Хил залгаа сумдад хонины цэцэг өвчин гарсантай холбогдуулан эрсдлээс сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

Сар шинэ болохтой холбогдуулан хонь, ямааны махыг худалдан авахдаа гарал үүслийн бичгийг сайтар үзэж авахыг зөвлөж байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01 дугаартай “Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” албан даалгавар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан төлөвлөгөөний дагуу 5 газарт малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мал эмнэлэг ариун цэвэр, гарал, үүслийн гэрчилгээ, ариутгал халдваргүйтгэлийн байдалд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулж, Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулж, 5 хороодын Засаг дарга, 5 мал эмнэлгийн нэгжүүдэд хүргүүлэв. Мөн уг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хуулийн сахин мөрдөлтийг сайжруулах, ойрын хугацаанд хийж гүйцэтгэх ажлын талаар дүүргийн Засаг дарга, хороодын Засаг дарга нарт 31 заалт бүхий улсын байцаагчийн 6 албан шаардлагыг хүргүүллээ.
ХОНЬ, ЯМААНЫ “ЦЭЦЭГ” ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Нугаар” багт хонины Цэцэг өвчин гарсантай холбогдуулан байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд дараахь сэрэмжлүүлгийг хүргэж байна.
1.Тодорхойлолт:
Өндөр халуурал, арьс, салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм.
2. Үүсгэгч:
Хонь ямааны цэцэг үүсгэгч нь ийлдсийн нэг хэвшилтэй, бусад төрлийн амьтдыг өвчлүүлдэггүй.
3.Өвчин үүсгэгчийн тэсвэрт чанар:
Цэцгийн үүсгэгч бусад вирусыг бодвол гадаад орчин, малын биемахбод түүхий эдэд удаан хугацаагаар идэвхээ хадгална. Өвчилж эдгэрсэн малын үс, ноосонд 2 сар хүртэл, гадаад орчинд 2-6 сарын турш идэвхээ алдахгүй. Харин 1%-ийн карболийн хүчлийн уусмалд хэдэн минутын дотор идэвхээ алдана.
4. Халдвар дамжих замууд:
Халдварын эх үүсвэр нь өвчилсөн, нууц үедээ байгаа хонь, ямаа бөгөөд тэдгээрийн нус, нулимс, баас, шээс, шарх, тавны хогжруу зэргээр гадаад орчныг бохирдуулна. Мөн өвчтэй мал амьтныг гардан эмчлэх, тэжээх явцад хувцас, малын тоног хэрэгсэл, ноос, ноолуур, арьс, вирусээр бохирдсон хашаа хороо, тэжээл, хэвтэр бууцаар дамжин халдвар тархана. Цэцгээр хонь, ямаа нас хүйс, үүлдэр харгалзахгүйгээр өвчлөх ч нялх хурга, эрлийз мал илүү мэдрэмтгий.
5. Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг:
Өвчний нууц үе 21 хүртэл хоног байна.Өвчилж буй хонь, ямааны биеийн халуун 410С хүрч 1-5 өдрийн турш үргэлжилнэ.
Нүд ам, хамраас нулимс, салст идээт нус, нуух гоожих, зовхи хавагнах, судасны лугшилт олширч амьсгал түргэсэх, цэцгийн цэврүүт гүвдрүү, булдруу ихэвчлэн толгой, уруул, хамрын самсаа, шанаа, нүдний орчим болон цавь, суга, дэлэн, хуухнаг, гуя, сүүлний дотор талын үсгүй хэсэгт үүсэж, ус тэжээлд дургүй болох шинж тэмдэг илэрнэ.
Цэцгийн булдруу нь эхлээд бага зэрэг хавагнасан ягаан өнгөтэй, дугуй тууралтбайх ба 1-2 хоноод улаан хүрээтэй, хатуу гүвдрүү болно.Хэмжээний хувьд амархан томрох бөгөөд энэ үед малын халуун нэмэгдэнэ.
1-3 хоногийн дараа гүвдрүү тунгалаг, шаравтар өнгөтэй шингэнтэй болно.Гүвдрүүний өнгөн хөрс нимгэн тав болон 5-6 хоноод хуурна. Өвчтэй хонь ямааны нуруун дээр дарахад маш эмзэглэлтэй байна.
Нүдний эвэрлэг бүрхүүл гэмтсэнээс хараагүй болно. Өвчин хүндэрсэн үед тууралт гүвдрүүнүүд хоорондоо нийлж, арьсны ихээхэн талбайг нэмтээхийн дээр идээт үрэвсэл хавсарна.
Гүвдрүү орчмын арьс үржиж яршаад эдгэрэхдээ сорви үлдээнэ. Үүнийг монголчууд хар цэцэг гэж нэрлэдэг бөгөөд ихэвчлэн хурга ишгэнд тохиолдоно. Хээлтэй хонь цэцгээр өвчилсөн үед халдвар ихсээр дамжиж хээл хаях, үхсэн төл гарах шинж илэрнэ.
6. Онош:
Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна.
7. Эмчилгээ: Эмчилгээ байхгүй.
8.Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ:
– Хорио цээрийн дэглэм хэрэгжүүлнэ.
-Хорио цээр тогтоосон бүсэд эргүүл пост гаргах, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг байгуулах ажлыг зохион байгуулна.
-Ил шинж тэмдэгтэй малыг устгах
-Хүн, тээврийн хэрэгсэл, малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах,
-Өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх анхууруулга, сэрэмжлүүлэг өгөх арга хэмжээг авна.
– Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгийн малыг вакцинжуулах, ариутгал халдваргүйтгэл хийх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
-Голомтын бүсээс мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хориглоно.

1