Б.Бямбадорж: Багануурчуудын олон жил хүсэн хүлээсэн томоохон шийдвэрүүд 2015 онд гарлаа.

11696785_853342431418898_169539520_nБ.Бямбадорж дүүргийн Засаг даргаар томилогдоод нэг жил боллоо. Энэ хугацаанд тэр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, энд тэнд тууз хайчилсангүй. Хийж хэрэгжүүлж байгаа ажил, гарсан үр дүнг нь иргэд харж, зарим нэг ажил нь багагүй үр дүн авчирсан гэдгийг иргэд маань ч мэдэж байгаа. Харин тэрээр энэ хугацаанд ямар бодлого баримтлан ажиллав ямар үр дүн гаргав гэдгийг ярилцахаар дүүргийнхээ 35 жилийн ойн босгон дугаарын зочноор урьлаа.

– Таныг дүүргийн Засаг даргаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ жилийн хугацаанд Багануур дүүрэг нийслэлийн дагуул хот болох шийдвэр гарлаа. Энэ баяртай сайхан үйл явдлын талаар яриагаа эхэлье…  
– 2012 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан нам 5А хөтөлбөрийг дэвшүүлсэн. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 2014 оны эцсээр дүүргийн ИТХ-аас 64 хувийн биелэлттэй байна гэж дүгнэсэн бол 2014 оны Засаг даргын үйл ажиллагаа, эдийн засаг нийгмийн зорилтын биелэлтийг 89,6 хувь гэж дүгнэсэн. Ажил хүлээж авснаас хойших нэг жилийн хугацаанд Багануурчуудын олон жил хүсэн хүлээсэн том том шийдвэрүүд гарлаа. Багануур маань хот болох ёстой гэж бид олон жил мөрөөдсөн шүү дээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хотын дүрэм боловсруулах сонгон шалгаруулалт явуулж, хотын дүрмийг боловсруулж, 2014 оны 11 дүгээр сарын 19-нд төслийг дүүргийн маань иргэдэд танилцуулсан нь хот болох түүхэн шийдвэрийн эхлэл байлаа. ЗДТГазар ИТХ-тай хамтран иргэдийнхээ дунд хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, дүүргийнхээ иргэдийн санаа бодлыг дүрмэндээ тусган, санал асуулгыг 2015 оны 1 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд явуулсан. Дүүргийн маань иргэд 96,8 хувиар дэмжиж, 4 дүгээр сарын 3-ны өдрийн НИТХ-аас Багануур дүүрэгт нийслэлийн дагуул хот Багануур хотыг байгуулах шийдвэр гарч, тогтоолоор баталгаажсан. Энэ үйл явдал Багануурын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх нь дамжиггүй. Хот маань дүрэмтэй, эрх зүйн хувьд баталгаажсан. Одоо бид дүрмийнхээ дагуу захирагчаа сонгох ёстой. Сонгуулийн тов 9 дүгээр сард гарч 10 дугаар сард сонгууль явагдах болов уу гэж тооцож байна.

– Хотын хөгжилтэй холбоотойгоор үйлдвэр технологийн паркийн асуудал ч олон жил яригдсан. Одоо энэ төсөл ямар хэмжээнд явж байна вэ?

– Үйлдвэр технологийн паркийг 2012 онд “Багануур” ХК-д тусгай зөвшөөрөл олгож үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Өнөөг хүртэл багагүй ажил хийгдээд байна. Үүний зэрэгцээ аж ахуйн нэгж дээр тулгуурлан үйлдвэр технологийн парк байгуулах нь учир дутагдалтай болох нь өнгөрсөн хугацаанд амьдралаас харагдсан. Тийм ч учраас “Багануур” ХК-иас санал гарч, нийслэлтэй зөвшилцөөд үйлдвэр технологийн паркийг дүүргийн Засаг даргын дэргэд авчирах нь зөв юм гэж үзсэн. 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Багануур дүүргийн үйлдвэр технологийн паркийн асуудал орж батлагдагдсан. Ингэснээр эрх зүйн орчин бүрдэж, бие даасан нэгж дүүрэгт үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Энэ сардаа багтаагаад удирдлагуудыг нь томилно. Нөгөөтэйгүүр парк маань аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллана. Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат энэ яамыг тэргүүлж байгаа учраас үйлдвэр технологийн парк аж үйлдвэрийн яамтай хамтраад ажиллах бүрэн боломжтой. Үйлдвэр технололгийн паркийн үйл ажиллагаа одоо цааснаас амьдрал руу шилжиж, иргэдийн маань амьдралд өгөөжөө өгч эхэлнэ.
– Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Хүнд суртлын эцсийн шан нь “авлига” байдаг. Ардчилсан намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт ч авлигагүй Багануурын асуудал багтсан байдаг шүү дээ…
– Улс эх орны хэмжээнд авилга их байна гэж яригдах болсон. Дүүргийн хэмжээнд авилгыг таслан зогсоох, соён гээгээрүүлэх ажлыг хийх зорилгоор Засаг даргын дэргэд Авлигаас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх олон нийтийн салбар зөвлөл байгуулсан. Тус зөвлөлийн даргаар олон жил хууль хяналтын байгууллагад үр бүтээлтэй ажилласан Х.Пүрэвсүрэнг томилж, үйл ажиллагааг нь жигдрүүллээ. Зөвлөл байгуулагдсанаасаа хойш аж ахуйн нэгж байгууллагуудад авлигын хуулийг сурталчлах, авлигын хор уршгийг таниулах сургалт явуулсны дээр иргэд олон нийтээс авилга хүнд сурталтай байгууллагуудыг тодруулах судалгааг ч хийгээд байна. Мянга орчим иргэнийг хамруулан судалгаа хийхэд дүүргийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг сайн гэж 52 иргэн хариулсан бол дунд гэсэн үнэлгээг 292, муу гэж 129 иргэн дүгнэж байна. Ирэх 9 дүгээр сараас эхлэн судалгааны дүнд үндэслэсэн дараагийн үйл ажиллагаануудыг нэлээд эрчтэй зохион байгуулна.
– Ардчилсан нам 5А хөтөлбөрөөрөө ажилтай орлоготой Багануурыг мөрөөдөж байсан. Тэгвэл энэ хугацаанд ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэв?
– Иргэдээ ажилтай орлоготой болгох, ажлын байр нэмэгдүүлэх нь бидний хамгийн том үүрэг. Шинээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн, төсвөөс цалинждаг найдвартай ажлын байрууд нэмэгдэж байна. 194 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж 24 ажлын байр шинээр бий болсон бол 9 дүгээр сарын нэгнээс ажиллаж эхлэх 280 хүүхдийн ортой 193 дугаар цэцэрлэгт 40 гаруй, 100 ортой цэцэрлэгт 24 хүний ажлын байр бий болно. 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-аас Засгийн газрыг байгуулахдаа монгол хүнийг ажилтай орлоготой байлгах үүднээс Хөдөлмөрийн яамыг шинээр байгуулсан. Энэ яамны харъяа хөдөлмөрийн хэлтэс засаг захиргааны нэгжүүдэд бий болж ажилтай орлоготой монгол хүний төлөө ажиллаж байна. Багануур дүүргийн хөдөлмөрийн хэлтэс олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн дээр хөдөлмөр зуучлалын үйл ажиллагааг ч явуулсаар ирлээ. Төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд урт хугацаатай, хамгийн бага хүүтэй, ажлын байр шинээр бий болгох, ажлын байрыг хадгалж үлдэх зорилгоор зээл, санхүүгийн буцалтгүй дэмжлэгийг үзүүлж олон хүн ажлын байраар хангагдсан. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл, ХЭДС-ийн санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. 2014 онд санхүүгийн дэмжлэгт 36 төслийг шалгаруулж  гэрээ байгуулсны үндсэн дээр 40 сая төгрөгийн санхүүжилт олгосон гэсэн тоо байдаг бол бичил зээлийн хүрээнд нэг ажлын байр бий болгоход 1 сая төгрөгөөр тооцож, нэг төсөлд 5 хүртэл сая төгрөгийн санхүүжилт олгох зориулалтаар 200 сая төгрөгийн санхүүжилтийг Төрийн банкаар олгох шийдвэр гарсан.  2014 оны 12-р сарын байдлаар бичил зээлийн 84 төсөл банкинд судлагдаж,  48 төсөлд 187,5 сая төгрөгийн зээл олгогдсон байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн зориулалтаар манай дүүрэгт 2013 онд 300, 2014 онд 500 сая төгрөгийн санхүүжилт хуваарилагдсан. Зээлд хамрагдах төслүүдийг дүүргийн хэмжээнд нээлттэй зарлаж 60 төсөл хүлээн авч, эдгээр төслийн хэрэгжих боломж нөхцлийг газар дээр нь урьдчилан үнэлж ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулагдсан “Төсөл сонгон шалгагруулах дэд комисс”-ын хуралдаанаар хэлэлцүүлэн 28 төсөл шалгаруулж санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Санхүүжилтийн хэмжээ бага тул дүүргийн хэмжээнд ажлын байр