Залуу багш нарын анхдугаар уулзалт боллоо

img_4605Дэлхийн багш нарын 22 дахь өдөр, Монголын багш нарын 50 дахь өдрийг тохиолдуулан ЗДТГ, Багануур дүүргийн залуу багш нарын холбоо хамтран “Залуу багш нарын анхдугаар уулзалт”-ыг зохион байгууллаа. Энэ жилийн багш нарын баярыг нийгэмд тустай бүтээлч ажил зохион байгуулах зорилгоор  энэхүү анхдугаар уулзалтыг зохион байгуулсан бөгөөд төр захиргааны  байгууллагын удирдлагууд болон боловсролын 17 байгууллагын 198 залуу багш нар, ахмад багш нар, ЕБС-ийн 12-р ангийн Шилдэг 100 сурагч оролцлоо.

Монголын залуу багш нарын холбооны дэд ерөнхийлөгч, НИТХ-ын төлөөлөгч, Монголын оюун ухааны академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар Монгол сурагчид дэлхийн оюуны олимпиадад хэрхэн амжилт гаргаж байгаа, цаашид боловсролын салбарын багш нар хэрхэн ажиллах шаардлагатай байгаа талаар мэдээлэл хийж “Тархиа хэрхэн үр дүнтэй ажиллуулах вэ?” сэдэвт лекцийг уншсан юм. Уг уулзалтын үеэр   сургууль, цэцэрлэгийн залуу багш нарын “Сайн хичээлийн үзэсгэлэн” гаргалаа. Залуу багш нарын анхдугаар уулзалтын үеэр дүүргийн ИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ээр “Гүн галуутай цогцолбор” сургуулийн физикийн багш Д.Болорцэцэг, 138-р цэцэрлэгийн багш Д.Цэцгээ нар шагнагдсан бол Дүүргийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр “Боловсрол цогцолбор” сургуулийн Математик, Мэдээлэл зүйн багш Н.Цэнхэр Хэрлэн, Дүүргийн Засаг даргын “Баярын бичиг”-ээр 139-р цэцэрлэгийн багш Ч.Эрдэнэтуяа шагнагдлаа. Монголын залуу багш нарын холбооны “Оюуны Од” медалиар 125-р сургуулийн биологийн багш Б.Эрдэнэчимэг, Соёлын ордоны дуулах ур зүйн багш Ц.Тогтохжаргал, 131-р цэцэрлэгийн багш Б.Онончимэг, 235-р цэцэрлэгийн багш М.Мөнхбайгаль нар шагнагдав.  Уулзалтын төгсгөлд дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Залуу багш нарын холбооны тэргүүн нар  “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм.

Leave a Reply