Амны хөндийн эрүүл ахуйн талаарх зөвлөмж

ШҮД, БУЙЛ ЭРҮҮЛ БАЙХЫН АЧ ТУС-Амны хөндийн эрүүл ахуй анхны сүүн шүднээс эхэлдэг- Амны хөндийн эрүүл ахуйн талаарх зөвлөмж
Шүд эрүүл бол бие эрүүл гэж ярьдаг шүү дээ. Мөн шүд нь хэл ярианд чухал үүрэгтэй. Учир нь шүд байхгүй бол үгийг тод хэлж чадахгүй. Эрүүл шүд, буйлтай хүн сайхан харагдахаас гадна амнаас эвгүй үнэр гарахгүй.
Зарим эцэг эх сүүн шүдийг солигддог учраас тэдгээрийг арчлах шаардлагагүй гэж үздэг. Гэвч үнэн хэрэгтээ сүүн шүдний эрүүл мэнд юунаас ч чухал байдаг.
Яагаад гэвэл:
 Хорхойтсон сүүн шүд хүчтэй өвддөг.
 Хорхойтсон сүүн шүд нь байнгын шүднийхээ ургалтыг гэмтээж байдаг.
 Хорхойтсон сүүн шүдийг авахад араанууд арагшаа түрж байнгын шүд ургах зай байхгүй болдог учир шүд далий эсвэл давхар ургадаг.
 Хорхойтсон сүүн шүдэнд бактер ихээр агуулагддаг бөгөөд эдгээр бактери нь шинээр ургасан байнгын шүдэнд амархан халдаж хорхойтуулдаг байна.
Иймээс амны хөндийн эрүүл ахуй анхны сүүн шүднээс эхэлдэг.
Шүдний өнгөрийг шүдний сойзоор өдөр бүр цэвэрлэснээр шүдний цоорол буйлны үрэвсэлээс хамгаална. Хүүхдийн анхны сүүн шүд ургаж эхэлснээс хойш гурван нас хүртэл шүдийг нь зөвхөн усаар орой бүр угаагаарай.
Шүдний бүтэц:
Шүд бол бидний амьдралд үнэхээр хэрэгцээтэй. Шүд нь хоол хүнс идэх, хэл ярианд оролцох, нүүр царайны дүр төрхийг бүтээх, дотоод байдлыг илэрхийлэх зэрэг олон үргийг гүйцэтгэдэг.
Шүдний цөгц- Шүдний ихэнх хэсэг хүний нүдэнд харагдахгүй далд байдаг. Шүдний харагдах ил хэсгийг “шүдний цөгц” гэж нэрлэнэ.
Шүдний паалан-Энэ хэсэг нь маш хатуу паалангаар бүрхэгдсэн байдаг бөгөөд шүдийг хамгаалах бүрхүүл болж өгдөг. Хэдий тийм боловч паалан нь шүдээ буруу сойздож угаах, буруу хазах зэрэг байнгын болон тогтмол үрэлтээс шалтгаалан элэгддэг. Түүнчлэн хоол хүнсэнд агуулагдах хүчлээр идэгдэн цоорч болно. Заримдаа паалан нь хүчтэй даралтаар, тухайлбал маш хатуу зүйлийг хазах, зажлахад гэмтдэг.
Тугалмай-Паалангийн доорх бүрхүүлийг “тугалмай” гэдэг. Тугалмай нь пааланг бодвол зөөлөвтөр шар өнгөтэй бүрхүүл юм. Тугалмай нь шүдний өвдөлт болон халуун хүйтнийг мэдэрч тархи руу мэдээллийг дамжуулдаг.
Шүдний зөөлц-Шүд нь хөндий эрхтэн юм. Шүдний хөндийд шүдний зөөлц байрлана. Энэ хэсэгт мэдрэлийн ширхэг, цусны судас их байдаг. Мэдрэлийн ширхэг нь өвдөлт болон халуун хүйтнийг мэдэрч дамжуулдаг. Цусны судас нь шүдэнд хоол тэжээлийн бодисыг зөөвөрлөн хүргэдэг.
Ясжмаг эд- Шүдний сурвалжийг гадуур нь бүрсэн хатуу эдэн бүрхүүлийг ясжмаг эд гэнэ. Ясжмаг эд нь өвдөлт, халуун хүйтний мэдрэхүйг тархинд дамжуулдаг.
Амны хөндийн дараах эмгэгүүд ихэвчлэн тохиолддог. Үүнд:
Амны хөндийн халдварууд: үүнд шүд цоорох өвчин болон буйлны үрэвсэл, амны хөндийн ясны үрэвсэл болон амны эвгүй үнэр зэрэг орно. Эдгээрээс хамгийн өргөн тохиолддог халдвар бол шүд цоорох өвчин юм.
Шүд цоорох: Энэ нь хүүхэд насанд хамгийн өргөн тохиолддог архаг өвчин бөгөөд багтраа өвчинтэй харьцуулахад 5 дахин их тохиолддог.
Сэтэрхий уруул/тагнай: Энэ нь хамгийн их тохиолддог төрөлхийн гажгуудаас 4-т ордог гажиг билээ.
Амны хөндийн хавдар: Уг хавдар нь өвчилснөөс хойш амьд байх хугацаа 5 жил байдгаараа бусад бүх хавдраас хамгийн бага амьдрах хугацаатай хавдар билээ.
Нүүр, амны гэмтлүүд: Аман доторхи болон амны эргэн тойрны гэмтлүүд нь хүүхэд, өсвөр үеийнхний дунд тохиолддог бүх гэмтлүүдээс хамгийн өргөн тохиолддог гэмтэл юм.
Шүд цоорох өвчин
Шүдний кариес буюу шүд хорхойтох гэдэг нь шүд цоорох өвчнийг нэрлэсэн нэр юм. Шүд цоорох өвчин нь хоол ундтай холбоотойгоор хүнд тохиолддог хамгийн нийтлэг өвчин юм.
Шүд цоорох өвчний тархалт
Шүд цоорох өвчин хүүхэд насанд хамгийн өргөн тохиолддог тухай дээр өгүлсэн билээ. Уг өвчний тархалт нь наснаас хамаарч янз бүр байх бөгөөд хүүхдийн нас дээшлэх тутам өвчний тархалт ихэсдэг зүй тогтолтой. Тухайлбал, 1 настай нийт хүүхдийн 6% нь шүд цоорох өвчинд өртдөг бол 2 настай нийт хүүхдийн 22% нь, 3 настай нийт хүүхдийн 35% нь шүд цоорох өвчинд өртдөг байна.
Шүд цоорох шалтгаан
Шүд цоорох өвчин нь гурван үндсэн хүчин зүйлийн нөлөөгөөр үүсдэг бөгөөд эдгээр гурван хүчин зүйлс нь амны хөндийд оршиж буй тохиолдолд шүд цоорох үндсэн шалтгаан нь болдог. Үүнд:
§ Нян – Энэ нь шүдний бат бэх чанарыг алдагдуулж, шүдийг хэврэг болгодог.
§ Сахар – Амны хөндийг хүчиллэг орчинтой болгодог.
§ Шүд – Шүдний биологийн онцлог нь шүд цоороход нөлөөлөх нэг шалтгаан болдог.
Сахар
Шүд цоорох нь та юу идсэнээс гадна харин хэрхэн идсэнээс бас хамаарна.
Хоол унд идсэний дараа аман дотор үлдсэн хоолны үлдэгдэл нь өнгөр үүсгэдэг. Өнгөр бол нүүрс-устөрөгчид агуулсан химийн нэгдлүүд бөгөөд бичил нянгаас бүрдсэн шүдний гадаргуу дээрх давхарга юм. Мөн сахар идсэний дараа 20-40 минут болоход шүдэнд хүчил үүсдэг.
Бидний шүд, хоол хүнсний найрлагад байх чихэрлэг бодис болон шүдний өнгөртэй харилцан үйлчилснээр цоордог. Чихэрлэг зүйл ба өнгөрийн харилцаа үйлчлэлээр үүссэн хүчил нь шүдний пааланг сийрэг болгоно.