нэмэгдүүлэх боломжтой, бага санхүүжилт шаардлагатай, аль болох олон төсөл шалгаруулах бодлогыг дэд комисс барьсан. Мөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд дээр орон тоо нэмэгдэж нийт дүнгээр 2013 онд 610 иргэн, 2014 онд 700 гаруй ажлын байр бий болсон байна. Би 7 хоног бүрийн баасан гаригт иргэдээ хүлээн авч уулздаг. Ажил хүсч уулзаж байгаа иргэдийн дийлэнх нь төрийн байгууллагад орж ажиллах хүсэлтэй байдаг. Хувийн хэвшилд хөдөлмөрийн харилцааны асуудал шийдэгдээгүй, ажилчдын нийгмийн асуудалд бага анхаардаг учраас ялангуяа эмэгтэйчүүд төрийн байгууллагад орж ажиллахыг урьтал болгож байна. Тийм учраас мэргэжлийн хяналтын хэлтэс, үйлдвэрчний эвлэл, бусад мэргэжлийн байгууллагатай хамтран хувийн хэвшлийн салбарт гарч байгаа хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх, хууль тогтоомжийг биелүүлэх чиглэлд анхааран ажиллана. Мөн малчдад туслах малчин хэрэгтэй байгаа талаар их яригддаг. Тиймээс хөдөлмөрийн хэлтэс дээр туслах малчны сургалтыг явуулж, үнэмлэх олгох ажлыг хийнэ. Туслах малчнаар бэлтгэгдсэн иргэнийг ажлын байраар хангахдаа хөдөлмөрийн хэлтэс, ажил олгогч малчин хоёр туслах малчин ажиллуулах тухай гэрээ байгуулж байхаар төлөвлөж байна. Гэрээгээр туслах малчны хүлээх үүрэг, эдлэх эрхийг ч тодорхой болгоно. Дүүргийн төр захиргааны байгууллагаас баримталж байгаа бодлогын хүрээнд ийн ажлын байр нэмэгдэж байгаа бол Засгийн газраас дүүрэгт хэрэгжих томоохон төслүүдийн хүрээнд олон ажлын байр нэмэгдэх төлөвтэй байна. Аль 1990 оноос хойш яригдаж байгаа Багануурын цахилгаан станцын асуудал энэ он гарсаар шийдвэрлэгдлээ. Концесс зарлагдаад гүйцэтгэх компани нь шалгарч гэрээ байгуулах шатандаа явж байна. Гэрээнүүд байгуулагдаад ажил шуудрах юм бол 8 дугаар сараас газар шороо, дэд бүтцийн ажлууд эхэлнэ. Бүтээн байгуулалтын үед ажлын байр гарахаас гадна станц ашиглалтад орсноор 1000 гаруй хүний ажлын байр бий болно. Хамгийн гол нь залуучууд маань цахилгаан станцад ажиллах мэргэжлийг сонгон суралцах, мэдлэгээ дээшлүүлж чадах л юм бол ажлын байртай болох боломж тэр хэрээр нэмэгдэнэ.
– Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэж байгаа, өөрийнхөө амьдралыг болгоод явдаг хүмүүс олон шүү дээ. Энэ салбарт ямар ахиц үр дүн гарсан гэж та үзэж байна вэ?
– 2013 онд Багануур дүүрэгт Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв байгуулагдсан. Энэ төв нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд сургалт явуулах, бойжуулах төвдөө үнэ төлбөргүйгээр өрөө тасалгаагаар хангаж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хөл дээр нь босгох ажлыг гүйцэтгэж байна. Төв байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаанд ЖДҮЭрхлэгчид бизнесээ өргөжүүлэх, ажлын байраа нэмэгдүүлэх ажил эрчимжсэн. 2014 онд хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнөө зохион байгуулж, энэ салбарт баримтлах бодлогоо дүүрэг маань тодорхойллоо. Ингээд энэ оны эхнээс төлөвлөгөө гарган ажиллаж ногоо тарих хүсэлтэй иргэдэд гавъяат аграномич А.Бадарчин сургалт явуулж мэдлэг олгосон. Бид олон удаа уулзаж, ярилцаад иргэдээ хүсний эрүүл ногоогоор хангая, ажлын байр нэмэгдүүлье гэвэл агропарктай болох хэрэгтэй юм байна гэж үзсэн. Сая ИТХ-аас газар зохион байгуулалтьн төлөвлөгөөний тодотголоор Нарийн нуурт агропаркийн зориулалтаар 40 га газар олгохоор шийдвэрлэв. Энэ 40 га газраас анх ногоо тарьж сурах иргэн 0,5-1 га газар авч мэргэжлийн хүний тусламжтайгаар 1-2 жил газар тариалан эрхэлнэ. Сураад дадаад ирэхээрээ өөрийн гэсэн газраа аваад тусдаа гарч дараагийн иргэн сурах байдлаар явах юм. Мөн 50-100 тоннын багтаамжтай зоорь барина. Усалгааны асуудлыг шийднэ. Ингэж газар тариалангийн асуудлыг иж бүрнээр нь шийдвэрлэнэ.
