Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох тухай зөвлөмж

             Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “албан татвар ногдох орлогоос энэ хуулийн 15 дугаар зүйлд зааснаас бусад мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан нийт зардлыг хасч илүү гарсан хэсгийг нь  татварын тайлангаар гарсан алдагдал гэнэ” гэж заасан.
Дээрх алдагдлыг  шилжүүлэн тооцохдоо дэд бүтэц уул уурхайн салбар, дэд бүтэц уул уурхайгаас бусад салбар гэж ангилна.
Дэд бүтэц уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн  татварын тайлангаар гарсан алдагдлыг тухайн аж ахуйн нэгжийн  тайлант жил, түүний өмнөх дараалсан 3 хүртэлх жилийн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг үндэслэн 4-8 жилийн хугацаагаар шилжүүлэн тооцно.
Харин дэд бүтэц уул уурхайгаас бусад салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн хувьд  алдагдлыг уг алдагдал гарсан жилийн дараах дараалсан 2 жилийн албан татвар ногдуулах  орлогоос хасч тооцох бөгөөд  жил бүр хасагдах алдагдлын хэмжээ нь тухайн жилийн албан татвар ногдуулах орлогын дүнгийн 50 хувиас хэтрэхгүй  байна.
Татварын тайлангаар гарсан алдагдал нь  санхүүгийн бүртгэлийн татварын өмнөх ашиг болон татварын тайлангийн татвар ногдуулах орлогын хооронд түр зөрүүг  үүсгэх бөгөөд энэ зөрүү нь  ирээдүйн тайлант үеүдэд татварын тайлан дахь татвар ногдуулах орлогоос алдагдлыг хасч тооцсоноор  арилна.
Тухайн тайлант хугацааны алдагдалд ногдох татварын хэмжээгээр дараагийн тайлант үеийн татвар буурах журналын бичилт нь : Алдагдал гарсан тайлант үед хойшлогдсон татварын хөрөнгийг хүлээн зөвшөөрч
Хойшлогдсон татварын хөрөнгө дансны   Дт
Татварын зардал дансны   Кт
Дараагийн тайлант үед алдагдлыг шилжүүлж татварын өглөгийг бууруулсан дүнгээр:
Орлогын татварын өглөг дансны  Дт
Хойшлогдсон татварын хөрөнгө дансны   Кт

Жишээлбэл: Дэд бүтэц уул уурхайгаас бусад салбарт үйл ажиллагаа эрхэлдэг “Өсөх” ХХК   2009 оны тайлангаар 50.0 сая төгрөгийн  алдагдалтай ажилласан байна. Харин 2010 онд татвар ногдуулах  орлого 36.0 сая төгрөг, 2011 онд татвар ногдуулах орлого 5.0 сая төгрөг болжээ.Энэ тохиолдолд 2009 оны алдагдлыг 2010 оноос хойшхи жилүүдэд хэрхэн  шилжүүлэн тооцохыг авч үзвэл:

Үзүүлэлт
200920102011 2012
Татвар ногдуулах орлогын хэмжээ  /ашиг,  – алдагдал/                   -50.036.0      5.0         5.0
2009 оны алдагдалаас шилжүүлэн тооцох дүн                                        -18.0     -2.5 хугацаа дууссан
Алдагдал шилжүүлсэний дараах татвар ногдуулах орлогын хэмжээ 18.0      2.5
Шилжигдээгүй  үлдсэн алдагдал                                                    -50.0      -32.0      -29.5

2009 оны татварын тайлангаар гарсан  50.0 сая төгрөгийн алдагдлын  18.0 сая  төгрөгийг  2010 онд,  2.5 сая төгрөгийг 2011 онд татвар ногдох орлогоос хасч, үлдсэн 29.5 сая төгрөгийн алдагдал нь  хуульд заасан 2 жилийн хугацаа дууссан тул  шилжигдэхгүй  болно. Хасагдах алдагдал нь  тухайн жилийн татвар ногдуулах орлогын  50 хувиас хэтрэхгүй байх тул  2010 онд 18.0 сая, 2011 онд 2.5 сая төгрөгийн  алдагдлыг шилжүүлсэн байна.
Нягтлан бодох бүртгэлд дараах  бичилт хийгдэнэ.  Алдагдал гарсан 2009 онд  хойшлогдсон татварын хөрөнгө  (хойшлогдсон татварын хөрөнгө 5.0 сая х10%) 5.0 сая төгрөгийг хүлээн зөвшөөрнө.
Хойшлогдсон татварын хөрөнгө дансны   ДТ  5000
Татварын зардал дансны Кт 5000
Дараагийн тайлант үе буюу 2010 онд алдагдлыг шилжүүлж татварын өглөгийг бууруулсан дүнгээр  (18.0 сая х 10%= 1.8 сая  төгрөг )
Татварын зардал Дт 3600  (1800+ 1800)
Хойшлогдсон татварын хөрөнгө Кт 1800
Татварын өглөг  Кт 1800  бичнэ.

Татварын тайлангаар алдагдалтай гарсан аж ахуйн нэгж “Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд  шилжүүлэх тооцоо” ТТ-02(в)  маягт, “Аж ахуйн нэгжийн орлогын албан  татварын тайлан”ТТ-02 маягт, алдагдлаа баталгаажуулж, дараа жилүүдэд тооцуулах  хүсэлтийн хамт  хуульд заасан хугацааны дотор  татварын албанд тушаана.
Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцоход  дараах  хууль, эрх зүйн актыг  мөрдлөг болгоно.Үүнд:
•Монгол Улсын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйл
•Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны “Журам батлах тухай” 287 дугаар тогтоол
•ТЕГ-ын даргын 2009 оны “Заавар батлах тухай”  531 дүгээр тушаал

Жич:Дээрх журам, заавар болон татварын  бусад хууль, тэдгээртэй холбогдон гарсан тогтоол,  журам, зааврыг  ТЕГ-ын  www.mta.mn цахим хуудасны Татварын хууль эрхзүй хэсгээс татан авч үзнэ үү.

Leave a Reply