Эрсдлээс сэргийлэх үүднээс улсын байцаагч зөвлөмж гарган хүргүүллээ.

Багануур дүүргийн 3-р хорооны иргэн Х нь өөрийн байрны ханыг дур мэдэн нурааснаас “Барилгын тухай” хуулийн 46,4 /Өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно/ заалтыг зөрчиж мөн хуулийн 50.1.9 дахь заалтыг үндэслэн 3.840.000₮-ний захиргааны хариуцлага ноогдуулсан тул иргэд та бүхнийг эрсдлээс урьдчилан сэргийлэхийг АНХААРУУЛЖ байна.
СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНД
Барилгын төлөвлөлт, зориулалт өөрчлүүлэхгүй байх тухай
Улсын их баяр наадам болохтой холбогдуулан Нийслэлийн Багануур дүүргийн нийтийн зориулалттай танай холбооны орон сууцыг өмчилж, эзэмшиж, ашиглаж буй иргэн, оршин суугч, аж ахуй нэгжүүдэд “Барилгын тухай” хууль, “Орон сууцны тухай” хууль болон БНбД13-04-03 /Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацаа жишиг норм дүрэм/-г, БНбД22-01-01 /Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм/-н шаардлагуудыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд хохирох эрсдлийг гаргуулахгүй байх, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараахь асуудлуудад анхаарахыг ЗӨВЛӨЖ байна. Үүнд:
1. Өөрийн холбооны харъяа байрнуудын барилгын бүтээц хийц, төлөвлөлт, зориулалтыг анхны зураг төслөөс нь хууль бусаар нураалган өөрчлүүлэхгүй байхад анхаарч хөндлөнгийн хяналтыг тогтмол тавих.
2. “Барилгын тухай” хуулийн 11.1.1. /механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх/ заалтыг зөрчсөн зөрчлийг арилгуулан хэрэгжилтийг хангуулан хүний амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах,
3. Барилгын даацын хийц болон дотор, гадна инженерийн шугам сүлжээний ашиглалтын төлөв байдалд байнгын хяналт тавих,
4. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014.01.17-ны өдрийн 7 дугаар тогтоол “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын 6-р заалтын 6.13 /Нийтийн зориулалттай орон сууцанд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, чанар аюулгүй байдлын норм зөрчсөн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно. Үүнд:
а. Химийн хорт бодистой харьцах
б. Хурц үнэртэй, тэсэрч дэлбэрэх, галд амархан шатдаг материал хадгалах, худалдах
в. Арьс шир, түүхий эд хүлээн авах, хадгалах, худалдах
г. Комиссын худалдаа, хими цэвэрлэгээ, саун, халуун ус, угаалгын газар, алт мөнгөний дарханы үйлчилгээ
д. Хуушуур, пирошки, боорцог хайрах үйлчилгээ
е. Хаяг, хэвлэл, реклам, чимэглэлийн үйлдвэр гэсэн хориглосон үйлдвэрлэл үйлчилгээг хийлгэхгүй байх
5. БНбД22-01-01-ийн 3.23 /Том хавтгайлжин барилгын хөндлөн буюу дагуу хана нь хоорондоо буюу давхар дундын хучилтуудаараа нийлж холбогдон орон зайн нэгдсэн системийг үүсгэн газар хөдлөлтийн ачааллыг хүлээн авахаар төлөвлөнө/ шаардалагыг зөрчихгүй байх.
6. Барилгын хийц, бүтээцэд ан цав, цууралт үүссэн зэрэг ноцтой эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж дүгнэлт гаргуулан холбогдох арга хэмжээ авч ажиллах.
Иймд дээрхи зөрчлүүд илэрсэн тохиолдолд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Батзаяа-д 99989961 утсаар нэн даруй мэдэгдэж зөрчлийн таслан зогсооход хамтран ажиллана уу.
Хувийг: Хорооны Засаг дарга-д, ЗАА-нд
ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛСЭН:БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ: Н.БАТЗАЯА
1

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.