– 2013 онд Нарийн хэсэгт дэд бүтцийн ажил хийгдсэн бол 2014 онд зогсонги байдалд өнжсөн. Энэ жилээс амины орон сууцны хороолол байгуулах чиглэлээр газар олгогдож, сонгон шалгаруулалт явагдлаа…
– Амины орон сууцтай болгох, гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажил бол ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн цөм. Анх Багануур дүүрэг маань улсын хэмжээнд гэргүй хот хэмээн алдаршиж байлаа. Ард иргэдийн амьдралын хэрэгцээ шаардлагаар гэр хороолол нэмэгдсээр өнөөдрийн хэмжээнд хүрсэн. Гэр хороолол нэмэгдсэн хэдий ч Улаанбаатар шиг хүндэрчихээгүй байна. Одоо нийт 6000 гаруй өрх гэр хороололд амьдарч байна. Хөрөнгө мөнгө нь байвал дэд бүтэцжүүлэх бүрэн боломжтой. Бид 2013 онд орон нутгийн хөгжлийн сангаас 500 сая төгрөг гарган Нарийн хэсгийн 1-4 дүгээр гудамжны 60 шахам айлыг дэд бүтцэд холбосон. Дэд бүтэц бүхий амины орон сууц ямар байдаг вэ гэдгийг тэндээс бодитоор харж болно. Энэ ажлаа цааш нь үргэлжлүүлье гэхээр улсын хэмжээнд эдийн засгийн боломж тааруугаас санхүүжилтгүй болчихоод байна. Дэд бүтэц бий болгоход асар өндөр өртөг шаарддаг. Бид амины орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэдээс өргөдөл авсан. 1000 гаруй иргэн өргөдлөө өгсөн учраас 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 300 айлын амины орон сууц барих 28 га газрыг оруулж, ИТХ-аар батлуулсан. Энэ газар дээр төсөл сонгон шаргалуулалт явуулаад 10 гаруй компаниас санал ирж гүйцэтгэгчээр „Бандиа“ ХХК, „Цахирт-Ану“ ХХК, „Хүслэн дэлгэрэх“ ХХК-нууд шалгарч Засаг даргатай хамтран ажиллах гэрээнд 4 дүгээр сарын сүүлчээр гарын үсэг зурсан. Ажил одоогоор эхлээгүй байна. Яагаад гэхээр дээрх 3-н компаний нэр дээр газрын шийдвэр гарна. Компаний нэр дээр газрын шийдвэр гарахаар нийслэлд суурь үнэ төлөх хэрэгтэй болдог. Бид иргэдээ хямд үнэтэй, чанартай амины орон сууцаар хангахын тулд газрыг үнэлэхгүйгээр эхний ээлжинд компаний нэр дээр гаргаж өгөх хүсэлтийг нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн. Дээрх 3 компани орон сууцаа барьж дууссаны дараа амины орон сууц нь тодорхой эдэлбэр газрынхаа хамт худалдан авсан иргэний нэр дээр шилжих учраас газрын суурь үнийг чөлөөлөх асуудлыг бид хөөцөлдөөд байгаа хэрэг. Удахгүй шийдвэрлэгдэж 7 дугаар сарын 20-оос ажил эхлэх байх. Дэд бүтцийн асуудлыг компаниуд өөрсдөө хариуцах бөгөөд нэг метр квадратын үнийг 1,1 саяас хэтрүүлэхгүй байх үүргийг гүйцэтгэгч компаниуд хүлээж байгаа. Зарим иргэд яагаад амины орон сууцны хорооллыг компаниар бариулаад байгаа юм бэ, иргэддээ газрыг нь өгчихөөч гэдэг. Тэгэхээр дэд бүтцийн асуудлыг иргэд маань шийдэж чадахгүй байдал үүснэ. Дэд бүтэцгүй болохоор нөгөө л сурснаараа зуух тавьж яндан гаргаад утаа “үйлдвэрлэнэ”. Дэлхийн жишигт хүрсэн амины орон сууцны хорооллыг бий болгох үүднээс компаниудтай гэрээ хийж ажиллаж байгаа юм. Бас дүүргийн маань залуучуудын санаачлагаар “Эвтард” гээд төсөл хэрэгжиж эхлээд байгаа. Эхлээд хаширлаж байсан ч төслийнхэнтэй уулзаад судлаад үзэхээр иргэдээ өөрсдийг нь оролцуулах, хамтран шийдсэн үйл ажиллагаа юм байна лээ. Тийм учраас төслийг дэмжиж Хуцаа Сургалтын задгайн баруун талд 19 га газар олгосон. 105 айлын амины орон сууцны хорооллыг дэд бүтцийн хамт шийдээд метр квадратын үнийг 700,000 төгрөгөөр борлуулахаар төслийн баг ажиллаж байна. Эдгээр ажлууд маань шинэ тутам учраас бид маш сайн хяналт тавьж анхаарч байгаа.
– Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, бүтээн байгуулах, тохижуулах ажлууд хүний нүдэн дээр ил өрнөдөг. Иргэд ч өөр өөрийнхөөрөө дүнгээ тавьна. Харин бодлогын шинэчлэл, тэр тусмаа боловсролын асуудлын үр дүнг тооцохгүй өнгөрч болохгүй…
– 2008 онд анх суурийг нь тавьсан 125 дугаар сургууль ашиглалтад орохгүй маш их удсан. 2013 онд энэ сургуулийг ашиглалтад оруулах, хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах чиглэлд тухайн үеийн Засаг дарга М.Гончигжав сэтгэл гарган хөөцөлдсөөр жилийн дотор ашиглалтад оруулсан. Сургууль ашиглалтад орсоноор нэг багшид ногдох сурагчдын тоо стандарт хэмжээнд дөхөж очсон. “Боловсрол” цогцолбор сургууль лабратори сургуулийнхаа хувьд бага болон суурь боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийг анхлан хэрэгжүүлж эхэлсэн бол 2014-2015 оны хичээлийн жилээс бусад бүх сургуулиуд маань дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэллээ. Үүний зэрэгцээ зөв монгол хүүхдийг төлөвшүүлэх хөтөлбөр Багануур дүүрэгт маш амжилттай хэрэгжиж байна. Саяхан болж өнгөрсөн ЭЕШалгалтын дүнгээр дүүргийн маань хүүхдүүд улсдаа тэргүүлсэн нь боловсролын салбарт хийгдэж байгаа шинэчлэл хэрхэн өгөөжөө өгч байгааг харуулж байгаа үзүүлэлт. Энэ хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагааны үеэр дүүргийн 35 жилийн ойгоор 3500 хүүхдийн биелгээг зохион байгуулах санаачлагыг гаргасан. “Боловсрол” цогцолбор сургууль завсарлагааныхаа дэгээр хөдөлгөөнт гимнастик хийлгэх, биелгээ заах зарчмаар бүх хүүхдүүддээ зааж сургасан байна. 6 дугаар сарын 01 хүүхдийн баяраар ямар нэгэн нэгдсэн кампанит ажил өрнүүлэлгүйгээр 3500 хүүхэд бүжлээ шүү дээ. Сургуулийн өмнөх боловсролд хүүхэд бүрийг хамруулах үүднээс анхнаасаа цэцэрлэгийн зориулалтаар баригдсан, хүүхэд хөгжлийн төвийн барилгыг засч янзлаад 280 хүүхдийн ортойгоор үйл ажиллагааг нь эхлүүлэхэд бэлэн болсон. Мөн боловсролын яамны сайдын багцаас санхүүжүүлсэн 100 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орох гэж байна. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 100 хувьд хүрнэ. Энэ бол амжилт. 100 хувд хүрчихлээ гээд гараа хумхиад сууж болохгүй. Энэ жил 5 дугаар хороонд 240 хүүхдийн ортой 2,9 тэрбум төгрөгийн өртөгтэй цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьж эхэлнэ. Тендэр зарлах эрх нь дүүрэгт шилжиж ирээд сонгон шалгаруулалтаа явуулж гэрээ хийгээд бариулах шатандаа явж байна. Ингэхээр ойрын 5-10 жилдээ Багануурчууд цэцэрлэгийн хангамжид санаа зовох зүйлгүй болно. Зөвхөн байр саван дээр санаа тавихаас гадна сургалтын арга барил, материаллаг бааз дээр ч анхаарч байна. Эрдэм боловсролтой Багануурын ирээдүйг бий болгоход ахиц гарч байгаад би  баяртай байдаг. Дүүргийн боловсролын салбарыг хариуцаж байгаа боловролын хэлтсийн шинэчлэлд ирэх хичээлийн жилээс анхааран ажиллаж, шинэчлэлт хийхээр төлөвлөгөө гарсан.
– Эрдэм боловсролтой Багануурчууд эрүүл чийрэг байхгүйгээр хөгжлийг ярьж болохгүй. Тэгвэл эрүүл мэнд, нийгмийн чиглэлд ямар ажлуудыг хийв? Үр дүнг нь хэрхэн тооцож байна вэ?
