Э.БАТ-ҮҮЛ: Өөрсдөдөө олдсон боломжоо ашиглан хөгжил дэвшлийг бий болгоорой

12314296_414927425371184_8749228835778180462_oХотынхоо шинэ захирагчийг уухайлан халуун дотноор хүлээн авсан Багануурчууд та бүхэндээ баяр хүргэе. Монголын ардчиллыг хөгжүүлэхэд асар үнэ цэнэтэй хувь нэмэр оруулсан Багануурчууд та бүхэндээ баяр хүргэж, талархал илэрхийлье. Мөн Багануурыг дагуул хот болгох шийдвэрийг гаргасан, шийдвэр гаргахад бүх талын дэмжлэг үзүүлсэн НИТХ-д талархал  илэрхийлье. Улс өөрийн үндсэн хуультай байдагчлан хот өөрийн дүрэмтэй байдаг. Өөрийн дүрэмтэй болгоход хүчин чармайлт гаргасан ажлын хэсгийн гишүүд, нийслэлийн тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд талархалаа илэрхийлье. Би сэтгэл хөдөлж илэрхийлж буй эдгээр талархалуудынхаа утга учрыг тодруулъя. Бид 1990 онд ард иргэддээ үйлчилдэг төрийг бий болгохын төлөө тэмцсэн. Дээд дарга нарт биш, намд биш, намын гишүүнд биш зөвхөн ард иргэддээ үйлчилэхийн төлөө ажилладаг төртэй болохын төлөө бид тэмцсэн юм. Ийм төр байгуулснаа 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Үндсэн хуулиар зарлан тунхагласан. Энэ үндсэн хуулинд төрийн үндсэн үүрэг бол иргэддээ үйлчлэх явдал  гэж заасан байдаг. Гэхдээ харамсалтай нь үнэнийг хэлэхэд энэ заалт өнөөдрийг хүртэл тийм дорвитойгоор хэрэгжиж чадахгүй явж ирсэн. Та бүхэн мэднэ бид шинэ үндсэн хуультай болж, ардчилсан сонгуулийг бий болгосон. Ардчилсан сонгуулиар төрөө байгуулдаг болсон. Гэхдээ ард иргэдээсээ сонгогдсон тэр төрийн түшээд нь намдаа, дээд шатныхаа даргадаа үйлчлэхээс биш ард иргэддээ үйлчилдэг байдал доголдсоор ирсэн. Үүнийг та бүхэн сайн мэдэж байгаа. Сонгууль бүрийн дараа ард иргэд маань гомдол тавьж хоцорсоор л үлдсэн. Үнэн хэрэгтээ бид шинэ үндсэн хуулиар засаг захиргааны тогтолцоог хэвээр нь авч үлдсэн. Засаг захиргааны тогтолцооны нэг онцлог нь дээд шийдвэрийг доор хүргэж өгөх. Түүнээс биш иргэдийн хүсэл зоригийг хангаж, тэр хүсэл зориг нь дээр нь үндэслэж шийдвэр гаргах нь орхигдсон. Харин манай Багануурчууд үүнийг хамгийн түрүүнд олж харж, иргэддээ үйлчилдэггүй тэр төр засгийг өөрчлөхийг хүсэж хөдөлсөн. Багануурчууд үндсэн хууль, хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан цагаас хойш өөрөө өөрийнхөө төлөө, иргэдийнхээ төлөө үйлчилдэг тэр төр засагтай хот болохыг хүсч байна гэдгээ илэрхийлсэн. Би үүнийг сайн мэднэ. Хэзээ ч энэ нутаг оронд ирэхэд Багануурчууд энэ хүсэлтээ тууштай тавьдаг байсан. Шударга бус байдлын илрэл нь юу байсан бэ гэхээр Багануурчуудын тэр хүсэл зоригийг 2005 онд авч хэлэлцэж байлаа. Харамсалтай нь энэ эрхийг нь өгөөгүй юм. Гэсэн ч Багануурчууд тууштай байсан. Энэ бүхний дараа өнөөдөр Багануурчуудын энэ хүсэл зориг биеллээ. Өнөөдөр Багануурчууд та бүхэнд үйлчлэх захирагчтай болсондоо баярлаж байна гэж ойлгож байна. Би нэг зүйлийг илэн далангүй хэлье. Налайхын Захирагчийг батламжлах арга хэмжээний үеэр