Ойр тойрныхоо цасыг цэвэрлээгүй аж ахуйн нэгжид хариуцлага тооцно.

МХЕГ-ын цахим хуудаснаас:http://inspection.gov.mn/
ОЙР ТОЙРНЫХОО ЦАСЫГ ЦЭВЭРЛЭЭГҮЙ АЖ АХУЙН НЭГЖИД ХАРИУЦЛАГА ТООЦНО.
2016 оны 11 сарын 17
Нийслэлийн онцгой комисс өчигдрийн хуралдаанаар хоёр үндсэн асуудал хэлэлцэв. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хотод цас орох үед ажилласан хүн хүч, халтиргаа гулгааг багасгах талаар хийсэн ажлаа товч танилцууллаа. Тэрбээр “Өчигдөр болсон Улсын онцгой комиссын хуралдаанаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг шаардлагын хэмжээнд хангасан байна гэсэн. Нийслэлд анхны цас өнгөрсөн аравдугаар сарын 24, энэ сарын эхээр дахин орсон. Анхны цаснаар 56 тонн давсыг хотын замд цацсан. Харамсалтай нь, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо муутайгаас цацсан давс үр дүн өгсөнгүй. Энэ талаар холбогдох газрууд анхаарч ажиллаж байна. Халтиргаа, гулгаа, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах А/146 дугаар тушаал гарсан. Тушаалаар аж ахуйн нэгж, СӨХ-д эргэн тойрныхоо 50 метрийн доторх цасаа цэвэрлэдэг болсон. Тэд цасаа цэвэрлээд байвал халтиргаа гулгаа эрс багасна. Амралтын өдөр цас нэмж орсон учраас тэд цэвэрлэгээг хангалтгүй хийсэн. Ер нь бүх дүүрэгт 796 хүн нийт 216 гудамж талбайн цас, мөсийг хариуцан цэвэрлэж байна” гэв. Харин Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Энэ сарын 18-ны өдөр хүртэл хүйтний эрч суларч, цаашдаа цас орох төлөвтэй байна. Одоо Улаанбаатарт 2.8 см цасан бүрхүүл тогтоод байгаа. Ойрын өдрүүдэд хэвлэлээр шуугиад байгаа шиг сүүлийн арван жилд тохиолдоогүй хүйтэн болохгүй. Харин арваннэгдүгээр сард ажиглагдаагүй хүйтэн болно. 1998 оны арваннэгдүгээр сарын хувьд л ингэж хүйтэрч байсан юм билээ. Цаашдаа Увс болон нутгийн хойд хэсгээр зузаан цасан бүрхүүл тогтоно. Арванхоёрдугаар сард төвийн нутгийн зарим хэсгээр зудын эрсдэлтэй байж болзошгүй” гэлээ. Дээрх бүх мэдээллийн дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн холбогдох байгууллагын дарга нарт үүрэг, чиглэл өгсөн юм. Тодруулбал, эрчим хүч, ус, автозамын салбарт хяналт тавих. 40-өөс дээш хэм хүйтэрсэн тохиолдолд ажиллах аюулгүй байдлыг хангах, хэрэгжилтэд нийслэлийн захирагчийн ажлын алба хяналт тавих, хотын цас, мөсний халтиргаа гулгаанд онцгой анхаарч ажиллах чиглэл өглөө. Мөн цас ихээр орж, халтиргаа гулгаа эхэссэн үед ажиллах хүн хүч хүрэлцэхгүй бол хэрхэх талаар дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний газар, нийслэлийн захирагчийн ажлын алба анхаарч ажиллахыг сануулаад инженерийн байгууламжийг дахин шалгах хэрэгтэй. Сүүлийн үед замын түгжрэл ихэсч байна. Түгжрэл юунаас болоод байгааг замын цагдаагийн газар шуурхай хуралдаан хийж асуудлыг ярилцах нь чухал. Түгжрэл ихтэй үед замын цагдаагийн бие бүрэлдэхүүнийг дайчлан ажиллуулах шаардлагатай. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч нар цас орсон үед ойр тойрныхоо 50 метрийн цасыг цэвэрлээгүй аж ахуйн нэгжид хариуцлага тооцож ажиллах үүрэг өгөв.
logo1