– Эрүүл чийрэг иргэдтэй байхын тулд эрүүл мэндийн салбарт баримталж байгаа бодлогоо өөрчлөх ёстой. Өвдсөн хойно нь эдгээх гэж ноцолдож байснаас урьдчилан сэргийлэхэд анхаарч нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг хөгжүүлэх нь зүйтэй. Эрүүл хүмүүсийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох нь нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний гол зорилго учраас ЭМТ-ийн харъяанд нийгмийн эрүүл мэндийн үйлчлгээний төвийг байгуулахаар зорьж байна. Эмнэлгийн аптекийн зориулалтаар ашиглаж байсан байранд 30 сая төгрөгийн өртгөөр засвар хийж тус төвийн үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна. Урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарахгүй бол эмчилгээ хийгээд хийгээд өвчлөлийг бууруулж чадахгүй шүү дээ. Мөн эрүүл мэндийн төвөө оношлогооны хувьд сайжруулах, тоног төхөөрөмжөөр хангахад анхаарна. Цаашдаа бид бүсийн оношлогооны төв болох зорилт тавьж байна. Нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр 2 ч байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээрийн газрын асуудлыг шийдвэрлэнэ. Мөн бөөрний дутагдалтай хүмүүсийн эн тэргүүний хэрэгцээ болсон гемодиализийн аппаратыг оруулж ирэх, гемодиализын төв байгуулах бэлтгэл хангагдаж байна. Иргэдийн дунд хүн хөгширч үхдэггүй хөшиж үхдэг гэсэн яриа ч байдаг. Тийм ч учраас хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх үүднээс „Хөдөлгөөн эрүүл мэнд“ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Эрүүл чийрэг байхын тулд спортын олон төрлийг хөгжүүлэхэд анхаарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй болон хүнд өвчтэй хүмүүс эмнэлгээр үйлчлүүлэхэд цахилгаан шатгүйгээс хүндрэл нэлээд гардаг. Тэгвэл энэ жил 15 сая төгрөгөөр 2 цахилгаан шатыг ашиглалтад оруулахаар ажил хийгдэж эхэлсэн.
– Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй хэмээн Үндсэн хуулиндаа заасан байдаг. Энэ чиглэлд ямар ажлуудыг хийж байгаа вэ?
– Эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд олон зүйл хамаарна. Юуны түрүүнд эрүүл хүнс хамгийн чухал. Энэ чиглэлээр бид дүүргийнхээ ногоочдыг бэлтгэж байгаа талаар дээр дурдсан. Бага газраас их ургац авах, авсан ургацаараа дүүргийнхээ хэрэгцээг бүрэн хангах зорилго биелэхэд ойрхон байна. 2013 оноос эхлэн гэр хорооллын иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулах чиглэлээр шат дараатай ажлууд хийгдэж байна. Үүний нэг нь 5 дугаар хорооны Нарийн хэсгийн 23-33 дугаар гудамжны гэрэлтүүлгийг шинээр хийсэн ажил. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 192 сая төгрөгийн өртөгтэйгөөр дээрх гудамжуудад 139 ширхэг лед гэрлийг суурилуулсан. Цаашид гэр хорооллыг ийм маягаар дэд бүтэцтэй болгоно. Төв зам дагуух болон гэр хорооллын хэсэг хоорондын гэрэлтүүлэг ерөнхийдөө шийдэгдээд байгаа бол одоо гудамж бүрийг гэрэлтэй болгоход анхаарна гэсэн үг. Орон сууцны хороололд ч амьдрах орчныг сайжруулах чиглэлээр багагүй ажил хийгдлээ. „Боловсролын гудамж“ иж бүрнээрээ тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэгтэйгээ шийдэгдээд байгаа бол энэ жил “Гүн галуутай”-н гудамжийг байгуулахаар төсөв мөнгө нь шийдэгдсэн. Мөн 10-16 дугаар байрны орчим тохижилт хийсэн. Усан оргилуур, ногоон байгууламж, гэрэлтүүлэтэй жишиг байхаар хийгдсэн нь иргэдийн сэтгэлд хүрч байна. Ногоон байгууламж нэмэгдүүлэх чиглэлээр „Баясгалант“ төглийг нээж, эрүүл мэндийн төвийн өмнөх талбайг ногоон байгууламжтай болгохоор ажлууд хийгдсэн. Энэ талбайн дунд Багануур хотын бэлгэдэл Мэлхийт хөшөөг байрлуулан шав тавихаар зэхэж байна. Аюулгүй орчны салшгүй нэг хэсэг нь нийтийн тээвэр. Манай дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээнд олон жил бага оврын автобус үйлчилж байсан. 