Багануур дүүрэг Жендэрийн мэдрэмжтэй удирдлага хамт олныг бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж эхэллээ

0002Монгол Улс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг батлаад багагүй хугацааг өнгөрүүллээ. Энэ ажлын хүрээнд орон нутаг, дүүрэг бүрт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар зөвлөлийг байгуулан ажиллаж,  Багануур дүүргийн салбар зөвлөлөөс Жендэрийн мэдрэмжтэй удирдлагуудыг бий болгох, энэ талын мэдлэг олгох сургалтыг 2014 оноос дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид, урирдах ажилтнуудад зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2015 оны Эдийн засаг нийгмийн зорилтод Жендэрийн стратеги төлөвлөгөөтэй болохоор тусгагдсан. Үүний дагуу жендэрийн стратеги боловсруулах  чиглэлийг тодорхойлох зорилгоор  дүүргийн удирдах ажилтнууд, холбогдох албан тушаалтнуудын сургалтыг 2015 оны 08 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Жендэрийн асуудал бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш бөгөөд Багануур дүүргийн Жендэрийн салбар зөвлөлөөс:

–       Жендэрийн  талаарх олон нийтийн  хэвшмэл ойлголтыг арилгах, бусад салбарын байгууллагууд, удирдлагуудын тогтсон хандлагыг өөрчлөх

–       Эмэгтэй эрэгтэй хүмүүс, охид хөвгүүдийн ялгаатай зан үйл, хүсэл эрмэлзэл болон хэрэгцээг эн тэнцүү анхаарч бодлогын баримт бичигт тусган үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх

–       Жендэрийн мэдрэмжтэй удирдлага хамт олныг бүрдүүлэхээр  зорилт тавин ажиллаж эхэллээ.

Цаашид Засгийн газрын 2013 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх стратегийн дагуу, Төрийн албаны зөвлөлөөс төрийн бүх албан хаагчдад зориулсан сургалтын хөтөлбөр болон сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд жендэрийн асуудлыг тусгахаар заагдсан ба төрийн албаны шалгалтын асуултанд энэ асуудлууд орох юм байна. Мөн улс төрийн намууд сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлэхэд  мөрийн хөтөлбөртөө Жендэрийн асуудлыг тусгасан байх,  их дээд сургуулиудын сонгон үзэх  хичээлийн программд оруулах зэрэг ажлууд хийгдэхээр Засгийн газрын стратеги төлөвлөгөөнд тусгагдсан  байна.

              Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс