Засаг дарга Ц.Сандаг-Очир ахмадууддаа мэндчилгээ дэвшүүллээ

14444721_1119125581507247_6167144861657136338_oСайн байцгаана уу эрхэм хүндэт ахмадуудаа.

Улсынхаа болон дүүргийнхээ хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй  зүтгэж ирсэн үе үеийн  ахмад  буурлууд Та бүхэндээ олон улсын ахмадуудын баярын мэндийг хүргэе!

Монгол Улсын төрөөс  хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын 2.5.3 дахь заалтанд  ахмад настанд үзүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, тогтмолжуулна гэж заасны дагуу бид дүүргийн эрүүл мэндийн төвийн ахмадын эмчтэй хамтран ажиллах гэрээ хийж 7 хоног бүрийн Баасан гарагт ахмадын хорооны байранд үзлэг хийж, зөвлөгөө өгч байгаагийн зэрэгцээ дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төвийн арга зүйч, эмч нар ирж сургалт зохион байгуулж хэвшээд байна. Ингэснээрээ  ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал үндэсний хөтөлбөрт Ахмад настанд үзүүлэх халамж нь зөвхөн өвчин эмгэгтэй үед нь бус ахмад настны бие бялдар, сэтгэл санаа, нийгмийн болон орчны бусад хүчин зүйлийг оролцуулаад бүхэлдээ тэдний сайн сайхан байх нөхцлийг хангахад чиглэгдэх юм.

Багануур дүүрэгт нийтдээ 2469 ахмад настан байдаг. Үүнээс харьяалалтай 1104, харьяалалгүй 1365 ахмад настан байна. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 8.7 дахь хэсэгт ахмад настны ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөн зохион байгуулагдсан буюу татан буугдсан бол түүний эрх, үүргийг шилжүүлэн авсан этгээд ахмадуудыг бүртгэн авч нийгмийн хамгааллын арга хэмжээнд хамруулна гэсэн заалтын хүрээнд харьяалалтай болохыг хүссэн 5 ахмад настныг Ахмадын хороотой хамтран холбогдох байгууллагад харьяалуулах ажлыг зохион байгуулсан.

Түүнчлэн биеийн тамир, спортыг бүх байгууллага, аж ахуйн нэгж дэмжин хөгжүүлэх нь хувь хүний хөгжлийг хангах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй, аюулгүй, нийгэм-эдийн засгийн үр ашигтай аргын нэг юм.
Эдийн засаг, нийгмийн салбарт биеийн тамир, спортын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, хөгжих нөөц боломжийг эрхэмлэн үзэж, хүний хөгжлийн гол хүчин зүйл болохыг нь онцлон “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлов. Энэхүү бодлогын цөм нь нийтийн биеийн тамир байх бөгөөд биеийн тамир, спортыг бүх нийтийн хөдөлгөөн болгон орон даяар өрнүүлэх, хүн амын ажил, амьдралын салшгүй хэсэг болгох, улмаар Монгол хүний дундаж наслалтыг уртасгах зорилготой юм. Энэ бодлогын хүрээнд ахмад настнуудын дунд олон төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулагддаг  бөгөөд дүүргийн ахмад тамирчдын амжилт жилээс жилд ахисаар байна. Дурьдвал: Монголын Ахмадын Спортын 2 дугаар их наадамд дүүргийн ахмад тамирчид амжилттай оролцож багаараа 2 дугаар байр, Цэргийн баярын өдрийг тохиолдуулан нийслэлийн Хан-Уул дүүргийн ахмадуудтай хамтран  цэрэг хүчний байгууллагаас тэтгэвэрт гарсан ахмадуудын дунд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд 2 дугаар байрыг тус тус эзлээд  байна.  Мөн Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан О.Үржинбадамын нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнд дүүргийн 14 ахмад тамирчид оролцож эрэгтэй баг 1-р байр, эмэгтэй баг 4-р байр эзэлэж  шилжин явах цомыг гардан авсан амжилт гаргасан байна.

Ахмад буурлууд та бүхэн маань улс орон, дүүрэг хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө тасралтгүй хөдөлмөрлөж ирсэн гавьяатай, төр, засгийнхаа хайр ивээлийг эдлэх бүрэн эрхтэй юм. Ахмад настны аж амьдралыг дээшлүүлэх, тэдэнд үзүүлэх нийгмийн үйлчилгээг сайжруулах, ахмадуудаа эрүүл энх, урт удаан насалж, аз жаргалтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх төр засгийн бодлого бий.Тиймээс цаашдаа ахмадууддаа  хандаж  амьжиргааны түвшингөө дээшлүүлэх болон бизнес эрхлэх ур чадвар эзэмшүүлэх дэвшилтэт техник технологи ашиглаж сурах сургалтыг тогтмол зохион байгуулах, чөлөөт цагаа байгаль орчинтойгоо ойр байх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр “Ахмадын цэцэрлэгт хүрээлэн” бий болгох, биеийн тамир дасгал хөдөлгөөн тогтмол хийж бие бялдараа чийрэгжүүлэх зорилготой “Ахмадын хөгжлийн төв” нээх зэрэг ажлуудыг хийх хэрэгцээ шаардлагтай байна.   Ахмад настнуудын асуудал үе үеийн Засаг дарга болон түүний ажлын албаны  анхаарлын төвд байсаар ирсэн билээ. Үүнд нийгмийн халамж, ахмад настанд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, зэрэг өнөөгийн болон ирээдүйн ахмадуудын нийгмийн баталгааг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэж шинэ шатанд гаргах гэсэн олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө та бүхэнтэй нягт уялдаа холбоотой хамтран ажиллах болно.

Буянтай буурлууд та бүхнийг Багануур дүүргээ хөгжил дэвшилд хүргэхэд өөрсдийн хуримтлуулсан мэдлэг, туршлагаараа цаашид ч үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахыг хүсэн ерөөе!

Leave a Reply