Гэхдээ чихэрлэг зүйл болгон шүдийг хорхойтуулдаггүй. Сүү болон сүүн бүтээгдэхүүн, боловсруулаагүй жимс ба хүнсний ногоонд байгаа чихэрлэг зүйл харьцангуй аюул багатай.
Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний зүйлс, жимсний шүүс, зөгийн бал зэрэг нь шүдэнд илүү хортой байдаг. Тиймээс нүдэнд үл үзэгдэх сахараас болгоомжил! Идсэн чихэрлэг зүйлсийн нийт хэмжээнээс шүд хорхойтох нь төдийлөн хамаардаггүй. Харин чихэрлэг зүйлийг хэрэглэх давтамжаас илүү шалтгаалдаг. Учир нь бидний шүлс амнаас чихэрлэг бодисыг цэвэрлэх үүргийг гүйцэтгэдэг бөгөөд хоол идэх цагаар шүлс хамгийн их ялгардаг нь чихрийн хэмжээг багасгах нэг арга болдог. Өглөөний 6-7 цагт чихэрлэг зүйл идэхэд аюулгүй бөгөөд харин түүнээс хойш үдийн хоол буюу 12 цаг хүртэл чихэрлэг зүйл идэхэд шүд цоорох магадлал өндөртэй буюу аюултай байдаг. Ер нь оройн цагаар унтахын өмнө чихэрлэг зүйлээр хооллох нь маш буруу юм. Учир нь орой шүлс бага ялгардаг тул нянг устгах чадвар тэр хэрээр багасдаг. Сахар агуулсан хүнсний зүйлд шоколад, чихэр, жигнэмэг, ундаа, жимсний шүүс болон хүүхдийн зарим тэжээл ордог. Зарим жимсний шүүс нь 100%-ийн жимс агуулсан гэж бичсэн байдаг хэр нь найрлагыг нь уншаад үзэхэд найрлаганд нь сахар агуулагдсан байдаг. Иймд хүнсний зүйлийн шошгыг унших нь чухал байдаг. Шошгонд сахарыг глюкоз, сахароз, декстроз болон фруктоз зэрэг өөр өөр нэр томъёогоор бичсэн байдаг. Боловсруулсан цардуул нь гоймон, цагаан талх болон шарсан төмсөнд агуулагддаг.
Чийглэг ихтэй болон зөөлөн хүнс нь шүдэнд удаан хугацаагаар наалдаж, шүд цооролтыг хурдасгадаг учраас таны эрүүл мэндэд хортой. Харин мах, шинэ жимс, ногоо болон хар талх нь таны эрүүл мэндэд тустай
• Бага насны хүүхдийн шүдний кариес, түүний үр дагавар
Өнөө үед бага насны хүүхдүүд хүнд хэлбэрийн шүд хорхойтох өвчинд өртөж байна. Хүний шүлс нянг устгаж, халдваргүйжүүлснээр шүдийг хамгаалж байдаг. Харин анх ургасан шүдэнд шүлсний хамгаалалт хамгийн сул байдгаас кариес өвчинд амархан өртдөг. Ингэснээр шүд гадны янз бүрийн эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөлөлд амархан өртдөг.
Тэдгээр хүчин зүйлсээс нян нь гол шалтгаант хүчин зүйл билээ. Шүд цоорох өвчнийг хүүхдийн угж болон асаргаатай сувилгаатай холбож тайлбарладаг байсан бол өнөө үед хүүхдийн хооллолтын байдалтай илүү их холбон тайлбарлаж байна.
Шүд цоорох өвчний өвчлөлийн 80% нь нийт хүүхдийн 20%-д нь тохиолдож байна. үүнд дараахь хүчин зүйлс нөлөөлж байна.
§ Нийгэм-эдийн засгийн таагүй байдал
§ Боловсролын түвшин доогуур байх
§ Эрүүл мэндийн тусламжийн хүртээмж муу байх
§ Фторын дутагдал
§ Амны хөндийн эрүүл ахуйг муу сахих зэрэг болно.
Мөн эрүүл мэндийн талаарх хүмүүсийн буруу үзэл бодол нь шүд цоорох өвчин газар авахад ихээхэн нөлөөлж байна. үүнд:
§ “Шүд тэртээ тэргүй цоорч л байдаг.”
§ “Хүүхдийн шүд тийм ч чухал биш”
§ “Миний хүүхдийг угжаас нь гаргах нь харгис хэрэг”
§ “Угж буюу зууш нь миний хүүхдийг тайвшруулдаг”
Мөн шүд цоорох өвчин нь бидний хооллох буруу дадал, амны хөндийг муу арчлах болон шүдний урьдчилан сэргийлэх үзлэгт бага хамрагддаг зэрэг буруу дадал хэвшлээс ихээхэн шалтгаалдаг юм. Эдгээрээс хооллох буруу дадал нь шүд цоороход хамгийн их нөлөөлдөг.
Өөрийнхөө амны хөндийг шалгах
Шалгахын тулд дараах зүйлийг бэлдэх хэрэгтэй. Үүнд:
• Хэл дарагч. Үүнийг орон нутгийн эрүүл мэндийн төв болон эмийн сангаас авч болно.Хүүхэд бүрд зориулсан хэл дарагч байх хэрэгтэй.
• Иштэй толь. Толины тусламжтайгаар өөрийнхөө амныг шалгах талаар зааж өгөх.
Амны хөндийг шалгахдаа :
1. Эхлээд уруулаас эхэлнэ. Уруул түүний доогуур хараарай. Зүсэгдсэн байна уу, яр шарх байгаа эсэхийг хар.
2. Дараа нь инээж, шүдээ ил гаргаарай. Шүдний өнгийг тэмдэглэ. Шүд цоорсон эсэх, жижиг нүх байгаа эсэхийг ажиглаарай. Мөн буйлны өнгө, өвчин орсон эсэхийг шалгаарай.
3. Одоо амаа ангайгаарай. Өөрийнхөө хэлийг хараарай. Ямар нэг эвгүй үнэр болон өнгөр, юм гарсан эсэхийг шалга.
4. Доод талын шүднүүдийг хар. Шүдийг сайн харахын тулд хэлээ аль нэг хажуу тийш нь болго. Хэдэн шүдтэй байгаагаа тоолоорой. Нүх,завсар, цоорхойнууд харагдаж байна уу гэдгийг харах.
5. Хэл дарагчаар амны хөндийн дотор талаас хацраа гадагш түлхэ. Ингэснээр шүд, буйлаа маш сайн харах боломжтой болно. Хэл дарагчийг хоолой руу лав түлхэхгүй байхыг санах хэрэгтэй.
6. Дээд талын шүдний дотор талыг шалгахад хэцүү байвал ахин нэг жижиг толь хэрэглээрэй.
Шүдээ зөв угаах
• Зөв хэмжээтэй, зөөлөн үстэй сойзыг хэрэглэ. Сойзны үс нь тэгш, шулуун байх хэрэгтэй. Хэрвээ сойзны үс нь тахиралдаж налсан байвал шүдний сойзоо солиорой.
• Сойзны үстэй хэсгийг шүд рүү 45 градус байхаар барь. Сойзны үзүүр нь буйлны доогуур гулсаж байхаар тохируул.
• Буйлны доод хэсгээр ургасан хөгцийг шүдний сойзны зөөлөн хөдөлгөөнөөр зайлуулах хэрэгтэй.
• Шүдийг хажуунаас шулуун чиглэлээр биш дээш доош нь харин үүдэн шүдийг тойрох хөдөлгөөнөөр угаагаарай.
• Үүдэн шүдийг угаахдаа сойзны дотор талаар шүд, буйлны дээгүүр хэд хэдэн удаа,налуу байдлаар давтан угаа.
• Бүх шүдний орой, ёзоор, ар тал, урд талыг найдвартай сайн угаагаарай.
• Нэг удаа угаахдаа нэг юм уу, хоёр шүдийг цэвэрлэх хэрэгтэй. Ингэж шүд болгоныг ээлжилж зөв угаагаарай.
• Хэлээ сойздон угаагаарай. Хоол хүнс, нян хэлэн дээр цуглаж, эвгүй үнэр гарах шалтгаан болдог. Иймээс хэлээ сайн угаах нь амны хөндийн эвгүй үнэрээс сэргийлнэ.
• Шүдээ угаахдаа яарч болохгүй. Гурван минутаас доошгүй хугацаагаар шүдээ сойздож угааж бай. Шүдний гадаргуу бүрийг ойролцоогоор 10 удаа угаах хэрэгтэй.
• Шүдээ сойздож угаасны дараа амаа нэг удаа усаар зайлж, хэл, шүднээс хоолны үлдэгдэл болон бусад зүйлийг цэвэрлэ.
Шүдэнд муу хоол хүнс: Үүнд: Чихэр, тоорт, амтлаг жигнэмэг
гаазтай ундаа, чихэрлэг ундаа, чихэртэй сүү
Шүдэнд сайн хоол хүнс: Эдгээр нь хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ жишээлбэл хатуу,ширхэглэг, сайн зажлагдах хоол хүнс орно. Үүнд: Хан боргоцой, манго, наргил модны самар, алим вандуй, жүрж, улаан лооль, хар, ногоон хүнсний ногоонууд
Урьдчилан сэргийлэх болон ер нь эрүүл мэндэд сайн хоол хүнсэнд өндөг, мах, лимон орно.
Амны хөндийн эрүүл байдлыг хадгалах нь хамгаас чухал.
1. Амны хөндийд хоол боловсруулах эхний үйл ажиллагаа явагддаг. Аман дотор хоол ороод, шүдээр жижиглэгдэн шүлстэй холилдож, жижиг жижиг хэсэг болж бутардаг. Хүний хэл хоолны амтыг мэдэрч хоолыг хоолой руу дамжихад тусладаг.Хэрвээ шүдэнд ямар нэг гэмтэл гарвал хоол боловсруулах үйл ажиллагаанд бэрхшээл учирна.
2. Амны хөндий нь дуу үүсгэхэд оролцдог гол эрхтэн юм. Хэл, уруул, шүд нь бидний яриаг тод болгож өгдөг.
3. Ам нь нүүрний гадаад төрхийг сайхан харагдуулдаг. Эрүүл сайхан гялалзсан шүдтэй хүүхэд харахад сайхан, аз жаргалтай харагддаг.
Дараах шинжүүд бүрдсэн бол амны хөндий эрүүл байна гэж үздэг. Үүнд:
• Буйлны өнгө нь ягаан
• Буйл нь батбөх
• Эвгүй үнэргүй, улайлтгүй
• Хацар, уруул, хэл, буйл дээр яр, шархгүй
• Шүдээ өдөр бүр угаахад цус гарахгүй
• Өвдөлтгүй
Шүдний өнгөр нь шүдний паалан дээр наалдаж байдаг цагаан, шар өнгийн зөөлөн зүйл юм. Өнгөр нь нянгаар үүсгэгддэг. Энэ нянг цэвэрлэхгүй бол үргэлжлээд нэмэгдээд байдаг. Өнгөр нь шүдний хүзүү хэсэг буйлтай нийлдэг газар, шүдний зажлах хэсгийн өнгөн хэсгийн ховил болон шүдний завсар зайд байнга үүсч байдаг. Шүдийг жигд хатуу байлгадаг кальцийг өнгөр хайлуулдаг. Шүдний хатуурсан өнгөрийг шүдний чулуу гэнэ.
Өнгөр ихэссээр буйл руугаа орох үед буйл өвчилдөг. Буйл өвчилбөл шүд сулрах, сүүлдээ шүд унахад хүргэнэ.Эрүүл буйл нь цайвар ягаан, нягт шигүү байдаг. Өвчилсөн буйл нь гүн улаан, хавдсан,гөлийсөн, амархан цус шүүрэмхэй байдаг. Буйлны өвчний нэг шинж тэмдэг нь шүдээ угаах үед цус гардаг.
Нян нь хөгцний нэг төрөл бөгөөд шүд цоорох шалтгаан болдог. Чихэрлэг зүйл идсэний дараа аман дахь нян түүгээр хооллож, өсч үржих таатай орчин болохын төдийгүй хүчил ялгаруулдаг. Энэ хүчил нь шүдний пааланг хайлуулдаг. Хүүхэд чихэрлэг, амттанг тасралтгүй идвэл өдрийн бүхий л цагийн турш шүдийг хүчиллэг орчинд байлгана. Үүнээс болж шүдэнд хөндий, нүх үүснэ. Ийм учраас шүдээ байнга угааж байх, ялангуяа чихэр идсэний дараа тогтмол шүдээ угаах нь чухал.
