Хүүхдийн Тэмүүлэл зуслангийн 7 дугаар ээлж

2015 оны 08 сарын 17-ноос 08 сарын 23-ны өдрүүдэд хүүхдийн Тэмүүлэл зуслан 40 амрагч хүүхдийг хүлээн авч тэдэнд амарч хөгжих, олон шинэ найз нөхөдтэй болж, бусдаасаа суралцах боломж нөхцлийг бүрдүүлэн ажиллалаа. Энэхүү ээлж нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Боловсрол, залуучуудын хөгжлийг дэмжих замаар хүүхдийн хөдөлмөрийг устгах нь” төслийн 100%- ийн санхүүжилтээр “Ажил мэргэжлийн үндэсний зөвлөхүүдийн холбоо” ТББ-тай хамтран мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн 16 цагийн зуны сургалтын хөтөлбөр агуулсанаараа онцлогтой байсан бөгөөд тус ээлжинд Багануур дүүргийн 1-5 дугаар хорооны 13-17 насны 36 хүүхэд, хот хөдөөгийн 4 хүүхдийг тус тус үнэ төлбөргүй хамруулсан.

Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт нь
1. Өөрийн үнэмлэмжээ тодорхойлох буюу “БИ”-гээ олох
2. Ажил мэргэжлээ судлах
3. Өөрийн ур чадвар сонгосон мэргэжлээ тохируулах
4. Мэргэжил сонголтын төлөвлөгөө боловсруулах гэсэн 4 агуулгын хүрээнд богино лекц, бүлгийн ажил, сонирхолтой видео хичээл, мэргэжил сонголтын тест сорил, харилцан ярилцлага, идэвхитэй тоглоомын арга, ганцаарчилсан зөвлөгөө өгөх, урамшуулах зэрэг хэлбэрээр зохион байгуулагдсан.
Амрагч хүүхдүүдийг богино хугацаанд үр дүнтэй арга аргачлалын тусламжтайгаар зуслангийн хөгжлийн хөтөлбөрт болон зуны сургалтын үйл ажиллагаанд бүлгийн зохион байгуулалтаар идэвхитэй оролцуулан сайн туршлага хуримтлуулан дараах үр дүнд хүрсэн. Үүнд:
– Хүүхдүүд өөрсдийн хүсэл мөрөөдөл, авьяас, сонирхол, ур чадвар, үнэт зүйлсээ ойлгон танин мэдэх
– Ажил мэргэжлийн онцлог, сонголт, үүрэг хариуцлага, түүнд ухамсартай хандах
– Хүүхэд өөрийн ур чадвар, авьяас, нөөц боломжийг өөрийг сонгосон мэргэжилд тохируулах
– Мэргэжил сонголтын төлөвлөгөө боловсруулах арга замд суралцах
– Зорилгоо зөв тодорхойлох, ажил амьдралын анхны алхамаа зөв сонголтоор эхлүүлэхэд нь чиглүүлэн тусласан.
Нээлттэй санал асуулга, сэтгэл ханамжийн судалгаанаас дүгнэхэд мэргэжлийн чиг баримжаа олгох зуны сургалтын хөтөлбөртэй энэхүү ээлж нь дунд, ахлах ангийн насны амрагч хүүхдүүдийн эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн ажил болсон гэж үзэж байна. 

Тэмүүлэл зуслангийн 7 дугаар ээлжийн амрагч хүүхэдтэй тулж ажиллан мэдлэг оюун, сэтгэл зүрхээ харамгүй зориулж амжилттай хамтран ажилласан ОУ-ын хөдөлмөрийн байгууллага, Ажил мэргэжлийн үндэсний зөвлөхүүдийн холбоо,  Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн  ажилтан албан хаагчдад ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.