Зөвлөмж

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ЭМНЭЛГИЙН ХОГ ХАЯГДЛЫН
ЖУРАМ МӨРДӨЖ АЖИЛЛАХ ТУХАЙ
Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, мэргэжлийн тусалцаа дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгөх зорилгоор Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын талаар дараахь зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
Нэг: Эрүүл мэндийн Сайдын 2011 оны 158 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйтгэх, устгах заавар”.
Хоёр. Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилан ялгах үйл ажиллагаа: Эрүүл мэндийн байгууллагаас үүсч буй нийт хог хаягдлыг ердийн болон тусгай гэж 2 ангилна (Бүдүүвч 1).
Бүдүүвч 1: Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын ангилал /зургаар/
2.1.Ердийн хог хаягдал: Ердийн хог хаягдлыг ахуйн болон дахин боловсруулах хог хаягдал гэж ангилна.
2.1.1. Ахуйн хог хаягдал: Ахуйн хог хаягдалд дараах төрлийн ердийн хог хаягдал хамаарна. Үүнд:
Албан тасалгаа, үйлчилгээний өрөө, бие засах газар, гал тогоо, агуулах, хонгил, орчны эдэлбэр газар, цэцэрлэг, ногоон талбайгаас гарч буй сав баглаа боодол, хоол хүнс, жимсний хальс гэх мэт хог хаягдал орно.
2.1.2. Дахин боловсруулах хог хаягдал: Шил, цаас, цаасан хайрцаг, хөнгөн цагаан, хаягдал төмөр болон төрөл бүрийн хуванцар зэрэг ашиглаж болох хог хаягдал нь дахин боловсруулах хог хаягдалд хамаарна. (Хүснэгт 1).
Хүснэгт 1: Ердийн хог хаягдал
2.2. Тусгай хог хаягдал.
2.2.1. Халдварын зэрэг өндөртэй хог хаягдал: Олон улсын эрүүл мэндийн дүрэм (ОУЭМД)-ээр зохицуулагддаг болон байгалийн голомтот халдварт өвчнүүд, сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчнүүдийн үед болон лабораториос үүсэх хог хаягдлууд (эд эсийн өсгөвөр дэх эмгэг төрөгч агуулсан амьд үүсгэгч, тэжээлт орчин, тэдгээрийг хэрэглэхэд ашиглагдаж буй багаж хэрэгсэл) халдварын зэрэг өндөртэй хог хаягдалд хамаарна (Хүснэгт 2).
Хүснэгт 2: Халдварын зэрэглэл өндөртэй хог хаягдал
2.2.2.Халдвартай хог хаягдал: Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад үүсэх халдварын эрсдэл бүхий биеийн өтгөн, шингэн ялгадас, цус, цэр, шүлс, г.м.-ээр бохирлогдсон зүйлс; арьс, салстыг арчиж цэвэрлэх, эмчилгээ үйлчилгээнд хэрэглэсэн цаас, самбай, хөвөн, даавуу г.м. боолтын материал; нэг удаагийн хуванцар багаж хэрэгсэл, гуурс, толь, бээлий, систем, малгай, амны хаалт, хуучирсан цагаан хэрэглэл болон бусад хог хаягдлууд нь халдвартай хог хаягдалд хамаарна (Хүснэгт 3).
Хүснэгт 3: Халдвартай хог хаягдал
2.2.3. Хурц үзүүртэй, иртэй хог хаягдал
Хүснэгт 4: Хурц үзүүртэй, иртэй хог хаягдал
2.2.4. Эмгэг хог хаягдал: Мэс ажилбар, задлан шинжилгээний явцад гарсан биеийн хэсэг, тайрсан эд эрхтэн, хавдрын ургацаг, эхэс, зулбадас гэх мэт хог хаягдал эмгэг хог хаягдалд хамаарна (Хүснэгт 5).
Хүснэгт 5: Эмгэг хог хаягдал
2.2.5.Эмийн хог хаягдал: Хугацаа дууссан, хэрэглэхийг хориглосон, хагарч гэмтсэн, бохирдсон эм, биобэлдмэл, вакцин, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бодис агуулсан сав, тун шил, хайрцаг гэх мэт хог хаягдал эмийн хог хаягдалд хамаарна (Хүснэгт 6).