Чиний сүүн цагаан шүд дээр бор, хар өнгийн толбо харагдвал энэ нь шүд цоорохын нэг шинж тэмдэг юм. Эхлээд жижиг нүх үүсдэг бөгөөд тэдгээрийг нэн яаралтай эмчлүүлэхгүй жижиг нүх том болдог.Шүд өвдөх үед буйлны хэвийн байдал алдагдаж идээлдэг. Заримдаа шүдний өвчин биений бусад хэсэгт нөлөөлж өвдөх шалтгаан болно. Шүдээ өвдөхөд чи эм уугаад өвдөлтийг нь намдаасан ч шүд цоорохыг зогсоож чадахгүй. Иймээс заавал шүдний эмчид цаг алдахгүй очоорой.
Шүдэнд чинь нүх үүссэн бол:
• Шүдний эмч дээр очиж шүдээ эмчлүүлэх
• Чихэр, чихэрлэг зүйлс идэх, гаазтай ундаа уухаас зайлсхийх
• Хоол идсний дараа байнга шүдээ угааж байх нь тустай.
Шүдэнд үүссэн хөндийг хармагцаа л түүнийг бөглүүлэх хэрэгтэй. Өвдтөл нь бүү
хүлээгээрэй.
Өдөр тутам хэвшсэн байх, салшгүй хэсгийн нэг болох амны ариун цэвэр дэглэмийг сахихад ямар дадал эзэмшсэн байх хэрэгтэй вэ?
Эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч нарын амны хөндийн ариун цэврийг сайжруулах чадвараас хүүхдүүд суралцах хэрэгтэй. Амны хөндийн ариун цэвэрийг сахихын тулд өөрөө их сайн чармайх хэрэгтэй. Өөрийнхөө бие махбодийг цэвэр, эрүүл байлгаснаар та нар өөрсдийгөө эмчилж байна гэсэн үг.
Мөн өөрийнхөө амны хөндийг эрүүл, цэвэр байлгах нь өсч том болоход чухал үүрэгтэй.
Та нар хоол тэжээлээ зөв үнэлж байх хэрэгтэй. Амттай хоол хүнс, ундаа нь сайхан амттай байж болно. Гэвч амттанг идмээр байвал тэвчээрэй. Хэрвээ та амттанг идэх хэрэгтэй болбол зөвхөн хоолны цагаар идээрэй.
Идснийхээ дараа шууд л шүдээ угаагаарай. Хамгийн сайн зууш бол сахар агуулдаггүй хүнс юм.
Шүдний арчилгааны тухай хууч яриа байдгийг та нар үе тэнгийнхэн болон ахмад хүмүүсээс сонсож болох юм.
Шүд арчилгааны талаарх худлаа мэдээллүүд :
• “Шүд ургах нь өвчний шалтгаан болдог”. Энэ бол худлаа. Шүд ургах нь халуурах, гүйлгэх шалтгаан биш. Шүд ургах явцад хүүхдэд эвгүй мэдрэмж төрдөг. Энэ үед хүүхдүүд шүдээ гараараа оролдсоноор гарт байсан нянг амандаа оруулдаг. Ингэхдээ нянгуудыг залгиж болно. Эдгээр залгигдсан нян нь өвчний шалтгаан болдог болохоос шүд ургах нь өвдөх шалтгаан бишээ.
• “ Хөдөлсөн шүдийг шууд л авахуулах хэрэгтэй”. Энэ бас л худлаа. Сүүн шүд хэзээ хөдөлж эхэлнэ, тэр үед нь шууд авахуулах хэрэггүй. Сүүн шүдийг авахуулснаас болж байнгын шүдний байрлал саатагддаг . Хөдөлсөн шүд өөрөө унахыг хүлээх хэрэгтэй. Харин байнгын шүд сүүн шүдний хажууд, ойролцоо ургасан үед шүдний эмчээр хөдөлсөн шүдийг авахуулж болох юм.