ч хэлж байсан. Одоогоор харамсалтай нь хотын эрх зүйн зохицуулалт тун тааруухан байна. Монгол Улсад 200 гаруй хууль хэрэгжижи байгаагийн 10 хүрэхгүй хувьд нь л хот тосгоны тухай зүйл заалт багтсан байгаа. Өөрөөр хэлбэл дээд шатныхан хот байгуулахад тийм их дуртай байгаагүйн илрэл. Гэхдээ ямар ч байсан та бүхэн өөрийн үндсэн дүрэмтэй, Багануур хот өөрийн үндсэн хуультай болсон. Одоо үүнийгээ дагаад дүрмүүдтэй болно. Энэ бүхнийг хамгийн түрүүнд захирагч дагаж мөрдөн, иргэддээ үйлчлэх нь ойлгомжтой. Захирагчид амаргүй байж болох ч иргэд чинь дэмжиж байгаа. Тийм учраас юунаас ч халширахгүй, иргэдийнхээ төлөө явах ёстой. Иргэдээс сонгогдсон  захирагч учраас хэнээс ч айж эмээх шаардлага байхгүй. Яагаад гэвэл Н.Тавинбэхийг Багануурчууд та бүхнээс өөр хэн ч огцруулах эрх байхгүй. Энэ бол Багануурчуудын шийдэх асуудал болж хувирсан гэдгийг би хэлэхийг хүсэж байна. Та бүхний захирагчаа сонгосон энэ үйл явдал бол цагаа олсон ажил байсан гэдгийг дахин хэлье. Өнөөдөр төлөөллийн ардчилалд олон хүн эргэлзэж байна. Та бүхэн хэвлэл мэдээлэл харж иргэдийн санаа бодлыг сонсвол ихэнхи нь сэтгэл ханамжгүй байгаа. Өөрөө өөртөө үйлчлэх төр захиргаа байхгүй байна гэдгийг иргэд ойлгож ихээхэн сэтгэл дундуур байх болсон. Төлөөллийн ардчиллын бүтэлгүй байдал ардчиллын нэр хүндэд сэв суулгаж, нэлээд  эгзэгтэй болсон ийм үед та бүхэн өөрсдийнхөө хүсэл зоригоор захирагчаа сонголоо. Монголд ийм өөрөө өөртөө үйлчилдэг захиргааны шинэ тогтолцооны эх суурийг тавьлаа. Энэ нь цаашид Монголд ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон гэдгийг хэлэхийг хүсэж байна. Би нийслэлийн Засаг даргын хувиар Н.Тавинбэхийг Багануурынхаа хөгжлийн төлөө, Багануурчуудынхаа төлөө хүчин зүтгэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ. Манай ИТХ ч гэсэн энэхүү шийдвэрийг бүрэн дүүрэн дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Багануур дүүрэг, Багануур дүүргийн Засаг дарга, ЗДТГ ч гэсэн захирагчтай хамтран ажиллана гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Дүүргийн Засаг дарга Б.Бямбадоржтой уулзахад манай Багануурчууд улс төржсөн, талцсан байдлаас залхсан гэдгийг хэлж байсан. Би Н.Тавинбэх захирагчтай батламжлах гарын үсэг зурахынхаа өмнө уулзсан. Энэ үеэрээ даргад биш иргэддээ тал засч ажиллах ёстой гэдгийг хэлээд бас нэг зүйлийг сануулсан. Улс төржилт аварга их хүчтэй байна. Хэнийг ч гэсэн өөрийнхөө эргүүлэгт татаад оруулчихдаг. Зарим хүмүүс бий болсон боломжийг ашиглаад дараа нь өөр зүйлрүү нэр дэвшээд явчихдаг болоод байгаа.Тийм учраас ийм зүйл гаргахгүй шүү гэдгийг зориуд хэлсэн.Багануурчуудынхаа төлөө ажиллаарай, би бүх талаар дэмжинэ гэдгээ ч илэрхийлсэн. Та бүхэн өөрөө өөрийнхөө төлөө ажиллаж боломжтой болсон энэ эрх мэдлээрээ дамжуулан хөгжил дэвшлээ олж авах ёстой. Энэ хөгжил дэвшлийг олж авч чаднаа гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Leave a Reply