Худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүдийн семинар амжилттай болж өндөрлөлөө

https://writemyessay4me.orgНийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 9-н дүүргийн Худалдан авах ажиллагааны албадын ажилтан, мэргэжилтнүүдийг хамруулсан “Худалдан авах ажиллагааны бодлого, хэрэгжилтийг сайжруулах нь” сэдэвт сургалт семинарыг өнгөрсөн бямба гарагт амжилттай зохион байгууллаа.

      Уг сургалт семинарт Засгийн газрын худалдан авах ажиллагааны газрын дэд дарга С.Дашдондог, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт нар оролцсон бөгөөд Худалдан авалт хариуцсан орлогч дарга Ү.Энхтайван, Захиргаа, үйл ажиллагаа хариуцсан орлогч дарга Д.Мөнх-Эрдэнэ болон бусад удирдлагууд шинэчлэлийн засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогын дагуу худалдан авах ажиллагааг шинэ шатанд гаргахаар зорьж хэрэгжүүлж буй санал, санаачилга, ажлын туршлагаасаа хуваалцсан илтгэл тавьж, халуун яриа өрнүүлэв.

        Мөн дүүргүүдийн Худалдан авах ажиллагааны албадын өмнө тулгарч болох хүндрэл бэрхшээл, түүнээс гарах арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөлдсөн юм. Тухайлбал, зарим аж ахуйн нэгжүүдийн хувьд эдийн засгийн чадвар сул, ажлын туршлага хангалтгүй зэргээс шалтгаалж тендерийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлэх гэх мэт хүндрэл ихээхэн гарч байгаа мөн захиалагчаас ирүүлсэн ажлын зураг төсөл дутуу дулимаг байх зэрэг хүндрэл хамгийн их давтагдаж байгаа тухайд мэргэжилтнүүд санал шүүмжлэл хэлж байлаа. Түүнчлэн эдгээр хүндрэлийг шийдэхийн хамт, 2013 онд худалдан авах ажиллагааг 20 хувь, 2016 онд 100 хувь цахимжуулах Сангийн сайдын 2013 оны 01-р сарын 11-ний өдрийн 07 тоот тушаалыг хэрэгжүүлж Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар цахим сонгон шалгаруулалтыг эхлүүлээд байгаа туршлагаасаа хуваалцсан нь дүүргийн худалдан авах ажиллагааны албадынхны хувьд онцгой шинэлэг мэдээлэл боллоо. Тодруулбал, Татварын ерөнхий газар, арилжааны банкуудын цахим мэдээллийн системийн хөгжил хангалттай хэмжээнд байгаа ч хууль шүүх зэрэг зарим салбарын хувьд хүндрэлтэй байгаа. Цахим мэдээллийн дэд бүтцийг хангалттай хэмжээнд сайжруулбал төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжирах тул мэдээллийн дэд бүтцийг сайжруулах шаардлагатай байгаа нь илтгэлээс тодорхой харагдсан.

      Семинарт оролцогч 9 дүүргийн хувьд хамгийн отгон алба нь Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны алба байсан бөгөөд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын зүгээс шинэ тутамд байгуулагдан ажиллаж байгаа албадын үйл ажиллагааг тал бүрээр дэмжиж ажиллахаа мэдэгдэж, эхний ээлжинд Дүүргүүдийн Тамгын газар, ИТХ-д худалдан авах ажиллагааны албатайгаа нягт хамтран ажиллаж, үйл ажиллагааг нь дэмжих тухай албан хүсэлт явуулахаар боллоо.

        Семинарын төгсөлд манай Нийслэлийн худалдан авах ажиллагааны дарга Ю.Идэрцогт : “Худалдан авах ажиллагааг шинэ шатанд гаргах, хотын хөгжилд оруулах хувь нэмрээ улам улам дээшлүүлэх нь бидний ажлын гол зорилго юм. Бид энэ удаагийн сургалт семинараа засгийн газар, нийслэл, дүүрэг дээр хийгдэж байгаа бүх л худалдан авах ажиллагааг нэгдсэн нэг стандартаар явуулах, газар албадуудын уялдаа холбоог сайжруулах, учирч болох нийтлэг хүндрэл бэрхшээлийг хуулийн хүрээнд шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой зохион байгуулсан. Семинар маань амжилттай болж өндөрлөлөө. Салбарын хувьд чухал ач холбогдол өгөх асуудлуудыг авч хэлэлцлээ” хэмээн семинарын төгсгөлд дүгнэж хэлсэн юм.

 

Comments Closed

Comments are closed.