“Шүдээрээ уутыг онгойлгож, уяаг таслахдаа хэрэглэ”. Энэ бол маш аюултай! Шүд нь шилний бөглөө авах, уяа таслах, уут онгойлгох эсвэл хүнд ачаа зөөх тийм хэрэгсэл бишээ. Энэ нь шүд унах,гэмтэх шалтгаан болдог. Мөн энэ үйлдэл нь буйланд бас нөлөөлж болно.
Чиний хамгийн сайн найз бол шүдний эмч гэдгийг сана.
Шүдний эмч нь шүдээ сайн арчлах талаар чамд туслана. Зарим тохиолдолд шүд янзалж байхад эвгүй мэдрэмж та нар мэдэрдэг. Энэ нь зөвхөн богино хугацаанд болж өнгөрдөг. Мөн шүд буйлны өвчний өвдөлтийг бодвол энэ нь хамаагүй дээр.
Ангийнхантайгаа, багштайгаа амны хөндийн ариун цэврээ сайжруулах талаар ярилцахдаа тэдгээрийн шүүмжлэлийг хүлээн авч, хэрэгжүүлээрэй.
Тэд чамайг доромжлохгүй, зөвхөн чамайг эрүүл зан үйлтэй болгоход туслахыг хүсч байгаа гэдгийг ойлгоорой.
Хүүхдүүд ээ. Амны хөндийн ариун цэврийг сайн сахиж бага насны хүүхдүүд болон ангийнхандаа үлгэр дууриалал болоорой.
Шүд унах, буйлны өвчнөөс сэргийлэхийн тулд эрүүл шүд, эрүүл буйлтай байх хэрэгтэй.
• Амны хөндийн ариун цэвэр муу байх нь амнаас эвгүй үнэр гарах, шүд унах, мөн хоол хүнс боловсруулахад нөлөөлдөг төдийгүй хүнтэй ярилцахад эвгүй байдаг.
• Эрүүл шүд, буйлтай хүүхдүүд инээх нь сайхан харагддаг юм шүү.
Амны хөндийн эрсдлээс урьдчилан сэргийлэх
“Амны хөндийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны гол зорилго нь чихэрлэг бүтээгдэхүүнүүдийг зүй зохистой хэрэглэх, шүдний эдийг фтороор баяжуулах, амны хөндийн ариун цэврийг сахих, архи тамхины хэрэглэгээг багасгах, амны хөндийн эрхтнүүдийг гэмтээхээс сэргийлэх, шүдний эмчийн үйлчилгээнд тухай бүр хамрагдах зэрэг асуудлуудад чиглэгдэх ёстой”.
Хоолны дэглэм
Шүд нь ясны адил хоол хүнсээр дамжуулж кальцийг тохиромжтой хэмжээгээр авдаг. Чихэрлэг зүйлийг их хэмжээгээр идэх болон хоолны завсраар зууш тогтмол идэх нь шүд цооролтыг ихэсгэдэг. Сайн чанарын баланслагдсан хоол хүнс нь эрүүл мэндийг ерөнхийд нь сайжруулдаг.
Амны хөндийн эрүүл мэндэд хамгийн муу нөлөөтэй хоол хүнс бол чихэр юм. Бидний амьдралын хэрэгцээт хоол хүнсэнд чихэр хэрэгтэй хэдий ч ямар төрлийн хоол хүнсний бүтээгдэхүнд агуулагдсанаасаа шалтгаалан чихэр нь эрүүл мэндэд сайн, муу нөлөө үзүүлдэг.
Бие махбодид муу нөлөөтэй элсэн чихэр нэмсэн хоол хүнсийг хэрэглэх тал дээр маш болгоомжтой хандах хэрэгтэй.