Хүснэгт 6:Эмийн хог хаягдал
2.4.6. Химийн бодисын хог хаягдал: Эрүүл мэндийн байгууллагын оношилгоо эмчилгээ, шинжилгээ, судалгаа, цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэлийн үйл ажиллагааны явцад үүссэн хатуу, шингэн, хийн байдалтай лабораторийн хаягдал (урвалж оношлуур, химийн бодисын хаягдал г.м.), ариутгалын бодис, уусгагч, рентген зургийн хальс бэхжүүлэх, боловсруулах уусмал, формальдегид, этилен оксид, хугацаа дууссан химийн бодисууд гэх мэт хог хаягдал нь химийн бодисын хог хаягдалд хамаарна (Хүснэгт 7).
Хүснэгт 7: Химийн бодисын хог хаягдал
2.2.7.Эсэд хортой нөлөөтэй хог хаягдал: Хавдрын эмчилгээний үед хэрэглэгддэг эсэд хортой нөлөө үзүүлдэг эм, эмийн үлдэгдэл, тэдгээрийг агуулж байсан сав, тун шил, хайрцаг, хавдрын эмчилгээ хийлгэсэн хүний биологийн шингэн гэх мэт хог хаягдал нь эсэд хортой нөлөөтэй хог хаягдалд хамаарна. (Хүснэгт 8).
Хүснэгт 8 : Эсэд хортой нөлөөтэй хог хаягдал
2.2.8.Цацраг идэвхит хог хаягдал: Эмчилгээ, оношилгоо, шинжилгээ, судалгааны ажлын явцад үүсэх Cr-51, Ga-67, I-25, I-131, In-111, P-32, Rb-86, RD-222, S-35, Tc-99m гэх мэт ионжуулагч цацраг бүхий радионуклидууд агуулсан цацраг идэвхит шинж чанар бүхий хатуу, шингэн, хийн хаягдал нь цацраг идэвхит хог хаягдалд хамаарна. (Хүснэгт 9).
Хүснэгт 9: Цацраг идэвхит хог хаягдал
2.2.9. Даралтат сав: Шахсан хий, шингэн, нунтаг материал агуулсан бортогон хэлбэртэй цилиндр эсвэл аэрозольтой савнууд даралтат саванд хамаарна. Даралтат савыг босоо байрлалд хадгална.
2.2.10. Хүнд металлын хог хаягдал: Хэрэглээнээс гарсан халууны шил, даралтны аппарат г.м. эмнэлгийн зарим төрлийн багаж хэрэгсэл, өдрийн гэрэл, зай нь хүнд металл, тухайлбал кадьми, мөнгөн ус, хар тугалга г.м. агуулдаг тул эдгээр хог хаягдал нь хүнд металлын хог хаягдалд хамаарна. (Хүснэгт 10).
Хүснэгт 10: Хүнд металлын хог хаягдал
2.3. Хогийн уут, саванд тавигдах шаардлага
2.3.1. Хог хаягдлын уут дараах шаардлага хангасан байна.
1. Амархан цоорч гэмтэхгүй, шингэн нэвчихгүй, нийлэг материалаар хийгдсэн, 5 микроноос багагүй зузаантай уутыг ашиглана.
2. Хог хаягдлын уут тус бүрийн ангилалд тохирсон өнгөтэй байх бөгөөд тохирох таних тэмдэг, тэмдэглэгээг байрлуулсан байна.
2.3.2. Хогийн сав, уут тогтоогч дараах шаардлага хангасан байна.
1. Зориулалтын хогийн сав эсвэл уут тогтоогчийг ашиглана.
2. Хогийн сав нь шингэн нэвчихгүй, хуванцар, металл зэрэг материалаар хийгдсэн зузаан, бат бөх байна.
3. Хогийн сав нь таглаатай, хөлөөрөө дарж онгойлгодог байна.
4. Уут тогтоогч нь өндөр нягтралтай хуванцар материалаар хийгдсэн, таглаатай байх бөгөөд хэрэв овор ихтэй бол дугуйтай байна.
5. Гарч байгаа хаягдлын хэмжээнээс хамаарч хогийн сав, уут тогтоогчийн багтаамж нь 10 – 250 л байх бөгөөд 2/3 –т “Анхаар” гэсэн тэмдэглэгээ байна.
6. Хогийн сав, уут тогтоогч нь био аюулгүйн тэмдэг тэмдэглэгээтэй байна.
2.3.3. Хог хаягдалтай уут, савыг тодорхой нэг газар байршуулж, хаягдлыг ангилан ялгах талаар заавар, санамжийг бичиж тавьсан байна.
Гурав. Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг цуглуулах, зөөвөрлөх, түр байршуулах, тээвэрлэх үйл ажиллагаа.
3.1. Ангилан ялгасан хог хаягдлыг эмнэлэг дотор цуглуулах, зөөвөрлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална (Бүдүүвч 2).
