Авлигагүй Багануур хотоо хамтдаа бүтээцгээе

12346486_482981238541538_2756880453585768297_nДүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтын дагуу Авлигаас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх олон нийтийн зөвлөл байгуулагдан ажиллаж 2700 гаруй иргэнд сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулаад байна. Энэ удаа дүүргийн Засаг даргын дэргэдэх “Авлигаас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх зөвлөл”-өөс “Авлигагүй Багануур хотоо хамдтаа бүтээцгээе” онол практикийн бага хурлыг зохион байгуулж 50 гаруй  байгууллагын 200 орчим ажилтан албан хаагчид болон иргэд оролцсон юм. Иргэдийн дунд явуулсан судалгааны дүнгээр авлига, хүнд сурталтай байж болзошгүй эхний долоон байгууллагын удирдлагууд илтгэл тавилаа. Авлигаас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх зөвлөлийн дарга Х.Пүрэвсүрэн “Авлигыг үл тэвчих ёс зүйг төлөвшүүлэх тухай”, ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтсийн дарга Б.Туяа “Төрийн байгууллагын ажилтан албан хаагч, албан тушаалтны авлига хүнд суртал, Төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдал”, Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга Ч.Баяржаргал “Авлига хүнд сурталтай тэмцэх арга зам”,  ЭМТ-ийн чанарын албаны дарга н.Баатархүү “Авлига хүнд суртал үүсэж буй шалтгаан, түүний хор холбогдол, цаашид авлига хүнд суртлын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, Өмч газрын харилцааны албаны дарга Ш.Отгонбаяр “Авлига ашиг сонирхлын зөрчил түүнээс урьдчилан сэргийлж ажиллаж байгаа болон мэдээллийн ил тод байдал хангагдаж байгаа эсэх”,  138-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхтуяа “Нийтийн албан тушаалтны заавал баримтлах ёс зүйн зарчмууд”, Боловсрол цогцолбор сургуулийн захирал М.Туулсайхан “ Хүүхэд залуусыг шударга иргэн болгож төлөвшүүлэхийн тулд багш сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлага”, БНХК-ий захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Л.Шагдарсүрэн “Авлигаас ангид шударга нийгмийн төлөөх та бидний үүрэг оролцоо” сэдвүүдээр тус тус илтгэл тавьж өөрийн байгууллагадаа авлигаас урьдчилан сэргийлэх,хүнд сурталгүй хамт олон болохын төлөө хэрхэн ажиллаж байгаагаа танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ.