Дүүргийн Засаг даргын эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын биелэлтийг хангалттай гэж дүгнэлээ

12395446_945118465602561_1250196006_nЖил бүр улс, нийслэл дүүргийн хөрөнгө оруулалт, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх дүүргийн эдийн засаг, нийгмийн тухайн оны зорилтыг боловсруулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, жилийн эцэст хэрэгжилтийг тооцдог. Үүний дагуу дүүргийн ИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаанаар дүүргийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилтийг дүгнүүллээ. Улиран одож буй 2015 он орон нутгийн хэмжээнд цаг үеийн болон түүхэн шинжтэй олон үйл явдлууд тохиолдсон онцлог жил байлаа. Тухайлбал иргэдийнхээ оролцоотой хотын дүрмээ баталж, Багануур хотыг байгууллаа. “Үйлдвэр технологийн парк” “Оюутны хотхон”-ы техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, гэр хорооллын айл өрхийг дахин төлөвлөлтөд хамруулж, дэд бүтэцжүүлэх, зам, гэрэлтүүлэг тавьж, газар олголт ил тод шуурхай болсноор дүүргийн нийт иргэдийн 47 хувь нь газраа өмчилж нийслэлийн дүүргүүдээс өндөр үзүүлэлттэй байна. Түүнчлэн эрдэм боловсролтой иргэд зорилтын хүрээнд 640 хүүхдийн суудалтай 125 дугаар жишиг сургууль 2013 онд ашиглалтад орсон бол 2015 онд 194-р цэцэрлэг,  280 хүүхдийн ортой 193-р цэцэрлэг ашиглалтад орсноор Багануур дүүрэг сургуулийн өмнөх насны хүүхдүүдээ цэцэрлэгт 100 хамруулж чадсан анхны дүүрэг болсон. Эрүүл мэндийн төвд 2015 онд эмгэг нярайн төв, гемодиализийн тасаг, нийгмийн эрүүл төвийг шинээр нээж иргэдээ эрүүл чийрэг байлгах нөхцөл боломжийг бүрдүүллээ. Мөн дүүргийн дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах үүднээс хоёрдугаар конторын ажил хийгдэж дууслаа. Оршин суугчдын ая тухтай байдлыг хангах үүднээс 7,47-р байрнуудын гадна дулаалга хийж, дусаал гоождог байрнуудад дээврийн засварын ажлыг үе шаттай хийснээр энэ хүндрэлийг шийдвэрлээд байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх ажилтай орлоготой байх боломж бүрдэж “Шувуун саарал” цогцолборыг 2015 онд ашиглалтад оруулан ажиллажээ. Дүүргийн ИТХ-аар батлагдсан тогтоолоор “Дүүргийн эдийн засаг нийгмийн 2015 оны зорилтот”-д 5 бүлэг 146 зорилт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 114 зорилт бүрэн хэрэгжиж 31 зорилт хэрэгжих шатандаа байна гэдгийг ИТХ-д тайлагнаж, хэлэлцүүлэхэд дүүргийн Засаг даргын эдийн засаг нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилтийг 92,5 хувьтай “Хангалттай” гэж  дүгнэлээ. Мөн хуралаар 2016 оны орон нутгийн хөгжлийн сангийн ажилд 1 тэрбум 496,8 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний ажлуудыг баталлаа. Үүнд нийгмийн салбар, тохижилтын чиглэлээр тоног төхөөрөмж худалдан авах, барилга байгууламж барих, иргэдийн бүлгээр хийгдэх ажил, зураг төсөв зэрэг ажлуудад зарцуулах эрхийг жагсаалтын дагуу баталсан юм.

Leave a Reply