Бүдүүвч 2: Хог хаягдал (х.х.)-ыг эмнэлэг дотор цуглуулах, зөөвөрлөх үйл ажиллагаа
3.2. Тасаг доторх хог цуглуулах цэгээс эмнэлгийн хог хаягдлыг түр хадгалах байр руу хог хаягдлыг зөөвөрлөх тэргэнцэр, сав нь дараах шаардлага хангасан байна:
– Ачиж, буулгах хялбар байх, Хог хаягдалтай уутыг гэмтээхээр хурц ирмэг, үзүүргүй байх
– Таглаатай, тэмдэглэгээтэй, түгээмэл хэрэглэгддэг угаалга цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн бодист тэсвэртэй, цэвэрлэхэд хялбар материалаар хийгдсэн байх
– Хэт өндөр биш байх
3.3. Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг эмнэлэг дотор зөөвөрлөх хамгийн оновчтой маршрутыг байгууллага бүр тогтоосон байна. Ингэхдээ хог хаягдлын хэмжээ, төрөл, тасаг доторх цуглуулах цэгийн байршил, багтаамж, зөөвөрлөх тэргэнцрийн хүрэлцээ, үйлчлүүлэгчдийн нягтрал зэргийг тооцоолсон байна.
4. Эмнэлгийн хог хаягдлыг түр хадгалах байранд тавигдах шаардлага
4.1. Эрүүл мэндийн байгууллага бүрт эмнэлгийн хог хаягдлыг түр хадгалах байр байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Хана, тааз, шалыг угааж цэвэрлэх, халдваргүйтгэх боломжтой байх,
Ус, бохир усны системийн холболттой, шал нь бохир ус зайлуулах хоолойтой байх,
Эмнэлэг дотроо эсвэл тусдаа байранд байрлаж тээврийн хэрэгсэл чөлөөтэй нэвтрэх зам талбайгаар хангагдсан байх,
Хаалга нь цоожтой, гадны хүн болон шувуу, бусад амьтан орох боломжгүй байх,
Шаардлагатай хэрэгслээр хангагдсан байх (хоргүйжүүлэх, саармагжуулах бодис, уусмал, цэвэрлэгээний материал, хөргөх төхөөрөмж г.м.)
Нарны шууд тусгал тусахгүй, сэрүүн (18о C хүртэл, 60%-иас ихгүй чийглэгтэй), агааржуулалт сайтай байх
Байгалийн эсвэл зохиомол гэрэлтүүлэг хүрэлцээтэй байх,
Аюулгүй ажиллагааны зааварчилгаатай байх (шингэн асгарсан тохиолдолд авах арга хэмжээ болон цус, биеийн шингэнтэй ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгаа г.м.),
Хог хаягдлыг жинлэх зориулалттай жинтэй байх, бүртгэл хөтлөх,
Боловсруулалтын арга өөр өөр хог хаягдал (химийн, цацраг идэвхит бодис, халдвартай г.м.) ялгаж хадгалах боломжтой байх бөгөөд агаар дахь хорт бодисуудын агууламж эрүүл ахуйн шаардлага хангасан байна.
Хогийн сав, хог тээвэрлэх тэргэнцрийг цэвэр болон бохироор тусад нь хадгалах боломжтой байх,
Гадна талдаа “Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг түр хадгалах байр” тэмдэглэгээтэй, дараах таних тэмдэгтэй байх (Зураг 1).
Зураг 1. Түр хадгалах байрны гадна талын таних тэмдэг
• Дотор талдаа дараах таних тэмдэгтэй байна (Зураг 2).
Зураг 2. Түр хадгалах байрны дотор талын таних тэмдэг
4.2. Түр хадгалах байранд хог хаягдлыг эмнэлэг дотор зөөвөрлөх тэргэнцэр, ууттай хог хаягдлыг хадгалах зориулалтын том хэмжээтэй хогийн савтай байх бөгөөд эдгээрт байнгын болон урсгал засвар үйлчилгээ тогтмол хийнэ.
5. Хог хаягдлын тээвэрлэлт
5.1. Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг эмнэлгээс гадагш тээвэрлэхэд энэхүү зааврын гуравдугаар хавсралтад заасан зааврыг мөрдөнө.
5.2. Эмнэлгийн хог хаягдлыг долоо хоногт 3-аас доошгүй удаа тээвэрлэн зайлуулна.
Дөрөв. Хог хаягдлыг устгал
4.1. Эрүүл мэндийн байгууллагаас гарсан ердийн хог хаягдлыг тухайн орон нутгийн тохижилт үйлчилгээний байгууллагуудтай хийсэн гэрээний дагуу устгана.
