ЗӨВЛӨМЖ

Аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан эрчим хүчийг хэрэглэх, ашиглах, угсралтын ажлын явцад анхаарч ажиллах тухай
Цахилгаан тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны байдлыг хариуцан ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй хэрэглэгчид болон эрчим хүчний угсралтын үйл ажиллагаа эрхлэгч ахуйн нэгж байгууллагад “Эрчим хүчний тухай” хууль болон түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас батлан гаргасан дүрэм, журам, стандартын мөрдөлт, хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлуудыг арилгуулах, 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан” Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын дагуу дараах арга хэмжээг авч ажиллахыг зөвлөж байна. Үүнд:
1.Өөрийн мэдлийн ашиглалт явуулж буй цахилгаан тоног төхөөрөмж, ерөнхий болон удирдлагын самбар, шугам сүлжээнд засвар үзлэгийг тогтмол хийх, техникийн паспортад тэмдэглэх.
2. Үйлчилгээний онцлогт тохирсон хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа /ХХАА/, эрүүл ахуйн болон галын аюулгүйн дүрэм, зааврын шаардлагад нийцсэн зориулалтын ажлын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглах.
3.Ашиглалт, угсралтын ажлыг батлагдсан зураг, төслийн дагуу эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх, хийгдсэн ажлын акт, протоколыг иж бүрдүүлэх, улсын комиссын актаар баталгаажсан объектыг хүлээн авч ашиглалт явуулах, нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх, холбогдох хууль, дүрмийн заалтыг мөрдөх.
4. Өөрийн эзэмшлийн хуваарилах байгууламж /РП/, дэд станц, цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугам бусад тоноглолыг өөрийн харъяа Түгээх төвүүдтэй ашиглалт үйлчилгээгээ хариуцан ажиллуулахаар “Цахилгаан тоноглолын найдвартай ба шуурхай ажиллагааны гэрээ” байгуулж ажиллах нь зүйтэй.
5.Ажлын байранд байвал зохих ажлын зураг,схем, гарын авлага, заавар, дүрэм, журам, хууль эрх зүйн актуудын иж бүрдэлт, хэрэгжилт, ажилчдын мэдлэг чадварын төвшингийн байдалд дотоодын хяналт тавьж, ажил үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангах.
6. Ажилчид инженер техникийн ажилтан нарт аюулгүй ажиллагаа, техник ашиглалтын дүрмийг мөрдүүлэх, уншуулах, судлуулах, аюулгүй ажиллах арга барилыг эзэмшүүлэх, үйлдвэрлэлийн осол, аюулгүй ажиллагааны мэдлэг олгоход чиглэгдсэн сургалтын ажлыг зохион байгуулан сургаж, мэдлэг, дадал, хэвшил олгож байгаа байдалд анхаарах, сургалтад хамруулах, 3 шатны зааварчилгааг үр өгөөжтэй өгөх.
7. Инженер техникийн ажилтан нарын эрчим хүчний тоног төхөөрөмжийг аваари эвдрэлгүй ашиглах, ашиглалт, засвар, угсралтын ажил дээр аюул осолгүй ажиллах, мэдлэг чадварыг үнэлэн тогтоож, ажиллах эрхийг баталгаажуулах мэдлэгийн шалгалтыг тогтмол авч хэвших.
8. Ажилчдыг чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх үйл ажиллагаа, хамгаалах хувцас, хэрэгслийн хангамж хүрэлцээний байдалд анхаарах
9.Газардуулгыг зургийн дагуу хийх, зэврэлтээс хамгаалж будах, узелийн өрөөний газуурдуулах полосаг хаалганы дээгүүр хийх, мэргэжлийн байгууллагаар газардуулгын эсэргүүцлийг хэмжүүлж баталгаажуулах ажилд онцгой анхаарч ажиллах, хэвших
10.Өрөө байрны галын болон тэсрэх аюулын зэрэг, орчны нөхцөлөөс хамааруулан шугам сүлжээ, цахилгаан үүсгүүр, хөдөлгүүр, гэрэлтүүлэгч зэрэг бусад цахилгаан тоног төхөөрөмжийн сонголт, ашиглалтын байдалд хяналт тавих, эрсдэл үүсэхээс хамгаалах
11.Цахилгааны богино холбоо, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл, хүчдэл ихсэх үед хамгаалах хэрэгслийг ашиглаж, тодорхой хугацаанд хэвийн ажиллагааг шалгаж байх
12.Цахилгаан шугам, аппаратын гэмтэл нь дамжуулагч утас болон кабелийн хөндийрүүлэгч, бүрхүүлийг хэт халаах, богино холбоо үүсгэх, оч гарах нөхцлийг бүрдүүлсэн байвал аюулгүй байдлыг хангах хүртэл сүлжээнээс салгах, засварлах, солих
13.Ашиглалтын явцад тусгаарлах шинж чанараа алдсан гэмтэлтэй хөндийрүүлэгчтэй кабель утас хэрэглэхгүй байх, гэмтэлтэй розетка, холболтын хайрцаг, залгуур, цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх
14.Хэрэглэгч байгууллагын цахилгаан хангамжийн зэрэглэлийн байдалд анхаарч ажиллах
15.Цахилгаан тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, үйл ажиллагаа нь холбогдох дүрэм, журам, норм, стандарт, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлагад нийцэж байгаа эсэхэд анхаарч ажиллах
16.Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасын зай хэмжээг барих
17.Засгийн газрын 311 дүгээр тогтоолын дагуу байгууллагадаа дотоод хяналтын журмыг боловсруулж, журмын дагуу дотооддоо хяналт хийдэг тогтолцоог буй болгон хяналтын ажилтанг тушаалаар томилон дотоод хяналтын тайланг үнэн зөв гаргах.
18.”Эрчим хүчний тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17,3 дахь болон 29 дүгээр зүйлийн 29.1.7, 30 дугаар зүйлийн 30,1.2, 30.1.3, 30.1.7, 30.1.8, 30.1.13, дахь заалтуудыг мөрдөж ажиллах.
2016 оны …. дугаар сарын …..
Уг зөвлөмжийг барилга байгууламжтай амралтын газруудад хүргүүллээ.
umhg-logo(1)

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.