Сэрэмжлүүлэг

Шинэ жилийн баярын үеэр пиротехникийн хэрэгсэл болох салют, галт сум, тэсрэх үйлчилгээтэй хэрэгслүүдийг иргэд, албан байгууллагууд ихээр хэрэглэдэг. Өмнөх жилүүдэд баталгаат бус пиротехникийн хэрэгсэл хэрэглэснээс иргэд хөл, гараа бэртээсэн тохиолдол хэд, хэдэн удаа гарч байв.
Манай улсад пиротехникийн хэрэгслийг худалдан борлуулах албан ёсны зөвшөөрөлтэй “Тотал мюзик”, “Очир ундраа” гэсэн хоёр компани байдаг аж. Гэвч иргэд хувиараа урд хөршөөс үйлдвэрлэсэн газар, хэрэглэх заавар зэрэг нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг үнэ хямдаар оруулж ирснээс золгүй тохиолдлууд гардаг байна.Иймд баталгаагүй бүтээгдэхүүнийг худалдан борлуулахгүй байхад мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллаж байна.
• Нийслэлийн нутаг дэвсгэрт соёл урлаг, худалдаа, үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн барилга, байгууламжид пиротехникийн хэрэгсэл ашиглан салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулахгүй байх
• Сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй зориулалтын гэрлэн чимэглэлээр чимж, хүчдэл дамжуулах утсыг дүрмийн дагуу холболт хийх
• Цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа шатамхай /цаас,саа,хөвөн г.м/ зүйл дээр хаяхгүй байх
• Оргилуурт гэрэл, тэсрэх бодист динамит нь 25 секунд ажиллаад нэг метр 60 см-ийн өндөрт гэрэл цацруулдаг. Ингэсний дараа суурийн чөлөөт шаталт нь зургаан секунд орчим үргэлжилдэг тул уг бүтээгдэхүүнийг өрөө, тасалгаанд хэрэглэхгүй байх
• Сүлд модны ойролцоо шатах материалыг байршуулахгүй байх
• Цахилгаан ашиглалтын дүрмийг мөрдөж, эвдрэл гэмтэлтэй зориулалтын бус цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх
• Байгууллага, гэрийнхээ дотор, гадна талын гэрлэн чимэглэлийг дүрмийн дагуу угсарч ашиглах
• Харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж хариуцлагатай эргүүл жижүүрийг томилон үүрэг гүйцэтгэлд нь хяналт тавих
• Гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг стандартын дагуу бүрдүүлж бэлэн байдлыг хангах
• Авралтын зам гарцуудыг чөлөөтэй байлгаж, гарцыг багасгах, хааж түгжихийг хатуу хориглохыг анхааруулж байна.
Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй худалдааны цэгүүдэд мэргэжлийн байгууллагын хяналтгүйгээр худалдаалагдаж байгаа салют, бенгалын гал, гэрэл гаргах хэрэгслийн /пиротехникийн хэрэгсэл/ ашиглалт, хадгалалтанд мөрдөх зааврын талаар худалдаа, үйлчилгээ эрхлэгч та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэж байна.
Монгол улсын Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолоор батлагдсан “Пиротехникийн хэрэгслийг импортлох, ашиглах дүрэм”-ээс:
1. Пиротехникийн хэрэгсэл импортлох, бөөнөөр худалдах аж ахуйн нэгж, иргэн нь тухайн хэрэгслийн зориулалт, тоо хэмжээ, хадгалах, тээвэрлэх нөхцөл зэргийг тодорхой заасан өргөдлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж бүртгүүлсэн байна.
2. Пиротехникийн хэрэгсэл жижиглэн худалдах аж ахуйн нэгж, иргэн нь тухайн нутаг дэвсгэрийн мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлсэн байна.
3. Худалдан борлуулах пиротехникийн хэрэгслийг галын аюултай материал, хэрэгсэл хадгалах шаардлага хангасан агуулахад хадгална.
4. Пиротехникийн хэрэгслийг бөөнөөр худалдан авч байгаа аж ахуйн нэгж, иргэд худалдаалагч байгууллагаас барааг, ашиглах заавар, аюулгүй ажиллагааны зааврын хамт авах шаардлагатай.
5. Худалдааны байгууллага нь салют, бенгалын гал, гэрэл гаргах хэрэгслийг иргэдэд худалдаалахдаа ашиглах заавар, аюулгүй ажиллагааны зааврын хамт худалдана.
6. Пиротехникийн хэрэгсэлд хамаарагддаггүй хэрэгслийн нэг болох динамитыг импортлох, худалдахыг хориглоно.
7. Пиротехникийн хэрэгслийг ашиглах, хадгалах талаар өгсөн зааврыг зөрчсөн тохиолдолд дараах хариуцлагыг хүлээлгэнэ.
Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуулиас:
47 дугаар зүйл. Аюулгүй ажиллагааны журам зөрчих
2. Тэсэрч дэлбэрэх болон радио идэвхит, түүнчлэн хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг бүртгэх, хадгалах, ашиглах, тээвэрлэх, илгээх, борлуулах, олж авах, бэлтгэх журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 1000-25000 , албан тушаалтныг 2000-40000, байгууллага, аж ахуйн нэгжийг 60000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна гэснийг анхаарч манай зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллана уу.
Салют, бенгалийн гал, бусад хэрэгсэл ашиглах, худалдах талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сэрэмжлүүлж байна
Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Пиротехникийн хэрэгсэл /салют, бенгалын гал, бусад/ импортлох, ашиглах эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагын анхааралд:
• Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолоор баталсан “Пиротехникийн хэрэгсэл худалдаалах, ашиглахыг хориглох тухай журам” –ын хэрэгжилтийг ханган ажиллах
• Монгол Улсын Засгийн газрын 2006 оны “Пиротехникийн хэрэгслийг импортлох, ашиглах дүрэм батлах тухай” 149 дүгээр тогтоолд заасан пиротехникийн хэрэгсэл ашиглах, үйл ажиллагаа явуулах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагаас бусад аж ахуйн нэгж байгууллага, иргэн уг хэрэгслийг ашиглах, худалдахыг хориглоно.
• Мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүй, чанар аюулгүйн шаардлага хангаагүй салют болон бусад бараа бүтээгдэхүүн худалдаалахыг хориглоно.
Иргэд, хэрэглэгчдийн анхааралд:
• Пиротехникийн хэрэгсэл ашиглах, худалдах эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагаас баталгаатай бараа бүтээгдэхүүнийг худалдан авах
• Төрийн захиргааны байгууллагуудын байр, соёл боловсрол, эрүүл мэндийн байгууллага, гэр хороолол, нийтийн эзэмшлийн орон сууц түүний ойр орчинд, барилгын зоорийн давхарт, нийтийг хамарсан арга арга хэмжээг зохион байгуулж буй задгай талбай, хүнс барааны зах болон гар дээрээс Пиротехникийн хэрэгслийг худалдаалах, худалдан авах, ашиглахыг хориглоно.
• Чанар аюулгүйн шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн авч хэрэглэхгүй байх, нийгмийн хэв журмыг сахиж, зөв боловсон баярлах, өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, насанд хүрээгүй хүүхдэд уг хэрэгслийг ашиглуулахгүй байх талаар онцгой анхааруулж байна.

3 5