4.2. Эрүүл мэндийн байгууллагад үүссэн тусгай хог хаягдлыг халдваргүйтгэж устгахад дараах аргуудын аль нэгийг хэрэглэнэ.
• Өндөр даралттай уураар халдваргүйтгэх
• Бичил долгионоор халдваргүйтгэх
• Зориулалтын шатаах зууханд өндөр температурт шатаах (1100°C-аас дээш температур)
• Эрүүл ахуйн шаардлага хангасан булах цэг (ландфилл)-т хаяж, өдөр тутам хөрсөөр хучих
• Булах, булшлах
4.3. Тусгай хог хаягдлыг ангилал тус бүрт тохирсон дараах аргаар устгана.
4.3.1. Халдвартай болон хурц үзүүртэй, иртэй хог хаягдлыг устгал
Халдвартай хог хаягдлыг шар уутанд, хурц үзүүртэй, иртэй хог хаягдлыг аюулгүйн хайрцагт тус тус цуглуулж автоклавт 105 оС-ийн температурт 30-аас багагүй, 121 оС-ийн температурт 20-оос багагүй эсвэл 134 оС-ийн температурт 10-аас багагүй минутын хугацаанд халдваргүйтгэсний дараа боломжтой бол буталж, боломжгүй бол бутлалгүйгээр ландфилд булж устгана.
Хурц үзүүртэй, иртэй хог хаягдлыг зайлуулахад зүү шатаагч, зүү хугалагч багаж хэрэгсэл хэрэглэж болох бөгөөд хэрэглэсэн тохиолдолд зүүг шатааж эсвэл хугалж тариурын ар талын хуванцрыг халдвартай хог хаягдлын адилаар шар уутанд цуглуулан дээрхтэй адил аргаар халдваргүйтгэсний дараа ландфилд дарж булна.
Ариутгалын чанарыг шалгахдаа химийн индикаторыг ариутгал болгонд, харин биологийн индикаторыг сард нэг удаа ашиглана.
4.3.2. Халдварын зэрэг өндөртэй хог хаягдлыг устгал
Халдварын зэрэг өндөртэй хог хаягдлыг үүссэн цэгт буюу тухайн байгууллагын тасаг, нэгжид урьдчилан химийн аргаар эсвэл өндөр даралттай уураар урьдчилан халдваргүйтгэсний дараа бохир усны шугам, шаардлага хангасан бохирын цооногт нийлүүлэх бөгөөд эсвэл халдвартай хог хаягдлын адил устгана.
4.3.3. Эмгэг хог хаягдлыг устгал
Хэрэв эмгэг хог хаягдал нь жижиг хэмжээтэй, танигдахааргүй байвал халдвартай хог хаягдлын адилаар устгана. Бусад эмгэг хог хаягдлыг шатаана. Шаардлага хангасан шатаах зуух байхгүй тохиолдолд булах эсвэл ихсийн нүхэнд хийх зэрэг аргаар устгана. Ихсийн нүхийг хөдөө орон нутагт ашиглана.
4.3.4. Эмийн хог хаягдлыг устгал
Эмийн тусгай хог хаягдлыг үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, хандивлагчид эргүүлэн буцаах эсвэл өндөр хэмд шатаах зууханд шатаах аргаар устгана. Эмийн хог хаягдлыг блистер, лонх, хуванцар сав, уутнаас нь гаргалгүйгээр зөвхөн гаднах хайрцаг, баглаа боодлоос нь салгаж хуванцар, ган эсвэл төмөр бортогон дотор хийж түүн дотроо 75 хувьд нь хатуу ба хагас хатуу эм хийж үлдсэн хэсэгт нь цемент, шохойн холимог, элс зэргээр чигжиж (хаягдал 65 хувь, шохой 15 хувь, цемэнт 15 хувь, ус 5 хувь тус тус байна), бүрхүүлдсэний дараа булна.
Хор багатай буюу хоргүй шингэн амин дэм, төрөл бүрийн концентрацтай, аюулгүй шингэнүүд болох давс, амин хүчил, глюкоз, өөх тос зэрэг шингэн эм, эмийн зүйлийг шингэлэн бохир усны шугам эсвэл шаардлага хангасан бохирын цооногт хийнэ. Хор багатай буюу хоргүй капсул, шахмал, мөхлөг, тарилгын нунтаг, хольц, тос, лосьон, гель, лаа гэх мэт хатуу, хагас хатуу хэлбэртэй эм, эмийн хог хаягдлыг гаднах боодлоос нь салгаж бутлагчаар буталж жижиглэсний дараагаар ахуйн хог хаягдлын цэгт хаях эсвэл булна.
Хортой эм, бодис агуулсан туншилыг хатуу, шингэн нэвчдэггүй гадаргуу эсвэл металл бортого, саванд хийж бат бөх модон тайрдас эсвэл алхаар бяцалж хагарсан шилнүүдийг цуглуулан хурц иртэй зүйл хадгалах боломжтой саванд хийж лацдан газарт шууд булж устгана. Туншилыг шатаахад дэлбэрэх, шатаах зуухыг гэмтээх боломжтой тул шатааж болохгүй.
Эсэд хортой нөлөөтэй эмийн хог хаягдлыг ханган нийлүүлэгчид нь буцааж өгөх, эсвэл зориулалтын шатаах зууханд өндөр хэмд шатааж устгана.
4.3.5. Химийн бодисын хог хаягдлыг устгал
Рентген зураг авахад ашигласан бэхжүүлэгч уусмалыг түр хадгалж дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагад шилжүүлнэ.
Химийн бодисын хог хаягдлыг түр хадгалах зориулалтын байранд аюулгүйгээр хадгалж, аюултай хог хаягдлын нэгдсэн байгууламжид хүлээлгэн өгнө.
4.3.6. Эсэд хортой нөлөөтэй хог хаягдлыг устгал
Эсэд хортой нөлөөтэй эмийн хог хаягдлыг үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, хандивлагчид буцаах эсвэл 2 тасалгаатай өндөр хэмд шатдаг зориулалтын шатаах зууханд шатаана. Эдгээр эмийг шууд газарт булах, бохир усны шугам хоолойд хийх, туншилыг бяцлахыг хориглоно. Эмийг бортогоны эзэлхүүний 50 хувьд нь хийгээд цемент, шохой, усыг 15:15:5 харьцаатайгаар сайтар хольж дүүргэн бортогыг гагнаж лацдан 7-28 өдөр орхино. Хатаж, бэхжиж, хөдөлгөөнгүй болсон бортогыг газарт булж, дээрээс нь шингэн нэвчихгүй шавар давхарга хийнэ.
4.3.7.Цацраг идэвхит хог хаягдлыг устгал
Цацраг идэвхит хаягдлыг Монгол улсын “Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль” болон холбогдох дүрэм, зааварт заасны дагуу устгана.
4.3.8. Даралтат савны устгал
Даралтат сав нь тэсрэх аюултай тул аюултай хог хаягдалтай хольж уураар халдваргүйтгэж, шатааж болохгүй. Инертийн хий, аюултай бодис агуулсан сав шатах эсвэл цоорох тохиолдолд дэлбэрэх эрсдэлтэй байдаг тул тусад нь цуглуулж дахин ашиглах эсвэл үйлдвэрлэгчид эргүүлэн нийлүүлнэ.
4.3.9. Хүнд металлын хог хаягдлыг устгал
Хүнд металлын хог хаягдлыг түр хадгалах байранд хадгалж аюултай хог хаягдлын нэгдсэн байгууламжид хүлээлгэн өгнө.
4.3.10. Шингэн хог хаягдал зайлуулалт
Эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламж нь төвлөрсөн буюу хэсгийн бохир ус зайлуулах шугамд холбогдсон бол хаягдлыг урьдчилан хоргүйжүүлж, саармагжуулж халдваргүйтгэсний дараа шугамд нийлүүлнэ.
Хэрэв бохир ус зайлуулах шугамд холбогдоогүй бол бие засах газар, бохирын цооног нь хөрс, газрын доорхи усыг бохирдуулахгүй эрүүл ахуйн шаардлага хангасан байх бөгөөд тэдгээрийг тогтмол хугацаанд халдваргүйтгэх шаардлагатай.
Халдвартай шингэн ялгадсыг халдваргүйтгэхийн тулд гипохлорид кальци 1:5 хэмжээтэй хийж 1 цаг, 3–5 хувийн хлорамин “Б” 2:1 хэмжээтэй хийж 1–2 цаг байлгана. Өтгөн ялгадасыг 1 литрт 400 грамм хлорын шохой байхаар тооцож, 2 цаг байлгаж халдваргүйтгэнэ.
Хаягдлыг химийн аргаар халдваргүйтгэхэд эрх бүхий байгууллагаас зөвшөөрөгдсөн бодисыг зохих заавар журмын дагуу хэрэглэнэ.
Дээрх зөвлөмжийн дагуу ажиллахыг Багануур дүүргийн Эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөж байна.

3

Leave a Reply