Багануур дүүргийн нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгж, Сууц өмчлөгчдийн холбооны орчин тойрны зам, талбайн цасыг цэвэрлэсэн байдалд хяналт хийлээ.

Нийслэлийн Засаг даргын 2016.11.17-ны А/797-р “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын дэд даргын өгсөн чиглэл, ТЗУГ-ын даргын баталсан шуурхай үүргийн дагуу тус хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Сарантуяа, Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Т.Энхцэцэг нар 2016.11.19-ны өдөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, Сууц өмчлөгчдийн холбооны орчин тойрны 50 метр хүртэлх зайд байршиж буй нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний зам, орц, хаалганы үүд, шат, довжооны цасыг цэвэрлэсэн байдалд хяналт хийлээ. Хяналтанд 5 сургууль, цэцэрлэг, 2 шатахуун түгээх станц, Нацагдоржийн төв талбай, хүнс худалдааны 13, нийт 20 газар хамрагдлаа. Тухайн газрууд орчны 50 м хүртэлх талбайн цасыг цэвэрлэх ажлыг хийсэн байна. Хяналт үргэлжилнэ.
ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙГ ХАНГАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2016 оны 11 сарын 17-ны өдөр Дугаар А/797 Улаанбаатар хот
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах
эрхийг хангах талаар авах зарим
арга хэмжээний тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар, 2012 оны 61 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай:
1.1.нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, Сууц өмчлөгчдийн холбооны орчин тойрны 50 метр хүртэлх зайд байршиж буй нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний зам, орц, хаалганы үүд, шат, довжооны цасыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжээр цэвэрлүүлж, иргэд халтиргаа, гулгааны улмаас гэмтэж, бэртэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, дүүргүүдийн Засаг дарга нарт;
1.2.энэ захирамжийн 1.1-д заасан арга хэмжээний хэрэгжилтэд өдөр тутам хяналт тавьж, шаардлага биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгжид холбогдох хууль тогтоомжийн дагуу тухай бүр хариуцлага тооцож ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т;
1.3.халтиргаа, гулгааны улмаас гэмтэж, бэртсэн иргэдийн талаарх мэдээллийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс гаргуулан авч, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд өдөр тутам мэдээлж байхыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, халтиргаа, гулгаа ихтэй гудамж, зам, талбайн талаарх мэдээллийг өдөр тутам Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж ажиллахыг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв /Ч.Ган-Очир/-д;
1.4.халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээ /цас, мөсний цэвэрлэгээ, зарцуулсан давс, бодис, элс, ажилласан хүн, хүч, техник хэрэгсэл болон бусад/-ний талаар 7 хоног тутам нийслэлийн удирдлагад мэдээлж байхыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд;
1.5.энэ захирамжийн 1.1-д заасан арга хэмжээний хүрээнд байгууллага, аж ахуйн нэгжээс авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, сайн туршлагыг олон нийтэд түгээн сурталчлах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т.
2.Энэ захирамжийн хэрэгжилтийн талаар 14 хоног тутам Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцуулж байхыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД
tsas4