РЕНТГЕН КАБИНЕТИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ТАВИГДАХ ШААРДЛАГА

Ионжуулагч цацраг нүдэнд харагдахгүй, үнэр амтгүй, тухайн үед организмд хэрхэн үйлчилж байгаа нь мэдэгдэхгүй учир хүмүүс түүний хор хөнөөлийг сайн ойлгохгүй байх тохиолдлууд түгээмэл байдаг.

Техник технологийн хөгжлийн өнөө үед рентген оношилгоо шинжилгээний шинэ аргууд эмнэлгийн практикт хурдацтайгаар нэвтрэн хөгжиж өргөнөөр ашиглагдан маш олон хүнд оношилгоо шинжилгээ үр дүнтэй хийгдэж байгаагийн хирээр рентген цацраг хүний биед хор нөлөөтэй гэдгийг анхаарч, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагуудад рентген цацрагийн үйлчлэлээс хамгаалах хамгаалалтын бүхий л арга хэмжээг авах шаардлагатай бөгөөд энэхүү үйл ажиллагаатай холбогдолтой хууль, дүрмийг чанд мөрдөж ажиллах нь чухал юм.

Рентген оношилгооны үед өвчтөн болон цацрагтай ажиллагчдыг цацрагаас хамгаалах явдал чухал ач холбогдолтой бөгөөд тэднийг үндэслэлгүйгээр ионжуулагч цацрагийн нөлөөнд өртүүлэхгүй байх үндсэн зарчмыг баримтлан ажиллана.

Ионжуулагч цацрагаас хамгаалах үндсэн 3 арга байдаг. Үүнд:

Хугацаагаар хамгаалах /цацрагийн урсгалд хүмүүсийн байх хугацааг багасгах/

Зайгаар хамгаалах /цацрагийн үүсгүүрээс аль болох хол байлгах/

Хамгаалалтын хэрэгслээр хамгаалах

/рентген процедурын өрөөнд хамгаалалт хийх, хувийн болон бусад хамгаалалтын хувцас хэрэгслийг хэрэглэх/

Рентген кабинетийг зохион байгуулах, түүнд тавигдах шаардлага:

1. Рентген кабинетийг шинээр зохион байгуулахдаа батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэнэ. Зураг төсөлд кабинет болон дээд, доод өрөө, зэрэгцээ өрөөний байрлал, салхивч, гэрэлтүүлэг, халаалт, усны хоолой, газардуулга, цахилгаан системийн байгууламжийн байрлал, хамгаалалтын талаарх тооцоо мөн зураг төсөлд өгсөн бусад тайлбарыг хавсаргана.

2. Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа “Рентген кабинет, ионжуулагч туяа үүсгэгч аппарат төхөөрөмжийг ашиглах, суурилуулах болон рентген шинжилгээ хийх үед мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн бусад үүсгүүртэй ажиллах “Ариун цэврийн үндсэн дүрэм” /ЦАЦҮД/, “Цацрагийн аюулгүйн норм” /ЦАН/-ын холбогдох заалтуудыг баримтлан ажиллана./

3. Рентген өрөөний талбайн хэмжээ нь холбогдох дүрэмд /“Рентген кабинет, ионжуулагч туяа үүсгэгч аппарат төхөөрөмжийг ашиглах, суурилуулах болон рентгеншинжилгээ хийх үед мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”-д заасны дагуу хангалттай хэмжээтэй байх ба өрөөний хана, хаалга, шал, тааз нь туяаны нөлөөллөөс хамгаалагдсан байна.

4. Фотолабораторийн өрөөг рентген шинжилгээний өрөөтэй зэрэгцээ байрлуулах ба агааржуулагч болон шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан байна. /Улаан гэрэл, хугацаа хэмжигч, угаагч, хатаагч, г.м/

5. Рентген кабинетийн шинжилгээний өрөө болон удирдах самбарын өрөө нь тусдаа байх ба туяаны хамгаалалттай цонх, хаалгаар тусгаарлагдсан байна. /Өвчтөнг харж ажиглах тугалган шил бүхий цонх байна/

6. Рентген кабинет нь агааржуулалтын системтэй байх ба агаарын солилцоог тогтмол хийж байна.

7. Рентген кабинетэд ажилчид, үйлчлүүлэгчид, өвчтөн, хүүхэд түүнийг асран хамгаалагчдад зориулсан хувийн хамгаалалтын хормогч, бээлий, нүдний шил, бамбайн хаалт болон зөөврийн хаалтаар бүрэн хангагдсан тэдгээрийн тугалган эквивалентийг үзүүлсэн тамга тэмдэгтэй байна.

8. Рентген процедурын өрөөний үүдэнд рентген аппарат ажиллах үед асдаг “Цацрагийн аюулгүйн тэмдэг” /шар дэвсгэр дээр хараар зурна/ болон “Анхаар” “Рентген цацраг”, “Зөвшөөрөлгүй орж болохгүй” гэсэн гэрлэн дохио байна.

9. Рентген шинжилгээг хийх өрөөний хамгаалалт нь гэрэлд зураг харах, зураг авах үед кабинетийн зэрэгцээ өрөөнүүд ба үүдний өрөө, хаалга, цонхны цаана цацрагийн тунгийн түвшин эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хязгаараас хэтрэхгүй байхаар тооцоологдож хийгдсэн байна.

10. Рентген аппарат байрлах өрөөний хаалгануудыг 1мм-ээс багагүй эквиваленттай тугалган хамгаалалт бүхий материалаар хамгаалсан байна.

11. Рентген кабинетийн нь өрөө хуурай, халаалтын системээр хангагдсан байна. Процедурын нэг өрөөнд зөвхөн нэг рентген аппарат байрлуулна.

12. Рентген кабинетэд цахилгаан байгууламжийн угсралтын болон галын аюулгүйн дүрмийг чанд мөрдөж ажиллана. МХЕГ-ын www.inspection.gov.mn цахим хуудаснаасавлаа.

1 2 3 4