“ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ” ХЭРЭГЖИЖ БАЙНА…

10414922_713915695333310_1517756026320224156_n
Хуулийн талаар лавлах утас: 1800-1289
ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛУУД
“Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хууль, хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газрын 348 тоот тогтоол, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/102 тоот “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” тушаал зэргийг үндэслэн Нийгмийн даатгалын байгууллагад ил тод байдлыг хангах чиглэлээр дараах ажлууд хийгдэнэ. Үүнд:

Ажил олгогчийг бүртгэх

Шинээр бүртгүүлэхээр ирж буй ажил олгогч, даатгуулагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2011 оны 83 дугаар тушаалаар баталсан “Ажил олгогчийг мэдээллийн санд бүртгэх, дугаар олгох журам”-ын дагуу бүртгүүлж, дугаар авна.

Тайлан хүлээн авах

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу “Ажил олгогчийн гаргаж ирүүлэх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан (НД-7)”, “Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан (НД-8)”-г шалгаж хүлээж авахад:

Ажил олгогчоор шинээр бүртгүүлж, шимтгэлийн тайлан нөхөн гаргаж ирүүлж буй байгууллага,
Урьд нь ажил олгогчоор бүртгүүлсэн боловч нуусан буюу санаатайгаар бууруулсан хөдөлмөрийн хөлс, цалингийн санг нөхөн мэдүүлсэн байгууллага,
Урьд нь ажил олгогчоор бүртгүүлсэн боловч дутуу буюу хугацаандаа төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн байгууллага,
Урьд нь ажил олгогчоор бүртгүүлсэн боловч тооцооны алдааны улмаас төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн байгууллага,
Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 заалтыг зөрчсөн байгууллага гэсэн 5 төрлийн зөрчил бүхий аж ахуйн нэгжийн тайлан, мэдээллийг хүлээн авна.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан /НД7, 8/ ирүүлж буй аж ахуйн нэгж нь даатгуулагчийн цалингаас нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 5 заасан хувь хэмжээгээр шимтгэлийг тооцно. Хэрвээ 2008, 2013 оноос өмнөх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа мэдүүлж буй бол тухайн үед мөрдөгдөж байсан хувь хэмжээгээр шимтгэлийг тооцож ирүүлнэ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх

Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу мэдүүлсэн сардаа багтаан нийгмийн даатгалын санд шилжүүлнэ.

Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, дэвтэр баталгаажуулах,

Нийгмийн даатгалын тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу мэдүүлсэн тайлан, төлсөн шимтгэлийг үндэслэн тухайн ажил олгогчийн тайланг баталгаажуулна. Мэдүүлсэн цалин, шимтгэл, ажил, албан тушаалын өөрчлөлт, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн нягтлан бодогчийн гарын үсгийг шалгаж байцаагч баталгаажуулна.

Жич: Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу ил тодоор тайлагнах нийгмийн даатгалын тайланг тусгайлсан програмаар хийх ба уг программд нууцын гэрээ байгуулсан ажилтан ажиллана.