2016-2017 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир мэндчилгээ дэвшүүллээ

14064161_1093450064074799_6221878443520576648_nСайн байцгаана уу?

            Төрөлх дүүргийнхээ  багш, сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн мэргэд, хүүхэд залуучууд, эцэг эхчүүд, боловсролын салбарын нийт ажилтнууд та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе.

Монгол айл өрх, эцэг эхчүүд, эрдэмтэн мэргэдийн минь хичээн бэлтгэдэг эрхэм баярын нэг бол Хичээлийн шинэ жил юм.  Өнөөдөр манай дүүргийн  ЕБС-иуд, цэцэрлэг бүхэн  эрдмийн баяраар цалгиж, мөнгөн  хонхны дуугаар шинэ хичээлийн жилээ эхлүүлэх гэж байна.

2015-2016 оны хичээлийн жилийг  дүүргийн  Боловсролын  байгууллагууд  амжилт бүтээлээр дүүрэн  үдсэнийг  дурьдахад таатай байна.  Төрөөс СӨБ-ын чиглэлээр дэвшүүлсэн  бодлого,  шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ  улсын төсвийн 2,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 ортой 235-р цэцэрлэг, 240 ортой 241-р цэцэрлэгүүдийг  ашиглалтад оруулснаар  нийслэлийн хэмжээнд СӨБ-ийн хамрагдалтыг  100%-д хүргэсэн анхны дүүрэг боллоо.

ЕБС-ийн  багш,  сурган хүмүүжүүлэгчид, сурагчдын     өнгөрсөн хичээлийн жилд  гаргасан амжилтуудаас онцлоход:  2015-2016 оны хичээлийн жилд ЭЕШ-ыг 9 хичээлээр давхардсан тоогоор 1466 сурагч өгснөөс Боловсрол цогцолбор сургуулийн Математикийн багш С.Оросоо, Физикийн багш Б.Онончимэг, Монгол хэл, уран зохиолын багш Х.Мягмарсүрэн, Гүн галуутай цогцолбор сургуулийн Нийгмийн ухааны багш О.Болормаа, 125 дугаар сургуулийн Нийгмийн ухааны багш Б.Бадам нарын бэлтгэсэн  6 сурагч 800 оноо авсныг та бүхэндээ сонордуулахад  таатай байна.

Мөн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 6 хүртэлх насны ангилалд    дүүргийн Засаг даргын дэргэдэх Шатрын өсвөрийн шигшээ багийн тамирчин  Ганцолмонгийн Энх-Уянга 2 алт, 1 мөнгө, Боловсрол цогцолбор сургуулийн 31 ангийн сурагч Ариунболдын Очир-Эрдэнэ мөнгө, хүрэл,  Сурагчдын Ази тивийн АШТ-ээс Боловсрол цогцолбор сургуулийн 1-4 ангийн сурагч Одгэрэлийн Содтуяа мөнгө, Гүн галуутай цогцолбор сургуулийн 4-3 ангийн сурагч Эрдэнэбатын Энхжин алт, мөнгөн медаль хүртэн ОЛОН УЛСЫН ШАТРЫН ХОЛБООНЫ ДЭД МАСТЕР цол, Гүн галуутай цогцолбор сургуулийн сурагч Ганганбарсын Маралгуа, Батхишигийн Удвал нар Монгол Улсын спортын дэд мастер цол хүртэж, улс, олон улсын  хэмжээнд дүүрэг орон нутгийнхаа нэрийг дуурсгаж  яваа багш, сурган хүмүүжүүлэгчид, шавь нараараа бид бүхэн бахархахгүй байхын аргагүй билээ.

Боловсрол цогцолбор сургуулийн хөгжмийн багш Б.Балжиннямын удирдсан Засаг даргын дэргэдэх “Бүжиг бүжиг 1” хамтлаг  “Гэгээн алсын одод” Олон улсын хүүхдийн урлагийн наадмаас мөнгөн медаль, “Эх алдрын эхлэл” хүүхдийн урлагийн анхдугаар наадмын Тэргүүн байр, Монгол улсын 2016 оны “Шилдгийн шилдэг” хамтлаг Өргөмжлөл хүртснийг  баяртайгаар дуулгаж  байна.

2016-2017 оны хичээлийн жил нь МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны жил, Боловсролын шинэ бодлого төлөвлөлтийн хэрэгжилтийн эхлэл, Бүрэн дунд боловсролын “Цөм” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх хариуцлагатай жил болж байгаагаараа онцлог юм.

Энэ хичээлийн жилд бид бүхэн Монгол улсын Их хурлын  2015 оны 12 тоот тогтоолоор батлагдсан  “2014-2024 онд Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, БСШУЯамны  2016-2017 оны хичээлийн жилийн зорилтод зааснаар стандартад суурилсан боловсролын тогтолцоог бий болгох, сургуулийг хүн хөгжлийн төв болгон хөгжүүлэх, оюутанд төлбөрийн дарамтгүй суралцах нөхцлийг бий болгох,  бүх шатны боловсрол, сургалтын байгууллагад эрүүл, аюулгүй, ээлтэй орчин, хүртээмжтэй орчин бий болгоход хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Ингээд та бүхэндээ 2016-2017 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтоо  хэрэгжүүлэх  үйлсэд эрдэм мэдлэг, оюун ухаанаа дайчлан, өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтаа бататгаж, туршлага, сургамждаа тулгуурлан  амжилт бүтээлээр дүүрэн байхын    өлзийтэй ерөөөлийг өргөн дэвшүүлээд  Хичээлийн шинэ жил –Эрдмийн баярын үйл ажиллагаа нээснийг мэдэгдье.

 

ЭРДЭМ НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