Дүүргийн онцгой комисс хуралдлаа

12309626_920970374656103_1637191577273674149_oЭнэ жил зуншлага тааруу, бэлчээрийн гарц алаг цоог, нийт газар нутгийн 50 орчим хувь нь гантай буюу гандуу байлаа. Энэ нь малын тарга тэвээрэг, хадлан тэжээлийн бэлтгэлд  муугаар нөлөөлсөн байж болзошгүй хэмээн үзэн дүүргийн Онцгой комисс хуралдаж өвөлжилтийн цаг үеийн байдалтай танилцлаа. Хүйтний улирал эхэлж улс орон даяар цас ихээр орж зарим аймгуудын өвөлжилт хүндрээд байна. Багануур дүүрэгт цас багагүй орсны улмаас халтиргаа гулгаа үүсэх, малчдын өвөлжилт хүндрэх төлөвтэй болж, хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор галалгаа ихсэж ахуйн гал түймэр ихсэх хандлагатай байна. Иймд дүүргийн онцгой комиссын гишүүд цуглаж инженер хангамжийн  байгууллагууд болон бусад  байгууллагын дарга нар өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангасан болон байдал ямар байгаа талаар мэдээлэл хийлээ. БН ХК өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 7 төрлийн 83 ажил төлөвлөсөн бөгөөд  89 хувийн гүйцэтгэлтэй, авахад бэлэн нүүрсний нөөц 400 мянган тонн буй сарын нөөцтэй байна. Харин Дулааны станц ТӨХК-ий дулаан дамжуулах үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа  бөгөөд  2755 тонн нүүрс буюу 9 хоногийн нөөцтэй байна. БН-УС ОНӨААТҮГ нь өвлийн бэлтгэл ажлын хүрээнд үйлдвэрийн бүсийн бохир усны шугамд нэмэлт худаг гаргах, ус хангамж, түгээх шугамын шинэчлэл, Хэрлэн станцын хоёрдугаар бүсийн хашааг шинэчлэн засах, Гүний 2,6,7 дугаар худгийн газардуулга  аянга зайлуулагч хийх, ус нөөцлөх усан сангийн угаалга хийх 31 багц ажил төлөвлөснөөс 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Автожим ОНӨААТҮГ-ын хувьд 36 тонн цас хайлуулах бодис, 7тонн давс 25 тонн дайрга нөөцөлжээ. ЭМТ-ийн хувьд цас их орж өвөлжилт хүндэрвэл холын дуудлагад явахад машин техникийн хүндрэл үүсч болзошгүй гэнэ. Учир нь дүүргийн ЭМТ нь 6 машинтай байх ёстойгоос 3 нь актлагдаж 3 машинтай ажиллаж байгаа юм байна. Дүүргийн хэмжээнд хүндэрсэн асуудал байхгүй бөгөөд цаашид цас ихээр нэмэгдэж орвол техник хэрэгсэлтэй компаниудыг дайчилж цас цэвэрлэгээг хийх учраас нийгмийн хариуцлага ухамсарлаж бэлэн байгаарай гэдгийг Засаг дарга санууллаа. Мөн   Нийслэлээс фондны өвс бэлтгэхэд зориулж 30 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн байна. Фондны өвсийг хадгалах саравч 49 сая төгрөгөөр барих бөгөөд тендэр зарлаж гүйцэтгэх компанийг шалгаруулан 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэнэ. Хороод, Онцгой байдлын хэлтэс хамтран гал түймрээс урьдчилан сэргийлэх сургалт мэдээлэл иргэдэд өгч, үзлэг өрнүүлэх, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд хүрч байгаа  нүүрсний чанарт БН ХК анхаарах хэрэгтэй, өмнөх жилүүдийг бодвол хүйтэн өвөл болох төлөвтэй байгаа учраас байгууллага аж ахуйн нэгжийн дарга нар хариуцлагаа өндөрсгөж ажиллах үүргийг Онцгой комиссын дарга бөгөөд дүүргийн Засаг дарга өглөө.