч бодис болон элс давс, шатахууны нөөцийг нэмэгдүүлэх;
• Авто замын хальтиргаа гулгаа үүссэн хэсгүүдэд элсэн овоолго хийж хальтиргаанаас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангуулах;
• Цас мөс цэвэрлэхэд ажиллах хүн хүч, техник тоног төхөөрөмжийг бэлэн байдалд байлгах;
• Авто тээврийн хэрэгслийн жолооч нар болон явган зорчигч нар батлагдсан маршрутын замаар зорчиж аюулгүй байдлыг хангуулах;
• Аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчны 50м газартаа хальтиргаа гулгаа үүсгэхгүйгээр цас мөсний цэвэрлэгээг тогтмол хийх;
• Дүүргийн Засаг дарга нар нутаг дэвсгэрийнхээ цас, мөс цэвэрлэх ажилд тогтмол хяналт тавин ажиллаж, мэдээг НМХГ-ын ДБХХ-ийн dulamragchaad@yahoo.com хаягаар 7 хоног бүр ирүүлэхийг мэдэгдэж байна.
Өвөлжилт болон цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлыг хохиролгүй даван туулах, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, харъяа нутаг дэвсгэрт болон хариуцан ажилладаг авто зам замын байгууламжид тавих хяналтыг тогтмолжуулан ажиллахыг анхааруулж байна.
НМХГ-ЫН ЦАХИМ ХУУДАСНААС:НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДЭД БҮТЦИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН АВТО ЗАМЫН ХЯНАЛТЫН БАГ
1