Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам

                                            Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсрал
1. Улс,  бүс нутгийн хэмжээний ач холбогдолтой, түүнчлэн хот, суурин газрын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдуулан томоохон барилга байгууламж барихад зориулан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт (цаашид “төсөл шалгаруулалт” гэх) явуулахад энэ журмыг дагаж мөрдөнө.
2. Төсөл шалгаруулалтаар газар эзэмшүүлэх ажиллагааг хаалттай хүрээнд явуулна.
3. Төсөл шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай зар мэдээг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
4. Төсөл шалгаруулах тухай зар мэдээнд дараахь зүйлийг тусгасан байна:
1/ энэ журмын 1-д заасан зориулалтаар газар эзэмшүүлэх төсөл шалгаруулах тухай Засаг даргын шийдвэр;
2/ эзэмшүүлэх газрын байршил, хил хязгаар, заагийг харуулсан зураг, схем;
3/ талбайн хэмжээ (га-гаар);
4/ төсөл шалгаруулалтад орох барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн шаардлага;
5/ объектын ерөнхий төлөвлөгөө, тохижилтод тавигдах шаардлага;
6/ инженерийн бэлтгэл арга хэмжээ, зам талбайд тавигдах шаардлага;
7/ техникийн нөхцөлүүд;
8/ барилга байгууламжийг барих хугацаа;
9/ төсөл шалгаруулалтаар эзэмшүүлэх газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний үнэ;
10/ шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх болон төслийг ирүүлэх эцсийн хугацаа;
11/ гэрээний ерөнхий нөхцөл;
12/ төсөл шалгаруулах үндсэн үзүүлэлтүүд;
13/ төслийг хүлээн авах газрын тодорхой хаяг, харилцах утасны дугаар.
5. Эзэмшүүлэх тухайн газрын онцлог, шинж чанарт нийцүүлэн нэмэлт шаардлага тавьж болох бөгөөд түүнийг төсөл шалгаруулах зар мэдээнд заавал тусгана.
6. Төсөл шалгаруулалтад сонирхогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцож болох бөгөөд дор дурдсан шаардлагыг хангасан байвал зохино:
1/ төсөл нь газрыг эзэмшүүлэхэд тавих шаардлага, ажил, үйлчилгээний чиглэлд нийцсэн байх;
2/  хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх;
3/ төслийг зарласан нөхцөл, мэргэжлийн түвшинд хийсэн байх;
4/ техникийн нөхцөлүүд болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан байх;
5/ төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх.
7. Оролцогчид нь төслөө битүүмжилж аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамалд өөрөө өгөх буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүргүүлэх, хэрэв ийнхүү хүргэх боломжгүй бол зар мэдээнд заасан хугацаанд шуудангаар ирүүлж болно.
8. Оролцогч нь хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвар болон төсөл шалгаруулалтад ирүүлсэн мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
9. Төсөл шалгаруулах комиссыг төсөл шалгаруулах өдөр тухайн шатны Засаг дарга томилно.
10. Комисс нь шалгаруулалтад ирүүлсэн төслийн талаар нэмэлт мэдээлэл шаардан авах эрхтэй бөгөөд эдгээр мэдээлэлд туссан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нууцыг задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
11. Комиссын гишүүнд дараахь шаардлага тавигдана:
1/ газар зохион байгуулалтын болон нягтлан бодох бүртгэл, санхүү-эдийн засаг, эрх зүйн талаар тухайн төслийн агуулгатай нийцэх чиглэлээр дээд боловсролтой, уг мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, зохих дадлагатай байх;
2/ төсөл шалгаруулалтаар эзэмшүүлэх газрын талаар хувийн ямар нэг ашиг сонирхолгүй.
