Багануур дүүрэгт зохион байгуулсан “Цагаан сар” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үйл ажиллагаанд улсын байцаагчид хамтран урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг гүйцэтгэлээ.

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/10 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” нэгдсэн удирдамжийн хүрээнд нийтийг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, ажил үйлчилгээний чанар, стандартын шаардлагыг хангуулах, үүсч болзошгүй эрсдлээс сэргийлэх, иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж, зөвлөгөө өгөх зорилгоор дүүрэгт зохион байгуулагдсан “Цагаан сар” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа”-ны үйл ажиллагаанд Эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандарт, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид хамтран урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг гүйцэтгэлээ.
“Цагаан сар” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа нь 2016 оны 01 дүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд “Демситрейд” ХХК-ий “Эко” хүнсний захад зохион байгуулагдсан бөгөөд уг арга хэмжээнд сүү цагаан идээ, айрагны 20, мах, махан бүтээгдэхүүний 15, хэвийн боовны худалдаа эрхлэгч 10, хүнс, хүнсний ногоо, жимсний 14 нийт 59 худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд үзэсгэлэн худалдаанд хамрагдлаа.
Шалгалтын явцад 24 зөрчил илэрсэн ба 8 зөрчлийг арилгууллаа. Хөдөө орон нутгаас бэлтгэн нийлүүлж буй малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл нь ариутгал, цэвэрлэгээ үйлчилгээ хийгдээгүй, худалдаа эрхлэгчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд бүрэн хамрагдаагүй, ажлын хувцас өмсөөгүй, жин хэмжүүрийн баталгаажилтын хугацаа дууссан, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг сүлжээний өөрт хамаарах үе шатанд хөтлөөгүй, “Эко” хүнсний захын худалдааны заалны дулаан +100С хэм байсан зэрэг зөрчлийг илрүүллээ. Мөн +180С хэмтэй хөргөх төхөөрөмжид хадгалж байсан, үйлдвэрлэсэн огноо нь тодорхой бус, хиамны өнгө, чийглэг байдал, үнэр, хэлбэрээ алдсан 8 нэр төрлийн 7.95 кг, 54990 төгрөгийн үнэ бүхий хиам, зайдас, элэгний нухашийг худалдаанаас татан авч, устгуулахаар улсын байцаагчийн акт үйлдэн, зөрчил гаргасан иргэнд торгуулийн арга хэмжээг авч ажиллалаа.
Савласан бүтээгдэхүүний шошгололтын шаардлага хангаагүй, монгол, англи, орос хэлнээс өөр хэлээр бичигдсэн шошготой, үйлдвэрлэсэн огноо нь тодорхой бус, шошгололтын зөрчилтэй бүтээгдэхүүнийг худалдаалахгүй байх талаар худалдаа эрхлэгчдэд мэргэжлийн зөвлөгөө өгч, зөрчлийг арилгууллаа.Худалдаалагдаж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор 16 сорьцыг МХХ-ийн нян судлал, мал эмнэлэг, химийн лабораторид хүргүүлэн, шинжлүүлж байна.

4

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.