Биеийн тамир спортын ордонд иж бүрэн засвар хийгдлээ

 

12043086_921281854624508_6157651868630245421_nДүүргийн ард иргэдийн спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болох хөрөнгө оруулалт хийгдэж, спорт ордонд иж бүрэн засвар хийгдлээ. Байгуулагдсанаас нь хойш дорвитой засвар хийгээгүйгээс дусаал гоождог, халаалт муутай болж спортын аливаа тэмцээн уралдаан явуулахад тав тухгүй, үзэгчид зутардаг байсан. Тэгвэл хүүхэд залуучуудад бие бялдарын болоод сэтгэл зүйн тэсвэр хатуужил хүмүүжил төлөвшил олгодог энэ салбарын хөгжил ирээдүйн олон тамирчдын амжилттай салшгүй холбоотой учраас спортын салбарт хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй хэмээн дүүргийн төр захиргааны байгууллагаас үзэж 397 сая төгрөгөөр засварлажээ. Засварын ажлын гүйцэтгэгчээр “Мөнх өргөө” ХХК ажиллан үүд хэсэгт нь нэмэлт өргөтгөл байгуулж, дасгалжуулагчдын өрөөг шийдвэрлэсэн байна. Мөн А заалны халаалтыг сайжруулж, цонх гэрэлтүүлгийг шинэчилсэний зэрэгцээ хуучин ашиглагдадаггүй байсан өрөөг засварлан саун, эрэгтэй, эмэгтэй душтэй болгожээ. Ингэснээр спортоор хичээллэж байгаа хэн бүхний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангагдахаар болжээ. Харин Б зааланд таеквондогийн дугуйлан, үндэсний бөх, чөлөөт бөхийн дугуйлангуудыг хичээллүүлэх орчныг бүрдүүлсэн байна. Жилийн жилд шал хаалга будахаас хэтэрдэггүй байсан спорт заалны засварын ийнхүү иж бүрнээр шийдсэнээр тамирчидын дасгал сургуулиа хийх орчин илүү ая тухтай болсны дээр дасгалжуулагч багш нарын орчин ч сайжирч байгаа юм. Хөрөнгө оруулалтыг хийхдээ олон нийтэд чиглэсэн, үр ашигтай байхаар тооцож байгаа бөгөөд Багануур дүүргээс улс, нийслэл, олон улс, олимпийн тэмцээн уралдаанд өрсөлдөх чадвартай тамирчдыг төрүүлэн гаргахын төлөө төр захиргаанаас анхааран ажиллаж байгаа гэдгийг албаны хүмүүс онцолж байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.