2013 оноос парк шинэчлэлтийг тасралтгүй хийж, дунд оврын автобуст бүрэн шилжлээ. Дунд оврын автобуснуудыг оруулж ирэхдээ “0” гүйлттэй цоо шинэ автобусуудыг авсан. Ашиглалтын зардал багасахын зэрэгцээ иргэд маань аюулгүй, цэвэр тохилог орчинд үйлчлүүлэх боломж бүрдсэн. Орон сууцны иргэд маань дээврийн засвар хийгдэхгүйн улмаас ус бороонд автах, ая тух алдах байдал гардаг. Сүүлийн 3 жилд дээврийн засварын ажлыг эрчимтэй хийж, орон нутгийн хөгжлийн сангаас мөнгө төргөр зарцуулсаар ирлээ. Дээврийн засварын сонгон шалгаруулалтыг хийхдээ шинэ технологи, баталгаат хугацааг чухалчилан үзэж байна. Энэ жил л гэхэд 5, 17, 23, 32, 54 дүгээр байруудын дээврийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 180 сая төгрөгийн өртгөөр АНУ-ын резин технологиор “Фүжи Алтай” ХХК гүйцэтгэж байна. Тус  компани 10 жилийн баталгаа өгнө гэж байгаа. Фасадны дулаалгыг анх 7 дугаар байранд хийсэн бол энэ жил үргэлжлүүлэн 47 дугаар байрт хийж байна. Энэ чиглэлээр хийгдсэн хамгийн том ажил бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3,7 тэрбум төгрөгөөр дулааныг үл хамаарах 2 дугаар контурт холбох ажил он дамнан хийгдсээр энэ жил эцэслэн дууслаа. Мөн 2015 оноос нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачлагаар хөршийн холбоо байгуулах ажил өрнөж байна. Хөршийн холбоо байгуулах ажил манай дүүрэгт эхлээд байна. Бие биенээ, айл хөршөө таньж мэдэхээ больчихоод байгаа энэ үед хөршийн холбоо байгуулан ажиллах нь үр дүнтэй гэдэгт итгэлтэй байна. Цагдаа эрүүл мэндийн байгууллагатай хамтран архи согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг, архины хамааралтай иргэдийг эрүүлжүүлэх, нийгэмшүүлэх ажлыг өрнүүлж, 40 гаруй хүн хамрагдсан. Эрүүл аюулгүй орчны эхлэл бол архины хамаарлаас татгалзахтай ч шууд хамааралтай.
– Сүүлийн жилүүдэд, тэр тусмаа 2014, 2015 онуудад дүүргийн маань иргэдийн газар өмчлөлийн асуудал эерэгээр шийдэгдэж байна. Хуулиараа Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй байгаа. Одоо газар өмчилсөн иргэдийн тоо нийт хүн амын хэдэн хувийг эзэлж байна вэ?
– Газар бол иргэний үнэт баялаг. Нийслэлээс цахим газар олголтыг зохион байгуулж энэ хүрээнд Багануур дүүргийн Тариан булаг 1, 2 болон Булагтай хэсгүүдэд ямар нэгэн хүнд суртал, ар өврийн хаалгагүйгээр газар өмчлүүлэх ажил явагдсан. Шударгаар иргэд маань өөрийн гэсэн газартай болж байна. Тариан булаг 1, 2 хэсэгт 17,000 иргэнд газар өмчлүүлсний 50 орчим хувь нь дүүргийн иргэд байна. Харин Булагтай хэсэгт төлөвлөлт хийгдэж 9000 иргэнд газар олгохоор болсны 7000 иргэн нь 2012-2013 онд газрын өргөдөл өгсөн иргэдэд байгаа. Цахимаар газар өмчлөх жагсаалтад Булагтай хэсэг багтсан ч Нийслэлийн удирдлагуудыг 2014 оны 11 дүгээр сарын 19-нд хотын дүрэм хэлэлцүүлэхээр ирсэн үед нь хүсэлт тавьж хүсэлт тавьж 7000 иргэнд давуу эрх олгон цахим бүртгэлээр бус шууд олгох асуудлыг шийдвэрлүүлсэн. Үлдсэн 980 нэгж талбарт цахим бүртгэл явуулж нийслэл төдийгүй манай дүүргийн иргэд ч хамрагдсан. Олон жил сунжирсан асуудал ингэж нэг мөр шийдэгдэж байгаад иргэд маань ч баяртай байгаа. Цахим бүртгэлээс гадна Талын толгой хэсэг, 2 дугаар хорооны орчим иргэдэд газар өмчлүүлэх боломж бий. Тийм учраас Улаан ухаа, Талын толгой орчимд төлөвлөлт хийгдэж иргэддээ газар