ДЭМБ /1990/ болон Хүнсний бодлогын /1989/ Анагаах ухааны асуудал хариуцсан хорооноос хоол хүнсээр авах нэмэлт чихрийн хэмжээг илчлэгийн 10%-аас хэтрүүлэхгүй хэрэглэж байхыг санал болгож байна. Ялангуяа нялх болон бага насны хүүхдэд нэмэлт чихэрлэгтэй хоол хүнс аль болох хэрэглүүлэхгүй байх ёстой бөгөөд саатуулганы хөх, угжны хөхийг элсэн чихэрт дүрэх, чихэрлэг ундаагар угжихаас зайлсхийх хэрэгтэй.
Нялхсын хооллолт
Эрүүл хооллох зан үйл
Нялхсыг хөхөөр хооллох нь хамгийн сайн хооллолт болдог. Хөхний сүү нь нялх хүүхдэд шаардлагатай бүхий л шим тэжээлийг хамгийн тохиромжтой хэмжээ, харьцаагаар агуулсан байдаг ба эхийн сүүнд агуулагдаж буй сахар нь хүүхдийн шүдэнд ямар ч муу нөлө үзүүлдэггүй билээ. Харин угжаар хооллох үед хүүхдийн тэжээлд агуулагддаг сахар нь хүүхдийг шүдийг цоороход нөлөлдөг гол хүчин зүйл байдаг тухай дээр үзсэн билээ. Тиймээс нялхсыг угжаар хооллохоос үргэлж татгалзах хэрэгтэй. Хэрэв угжаар хооллох шаардлагатай бол түүгээр зөвхөн хүүхдийн тэжээл болон хөхний сүүг өгөх хэрэгтэй. Шүд цоорох өвчнөөс сэргийлэхэд гол анхаарах зүйл бол хүүхдийг орон дотор нь хэзээ ч угжиж болохгүй бөгөөд өдрийн туршид сахар агуулсан ундааг удаан хугацаагаар (сүүг ч мөн адил) уулгаж болохгүй. Хүүхдийг ганцаараа сууж чаддаг болох үеэс нь эхлээд угжны оронд аяга хэрэглэх хэрэгтэй.
• Унтлагын цагаар угжаар хооллох зан үйлийг арилгах
Хэрэв хүүхэд жимсний шүүс буюу сүүг угжаар уудаг бол: Хүүхдийг орондоо байхад нь угж өгөхгүй байх хэрэгтэй.
Бага насны хүүхдийн хооллолт
Ундны зүйл:
• Хүүхдийг сахар агуулаагүй ундны зүйлээр хооллох хэрэгтэй.
• Хоолны завсар зөвхөн сүү буюу ус өгч байх хэрэгтэй.
• Соруултай аягаар дэглэмгүйгээр хооллохгүй байх хэрэгтэй.
• Сахар агуулсан жимсний шүүс нь шүд цоорох гол шалтгаан болдог тул хоолны үеэр өгөхийг хязгаарлах хэрэгтэй.
Хуурай хоол хүнс:
• Өглөө өдөр оройн хоолны дундуур ямар нэг зүйл идэх тоог хязгаарлах хэрэгтэй
• Хоолны хооронд юм идэхээр бол сахар агуулаагүй зууш болон хуурай хүнс хэрэглээрэй.
• Хооллох цагаа нарийн барьж сурах хэрэгтэй.
Фторжуулалт ба шүдний эрүүл мэнд
Шүдний өвчний үзүүлэлтүүдээс харахад 10 жилийн хугацаанд шүдний өвчлөлийг бууруулах мөн түүнээс урьдчилан сэргийлэх бололцоо бий. Үүний гол үндэс нь фторжуулсан шүдний оог хэрэглэх явдал юм.
Тиймээс сургуулийн хүүхдүүдэд фторжуулсан оогоор шүдээ тогтмол, зөв угаах дадлыг төлөвшүүлэхэд нь чухал юм. Фторжуулалт нь шүд хорхойтохыг багасгахад зайлшгүй үр нөлөөтэй учраас усыг ч мөн адил фторжуулахыг ДЭМБ-аас зөвлөж байна. Зарим улс оронд фторжуулсан ус хэрэглэхийг эсэргүүцдэг боловч тархвар судлалын үзүүлэлтүүдээс үзэхэд фторжуулсан усыг хэрэглэснээр шүд хорхойтох өвчнийг 50%-иар багасгадаг болох нь тогтоогдсон.
shud1

shud2