Хэрлэнгийн Шалган бүртгэх товчоон дээр 24 цагийн хяналт хийгдэж байна.

Нийслэлд Тарваган тахал, шинэ болон дахин сэргэн тархах зоонозын халдварт өвчин зөөвөрлөгдөн орохоос сэргийлэх зорилгоор “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/594 дүгээр захирамж, Багануур дүүргийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/248 дугаар захирамжийг үндэслэн, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн А/22 дугаар тушаалаар батлагдсан хуваарийн дагуу “Хэрлэн” автотээврийн шалган бүртгэх товчоон дээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нар дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мал эмнэлгийн эмч, ариутгагч нартай хамтран хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 24 цагаар ажиллаж байна. Тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачаа тээшинд тарваганы арьс, түүхий эдийг илрүүлэх үзлэг хийж, 24 хоногийн хугацаанд хяналт шалгалтанд нийт 5631 тээврийн хэрэгсэл, 12564 зорчигчид хамрагдаад байна.
Хяналт шалгалтаар тарвагатай холбоотой 1 зөрчил илрүүллээ.
2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн иргэн Г.О….. нь ………улсын дугаартай Prius-11 маркийн автомашинаар тарваганы 2 ширхэг тулам мах тээвэрлэн оруулж ирснийг саатуулан, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвд шинжлүүлэхээр шилжүүллээ. Холбогдох тээврийн хэрэгслийг халдваргүйтгэн “Ан амьтны тухай” хуулийн холбогдох заалтыг үндэслэн 384,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдууллаа.
Мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээгүй мал тээвэрлэсэн 16 зөрчил илрүүллээ.
Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүсэлгүй төв суурин нутагт оруулахгүй байх, зөрчил илэрсэн тохиолдолд захиргааны хариуцлага тооцож байна. Одоогийн байдлаар нийт иргэнд 16 иргэнд 305,0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ногдуулж, газар дээр нь барагдуулаад байна.
Шалгалтад хамрагдсан иргэдэд хэлтсийн байцаагчдын бэлтгэсэн “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” сэдэвт санамж, НМХГ-аас ирүүлсэн 2, хэлтсийн улсын байцаагчдын боловсруулсан 1 төрлийн зөвлөмж, тараах материал нийт 781 ширхгийг тарааж, зөвлөгөө өгсөн байна. Дүүргийн мал эмнэлэгүүд нь нийслэл рүү зорчиж буй тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэлийг хийн ажиллаж байна.
20160823_153122