олгоно. Одоогийн байдлаар дүүргийн нийт иргэдийн 50-иас илүү хувь нь газартай болсон. Энэ нь улсын дунджаас давсан үзүүлэлт. Бид мөн жишиг гэр хорооллын газрыг шийдвэрлэхээр зорьж, сонгон шалгаруулалтыг хийнэ. Гэр хорооллын газар олгочихдог. Иргэд өөр өөрийнхөөрөө хашаагаа бариад тохиждог. Энэ нь өнгө үзэмж талдаа ч сөрөг байдаг. Тийм учраас  жишиг гэр хорооллын газрыг цагдаагийн постны ойлролцоо олгож, 530 гаруй айлын хашааг жигд нэг ижлээр гүйцэтгүүлэхээс гадна ногоон байгууламжийн асуудлыг давхар шийдэж, био бие засах газартайгаар шийдсэн. Байгууллагуудад жишиг гэр хорооллын батламжийг олгосон. Тэр дагуу иргэдэд борлуулах юм.  Ингэж жишиг байдлаар хамгийн сүүлийн үеийн шийдлээр гэр хорооллыг шийдвэрлэнэ. Мөн 220-ын станцын хойно 15 га газарт зуслангийн газрыг иргэдэд олгохоор төлөвлөж байна. Ингэхдээ жишиг гэр хорооллын адилаар сонгон шалгаруулалт зарлан жигд хашаатай байхаар төлөвлөсөн. Зуслангийн хэсэгчилсэн төлөвлөгөө гарчихсан бөгөөд 10 айл дундаа био бие засах газартай байхаар тооцсон. Иргэдэд олгох газраас гадна дүүрэгт жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх үүднээс 30 га газрыг олгоно. 3 дугаар хорооны Үйлдвэр хэсэгт ЖДҮЭрхлэгчдэд газар өгнө. Энэ жилийн хувьд фермерийн болон газар тариалангийн газар, мод үржүүлэгийн чиглэлээр, тэжээлийн ургамал, хүлэмжний, барилгын материалын үйлдвэрлэлийн газруудыг төсөл сонгон шалгаруулалтаар олгосон. Нийслэлийн Засаг даргаас газрыг төсөл сонгон шалгаруулах буюу дуудлага худалдаагаар олгох бодлого баримталж байгаа. Манай дүүрэгт өнгөрөгч жилийн хугацаанд хэд хэдэн газарт дуудлага худалдаа зохион байгуулсан. Одоо худалдаа үйлчилгээ, авто засвар гэх мэт чиглэлээр 13 байршилд газар дуудлага худалдаагаар борлуулахаар зарлагдсан.  Ингэж нээлттэйгээр дуудлага худалдаа зарлахгүй газар олголтыг хийдгээс авлига, хүнд суртлын асуудал босч ирдэг.
– Багануур маань уурхайн хотоос оюуны хот, аж үйлдвэрийн хот болох хөгжлийн чиг хандлага харагдаж байна. Үүний хажуугаар аялал жуулчлалыг хөгжүүлэхээр „Шувуун саарал“ цогцолборыг байгуулж байна...
– Нийслэлээс 2020 он гэхэд 2,5 сая жуулчин хүлээж авах төлөвлөгөө гарган найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Аялал жуулчлалын салбараас мөнгө олох, хөгжлийн нэг тулгуур болгох зорилго хотод байгаатай адил Багануурт ч бий. Шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн өлгий нутгийн иргэд бид түүний алдрыг мөнхлөн „Шувуун саарал“ цогцолборыг байгуулахаар төлөвлөгөө гаргаж, сонгон шалгаруулалт зарлан гүйцэтгэгчийг тодруулж одоо ажилдаа ороод байна.
– Үе үеийн удирдлагуудын арга барилыг харахад өөрийн гэсэн онцлогтой байх шиг санагддаг. Таны хувьд хотын хөгжлийн талаар ямар „мөрөөдөл“-тэй ажиллаж байна вэ? гэсэн асуултаар ярилцлагаа өндөрлөе.
–  Удирдлагуудын арга барил харилцан адилгүй байж болно. Өөрийнхөө мэддэг салбарт түлхүү анхаарал тавих нь ч бий. Миний хувьд хотынхоо хөгжлийн бодлогыг баримтлан салбар бүрт жигд анхаарч ажиллахыг зорьж байна. Тийм ч учраас орон тооны бус зөвлөхүүдийг томилон ажиллуулж байна. Хөдөө аж ахуй газар тариалангийн чиглэлээр А.Бадарчин, СӨБ-ын чиглэлээр н.Баттөмөр, уул уурхайн чиглэлээр Батжаргал гэх мэт салбартаа ажиллаж, 10 хуруу шигээ мэддэг болсон хүмүүстэй баг болон ажиллаж байна.Тухайн салбарын асуудал яригдахад зөвлөхтэйгөө, салбартаа одоо ажиллаж байгаа хүмүүст сууж ярилцаад эцсийн шийдвэрээ гаргах нь зөв юмаа гэж үзсэн.

Сэтгүүлч М.Гэрэлтуяа “Багануур news” сайт болон сониноос