“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД БҮХ НИЙТИЙН ОРОЛЦОО” сэдэвт зөвлөгөөнд Засаг дарга Б.Бямбадоржий хэлсэн үг

j (38)Дүүргийн ИТХ, Засаг дарга түүний тамгийн газраас санаачилан зохион байгуулж байгаа энэхүү зөвөлгөөний үйл ажиллагаанд цаг заваа гарган хүрэлцэн ирсэн дүүргийн иргэд, хууль хүчний байгууллагын хамт олон та бүхний энэ  өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

1992 онд тухайн цаг үеийхээ нийгэм эдийн засгийн өөрчлөлттэй уялдан батлагдсан шинэ үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөө, үүрэгтэй холбоотой зарим заалтуудыг өнөөдрийн зөвөлгөөн дээр тодруулж эргэн сануулан  дурдах нь зүйтэй гэж үзэж байна.Үндсэн хуулийн 2-р бүлэгт хүний эрх, эрх чөлөө, мөн биелүүлэх үндсэн үүргийг тодорхой зааж хамгаалж өгсөн байдаг.

14-р зүйлийн 1-р заалт: Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.

14-р зүйлийн 2-р заалт: Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.

16-р зүйлийн 13-р заалт: Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална.

16-р зүйлийн 14-р заалт: Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.

19-р зүйлийн 3-р заалт: Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй.

Өмнөх нэг намын тогтолцоотой нийгэмд хууль дарга нарт үйлчилдэг, хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг байсан. Жишээ дурдая: Ямар нэгэн алдаа гаргаад шоронд орсон хүн насаараа амьдрал нь хар, эсвэл  ямар нэг байдлаар өөрийнхөө эрхийг хамгаалсан шударгаар тэр үеийн нийгэм дарга нараа шүүмжилсэний төлөө намаасаа хөөгдсөн хүн мөн хараар будуулж ахин дээш өгсөх үнэнчээр хөдөлмөрлөх, алдар гавьяагаа үнэлүүлэх ямар ч боломжгүй болдог байсан. Тэгвэл өнөөдөр намаасаа гарч нөгөө намд элсэх, дахин элсэх чөлөөтэй болсон. Шоронд ороод засан хүмүүжиж гарч ирээд төрийн өндөр албан тушаалд хүрч дэвшиж ажиллах нь хэвийн үзэгдэл болсон. Энэ юуг хэлээд байна вэ гэвэл  хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ийм нийгэмд бид амьдарч байна гэдгээ ухамсарлан ойлгож хөл нийлүүлэн ажиллаж амьдрахыг хэлээд байгаа юм аа.

Иймээс манай хууль хүчний байгууллагынхан хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлын манаанд зогсож байгаа, иргэд ард түмэндээ  үйлчилгээ үзүүлдэг байгууллага болсон гэдгээ гүнээ ухамсарлан ажиллах ёстой гэдгийг цохон тэмдэглэж байна.

Бид  өнөөдөр орон нутгийн хэмжээнд  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор  “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД  БҮХ НИЙТИЙН ОРОЛЦОО” сэдэвт зөвлөгөөнийг  Дүүргийн цагдаагийн хэлтэс, Прокурор шүүхийн байгууллагатай хамтран  зохион байгуулж байна.  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь зөвхөн хууль хүчний болон төр захиргааны байгууллагын үүрэг,  ажил биш юм,    дүүрэг орон нутагтаа гэмт хэрэг, зөрчилгүй амгалан тайван амьдрахад иргэд  та бүхний оролцоо хамгаас чухал байна. Тийм ч учраас бид зөвлөгөөнөө ийнхүү нэрлэсэн болно.

Дүүргийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөр,    эдийн засаг, нийгмийн он оны зорилтуудад  гэмт хэргийн гаралтыг бууруулах, илрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Архи, тамхины худалдаа, борлуултад тавих хяналтыг сайжруулах, гэр бүлийн хүчирхийлэл ахуйн хүрээнд үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх,  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 126 тоот  тогтоолоор батлагдсан “Хөршийн хяналт”  хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган зам, нийтийн үйлчилгээний газрууд, гэр хороололд  гэрэлтүүлэг камерыг нэмэгдүүлэх  зэрэг ажлуудыг тусган хэрэгжүүлж байгаа  боловч  гэмт хэргийн гаралт төдийлөн буурахгүй байна. Жишээлбэл: Дүүргийн прокуророос дугаар авсан гэмт хэргийн тоо 2013 онд 315 байсан бол   2014 онд 338, 2015 онд 390 хүрсэн  байгаагаас харахад гэмт хэргийн тоо жил ирэх тусам  өссөн болох нь харагдаж байна. Гэмт хэргийн гарал ийнхүү өсч байгаа нь  манай дүүргээр мянганы зам дайран өнгөрдөг, зүүн аймгууд руу зорчих урсгал их байдаг, тойрсон сумдуудын иргэд манай дүүрэгт их орж гарч амьдарч байгаатай тодорхой хэмжээгээр холбоотой боловч   гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил дорвитой үр дүнд хүрэхгүй жил бүр өсөөр  байна. Тиймээс бид өнөөдөр энэхүү байдалдаа дүгнэлт хийж, гэмт хэрэг, зөрчил  гарах болсон шалтгаан нөхцлийг нарийвчлан судалж, нээлттэй хэлэлцсэний үндсэн дээр цаашид хийх ажилаа эрчимжүүлж судалгаанд суурилсан  бодлого боловсруулан  хэрэгжүүлж  тодорхой үр дүнд хүрэхийг зорьж байна.

Бидний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил энэхүү зөвлөгөөнөөр  хязгаарлагдахгүй , цаашид олон олон ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаас дурьдвал:  дүүргийн  Цагдаагийн хэлтсээс санаачлан  “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд тулгамдаж буй асуудлууд” сэдэвтэй онол практикийн бага хурлыг Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн  эрдэм шинжилгээ, судалгааны  мэргэжлийн байгууллагуудтай хамтран ирэх 5-р сард зохион байгуулахаар төлөвлөөд байна.  Мөн Цагдаагийн хэлтсийн техник хэрэгслийг сайжруулах,  дүүргийн хэмжээнд камержуулалтыг нэмэгдүүлэх, “Хөршийн хяналт” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхээр  төлөвлөж байгаа ба эдгээр ажлуудыг иргэдтэйгээ хамтарч хийсэнээр гэмт хэргийн гаралт тодорхой хувиар буурна гэдэгт итгэлтэй байна.

Энд хүрэлцэн ирсэн  төр захиргааны болон хууль хяналтын байгууллагуудын төлөөлөл, иргэд  та бүхнийг зөвлөгөөндөө идэвхитэй  оролцож, санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэхийг  хүсч байна.