Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхтэй холбоотой асуулт, хариулт

32_f8e624832979e75a768e87487ec36f8da08a5611Асуулт 1.“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулиар хэд хэдэн оны шимтгэлийг нөхөн төлж болох вэ?

Хариулт: Өөрөөс нь  үл хамаарах шалтгаанаар 1990 оноос 1994 оныг дуусталх хугацаанд өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллагад албан ажил хөдөлмөр эрхлээгүй байсан хугацааг ажилласнаар, 1995-2000 оны хоорондох жилийн шимтгэл нь төлөгдөөгүй бол тухайн иргэн өөрөө хүсвэл нөхөн төлөх боломжтой болно.

 Асуулт2.  Өөрөөс нь үл хамаарах шалтгаан гэдэгт юуг хамааруулан ойлгох вэ?

Хариулт: 1990-ээд оны үед  өмч хувьд шилжиж, тэр үед олон үйлдвэр, аж ахуйн газрууд дампуурч, татан буугдсан, ажлын байр олдохгүй болсон, байгууллагын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөний улмаас орон тоогоо цомхотгосон, мөн мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр халагдсан зэрэг нөхцөл, байдлыг хамааруулан ойлгоно.

Асуулт 3. Би 61 настай. Эрэгтэй.  Нийт улсад 16 жил ажилласан учир 2011 онд өндөр насны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгон авч байна. 1990 онд ажиллаж байсан байгууллага  дампуурсны улмаас 1991-1994 онд /4 жил / ажилгүй байсан,  тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хуулийн дагуу энэ 4 жилийг нөхөн тооцуулж тэтгэврээ дахин тогтоолгож болох уу?

Хариулт: Болно.Та ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жилээ нөхөн тооцуулж тэтгэвэр тогтоолгосон жил /16+4/-ээ нэмэгдүүлж,  20 жил шимтгэл төлснөөр тооцуулан  өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгох боломжтой.

Асуулт 4. Ажилласан жилээ нөхөн тооцуулсан тэтгэврийн нэмэгдлээ хэзээнээс авч болох уу?

Хариулт: Иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацаанд ногдох тэтгэврийн нэмэгдлийг 2014 оны 1-р сарын 1-нээс тооцож олгоно.

Асуулт 5. Улсад 27 жил ажиллан, 2003 онд  өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. 1995 оны 1 сараас аж ахуйн нэгж байгууллага нь өөрчлөн байгуулагдсаны улмаас 1999 оны 12 сар дуустал  ажил хийж, шимтгэл төлөөгүй.  Шинэ хуулийн дагуу НДШ-ийг нөхөн төлж тэтгэврээ нэмэгдүүлж болох уу? Болох бол хэдэн төгрөгийн шимтгэл тушаах вэ?

Хариулт:  Ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хуулийн дагуу шимтгэлээ нөхөн төлж тэтгэврээ өөрчлөн тогтоолгож болно. Учир нь хуулийн 4 дүгээр зүйлийн 1.2-д “Аж ахуйн нэгж байгууллага нь өөрчлөн байгуулагдсаны улмаас орон тооны  цомхотголд орсон” бол ажилласан жилийг нөхөн тооцно гэж заасан. Нийт 78120 төгрөгийн  шимтгэл нийгмийн даатгалын санд төлнө.

Асуулт 6. Хуульд  нөхөн төлөх шимтгэлийг тухайн үеийн  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 хувиар төлнө гэжээ, тухайн үеийн хөдөлмөрийн хөлс хэд байх вэ?

Хариулт. Үүнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны А/57 дугаар  тушаалаар баталсан журамд тусгасан байгаа. 1995, 1996, 1997, 1998 оны 7-р сарын 1 хүртэл 9600 төгрөг, 1998 оны 7-р сарын 1-нээс 2000 оны 10-р сарын 1-нийг хүртэл 12000 төгрөг, 2000 оны 10-р сарын 1-нээс 2000 оны 12-р сарын 31-нийг дуустал 18000 төгрөг байна.

Асуулт 7. Би одоо 41 настай. 1990-1995 оны хооронд хүнд өвчний улмаас ажил хийж байгаагүй. Одоо ажиллаагүй  жилээ нөхөн тооцуулж  болох уу? Тэтгэвэрт гарахад  надад нөлөөлөх үү?

Хариулт:  Шинээр батлагдсан хуулийн дагуу та ажилласан жилээ нөхөн тооцуулж болно. Тэтгэвэрт гарахад  таны ажилласан жил нөхөн тооцсон хэмжээгээрээ нэмж тооцогдоно.

Асуулт 8. Ажилласан жилээ нөхөн тооцуулахдаа ямар ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Хариулт:  Иргэн ажилласан жилээ нөхөн тооцуулах тухай хүсэлт гаргахдаа дараах бичиг, баримтыг нийгмийн даатгалын байгууллагад бүрдүүлж өгнө.
1/ Иргэний үнэмлэх, түүний хуулбар
2/ Нийгмийн даатгалын дэвтэр, түүний хуулбар
3/ Хөдөлмөрийн дэвтэр, түүний хуулбар
4/ Хөдөлмөрийн дэвтэр байхгүй тохиолдолд ажилласан хугацааг шүүхээс тогтоосон шүүхийн шийдвэр, түүний хуулбар
5/ Хөдөлмөрийн дэвтэр, ажилласан хугацааг шүүхээс тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй тохиолдолд архивын лавлагаагаар баталгаажуулсан дүүрэг, сумын Засаг даргын тодорхойлолт зэрэг материалыг бүрдүүлнэ.

Асуулт9.  Ажил эрхлээгүй байсан жилээ нөхөн тооцуулахын тулд хаана хандах вэ?

Хариулт: Өөрийнхөө оршин суугаа газрынхаа нийгмийн даатгалын байгууллагад хандаж, өргөдөл гаргана.

Асуулт10. Ажилласан жил, шимтгэлээ нөхөн тооцуулахад тухайн иргэн юуг анхаарах ёстой вэ?

Хариулт: Хамгийн гол нь хуульд заасан ажилласан жил, шимтгэл нөхөн тооцуулахад шаардлагатай  нотлох баримтуудыг бүрдүүлэх хэрэгтэй. Тухайлбал, тухайн үед ажиллаж байсан байгууллага нь татан буугдсан, дампуурснаас ажлаас халагдсныг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр, уг аж ахуйн нэгжийг татан буулгасан шүүхийн шийдвэр, татан буулгах комиссын тогтоол, шийдвэр, ажилдаа тэнцэхгүй болсныг нотлох баримт, тухайн баг хорооны тодорхойлолт, архивын лавлагаа гэх мэтчлэн нотолж чадах баримтаа үнэн зөв бүрдүүлэх нь чухал. Уг иргэний бүрдүүлсэн баримтын үндэслэлийг нийгмийн даатгалын болон холбогдох байгууллагууд шалгаж, нягтлах болно.
Түүнчлэн энэ хууль бол зөвхөн нэг удаагийн арга хэмжээ учраас та ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулахыг хүсвэл 2013 оны 8 дугаар сарын 1-нээс өмнө хүсэлтээ гаргах учиртай юм. Энэ хугацаагаар хүсэлт гаргасан нийт иргэдийн бүртгэлийг хаах бөгөөд 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн тэтгэврийн нэмэгдлийг тооцон олгож эхэлнэ.

Comments Closed

Comments are closed.