12. Төслийг дор дурдсан журмаар аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал хүлээн авна:
1/ зар мэдээнд заасан хугацаанд ирсэн бүх төслийг ирүүлсэн дарааллаар нь он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэн бичиг хэргийн заавар ёсоор бүртгэж, тусгай тэмдэглэл хийж хадгална;
2/ төсөл ирүүлэх эцсийн хугацаа дууссан өдөр хүлээж авсан төслүүдийн тухай тусгай тэмдэглэл үйлдэн, төсөл тус бүрт албан тэмдэг дарна.
13. Төсөлтэй холбогдох нууцыг хадгалах үүргийг тухайн газрын алба, газрын даамал хариуцна.
14. Ирсэн бүх төслийг тэмдэглэлийн хамт төсөл шалгаруулах өдөр комисст хүлээлгэн өгнө. Энэ үед төсөл шалгаруулалтад оролцогчид байлцаж болно.
15. Комисс төсөл шалгаруулалтад ирүүлсэн төсөл бүрийн бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авах бөгөөд энэ тухай актад гишүүд гарын үсэг зурна.
16. Төсөл тус бүрийг задалж, зар мэдээнд тусгасан зүйлийг бүрэн ирүүлсэн эсэхийг шалгана.
17. Зар мэдээнд тусгасан зүйл дутуу байвал комисс энэ тухай оролцогчид мэдээлж, тухайн үзүүлэлтээр үнэлгээ өгөхгүй байх, эсвэл төслийг шалгаруулалтаас хасч буцаах шийдвэр гаргана.
18. Комисс төслийг дор дурдсан шалгуур үзүүлэлтүүдээр шалгаруулна:
1/ уралдаанд оролцогчид зар мэдээнд тусгасан зүйлийг хангасан эсэх;
2/ тухайн газарт явуулах үйл ажиллагаа нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх;
3/төсөл нь хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд нийцсэн байх;
4/ төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны багтаамж;
5/  тухайн хот, суурины нийгэм, эдийн засгийн хөгжилд илүү ач холбогдолтой байх;
6/ улс, орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээ;
7/ төслийн болзлыг ойролцоо буюу адил хангасан нөхцөлд тухайн газарт явуулах үйл ажиллагаа, түүний байгаль орчинд сөрөг нөлөөлөх байдлыг харгалзах.
19. Комисс дүгнэлт гаргах болон ажиллагааны талаар тэмдэглэл хөтөлнө.
20. Комисс нь төсөл тус бүрээр дүгнэлт гаргана.
21. Комиссын дүгнэлтэд дараахь зүйлийг тусгана:
1/ төсөл сонгон шалгаруулах үзүүлэлт бүрээр төсөл тус бүрийн давуу болон сул талын тодорхойлолт, үзүүлэлт бүрийн үнэлгээ (оноогоор);
2/ төсөл тус бүрийг бүхэлд нь үнэлсэн товч тодорхойлолт, нийлбэр оноо;
3/ комиссын тусгай санал.
22. Комиссын дүгнэлтийг заавал бичгээр үйлдэх бөгөөд гишүүн бүр мэргэжил, албан тушаалаа тэмдэглэн, гарын үсгээ зурсан байх бөгөөд уг дүгнэлтэд тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг даргын тэмдэг дарж, дүгнэлтийг гаргасан он, сар, өдөр, хугацааг тодорхой бичсэн байна.
23. Комиссын гишүүд тус тусдаа үнэлсэн тохиолдолд  комиссын гишүүдийн нэгдсэн үнэлгээ болон дүгнэлтийг төсөл тус бүрээр гарган гарын үсэг зурж, энэ журмын 22-т заасан тэмдгийг дарсан байна.
24. Комисс нь гаргасан дүгнэлтээ Засаг даргад танилцуулна. Засаг дарга дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл батлах, үндэслэлгүй болон хууль зөрчсөн гэж үзвэл дахин төсөл сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг гаргана.
25. Төсөл шалгаруулах комиссын дүгнэлт, түүнийг үндэслэн гаргасан Засаг даргын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн төсөлд оролцогч шүүхэд гомдол гаргаж болно.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.