“БАГАНУУР ХОТЫН ХӨГЖИЛД ХҮҮХЭД БИДНИЙ ОРОЛЦОО” ХҮҮХДИЙН YI ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

            Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг угтан Багануур хотын нийт хүүхдүүдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, хүүхдийн бодит оролцоог дэмжиж, шинэ санаачлага уриалгыг дэвшүүлж хэрэгжүүлэх зорилгоор “БАГАНУУР ХОТЫН ХӨГЖИЛД ХҮҮХЭД БИДНИЙ ОРОЛЦОО” Хүүхдийн YI чуулганыг 2015 оны 04 сарын 15 ны өдөр 14:00 цагт Засаг даргын тамгын газрын 219 тоот хурлын танхимд зохион байгууллаа. Чуулганд Дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, ААНБ-уудын хүүхдийн төлөө зөвлөлийн дарга нар болон ерөнхий боловсролын Гүнгалуутай цогцолбор, Боловсрол цогцолбор, 125-р сургууль, Сод сургууль, Насан туршийн боловсролын төвийн төлөөлөл 180 сурагчид нийт 200 гаруй хүн оролцлоо.

          Чуулганы бэлтгэл ажил болгож сургуулиуд “Багануур хотын хөгжилд хүүхэд бидний оролцоо” сэдвээр өөрийн хороо, дүүрэгт хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хүүхдийн оролцоотой хэрхэн шийдвэрлэж болох талаар  нээлттэй ханын самбар, санал хүсэлтийн хайрцаг ажиллуулах замаар нийт сурагчдын дуу хоолой, саналыг  нэгтгэн санал төслүүдийг илтгэл хэлбэрээр бэлдэн шилдэг нэг илтгэлээр оролцлоо.

 Үүнд: Боловсрол цогцолборын 12-р ангийн сурагч Б.Мөнхсайхан “Залуучуудын хөгжил” Сод сургуулийн 11А ангийн сурагч Д.Номин-Эрдэнэ “Байгаль орчин ба бидний ирээдүй”, 125-р сургуулийн 11-1 ангийн сурагч Л.Цахиурпүрэв “Сурагч байхдаа амжуулах арван зүйл”, Гүнгалуутай цогцолборын 11-3 ангийн сурагч М.Мөнхзаяа “Үе тэнгийнхний дарамт шахалт” сэдвээр тус тус илтгэл тавьсан. Илтгэлүүдтэй холбоотойгоор чуулганд оролцогч хүүхдүүдээс санал, уриалга дэвшүүлэн идэвхитэй оролцож байлаа.

Үр дүн :

           Хүүхдүүд зөвхөн ярьж, саналаа илэрхийлэх биш, харин асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох гарцыг ярилцаж өөрсдөө хэрэгжүүлэхээр уриалсан. Багануур дүүрэг Нийслэлийн дагуул хот болсонтой холбогдуулан хүүхэд залуучуудыг ирээдүйн хотын соёлтой иргэн болж төлөвшихөд өөрсдийнх нь бодит оролцоог дэмжих боломж  бүрдсэн бөгөөд олон асуудлыг шийдвэрлэхэд хүүхдийн оролцоо чухал гэдгийг хүүхдүүдэд ойлгуулж чадсан. Чуулганы төгсгөлд хүүхдүүд хамтдаа уриалга гаргасан ба чуулганд оролцсон насанд хүрэгчдийн зүгээс хүүхдийн үгийг сонсож, тэднийг үргэлж  дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.