Багануур дүүргийн Хороодын Засаг дарга нарт улсын байцаагчийн зөвлөмж хүргүүллээ.

Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд 2015 оны 3 дугаар сарын 20-ны 14 цаг  30 минутад боом өвчний арьсны хэлбэрийн сэжигтэй өвчтөн ирж хэвтсэнийг НЗӨСТөвд мэдээлсэн байна. Үүний дагуу дуудлагын баг өвчтнөөс тархвар судлалын заалтаар асуумж судалгаа авч, сорьц авч лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Тархвар судалгааны асуумжаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын иргэн, эрэгтэй Ц.О. нь 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр машины дугуй сольж байхдаа өөрийн машинд авч явдаг хутгаар зүүн гарын долоовор хурууны 1 дүгээр үе, дунд хурууны 2 дугаар үеийн арын хэсгийг эсгэсэн байна. 2015 оны 03 дугаар сарын 17-ноос халуурч эхэлсэн байна. Оношийг тодруулахаар эх материалыг 3 дугаар сарын 22-нд ЗӨСҮТ хүргүүлэн молекул биологийн урьдчилсан шинжилгээгээр боомын ДНХ илэрсэн байна. 2015 оны 03 дугаар сарын 23-ны 11 цагаас дүүргийн Онцгой байдлын хуралдааныг зарлан хуралдуулж, цаашид хийх ажлын талаар ярилцаж, Засаг даргын захирамж гаргалаа. Үүнтэй уялдуулан хяналтын ажлыг эхлээд байна. Багануур дүүргийн 5 хорооны Засаг дарга нарт улсын байцаагчийн зөвлөмж гарган хүргүүллээ.

“Боом” өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай Багануур дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/123 дугаар захирамж, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн халдвартын тасагт боомын арьсны хэлбэрийн шинж тэмдэгтэй өвчтөн эмчлүүлж байгаатай холбогдуулан дараахь зөвлөмжийг хүргүүлж байна. Боом нь өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Боом өвчнөөр хүн, бүх төрлийн мал, адгуус амьтад, буга өвчлөхөөс гадна цус сорогч хөх түрүү, ялаа, шумуул нь хүнд халдвар тараана. Өвчний үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай тул газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй малыг өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед гэмтсэн арьс салстаар халдвар дамжина.
Илрэх шинж тэмдэг: Халуурах, толгой өвдөх, бие сулрах, дотор эвгүйрэх, хоолонд дургүй болох шинж тэмдгээр илэрч уушиг, ходоод гэдэс, үжил, мэнэн болон арьсны зэрэг эмнэлзүйн таван хэлбэрээр өвчилдөг. Арьсны хэлбэрийн үед боомын нян орсон хэсэгт арьс улайж, хүрэн улаан толбо үүсч загатнан богино хугацаанд гүвдрүү, цэврүү бий болж хэдхэн цагийн дараа цэврүүний тунгалаг шингэн цусархаг болж маажих үед заримдаа өөрөө хагарч шархална. Аажмаар шархны төв хэсэгт тас хар хатуу барзгар гадаргуутай, төвдөө эмзэглэлгүй тав тогтоно. Ихэвчлэн ганц нэгээр голдуу биеийн ил хэсэгт нүүр, толгой, гарын арьсанд гарна.Гэдэсний хэлбэрийн үед өндөр халуурах, ууц нуруу, гэдэс маш хүчтэй өвдөх, цөсөөр бөөлжих, цусархаг шингэнээр суулгах шинж тэмдэг илэрнэ. Зарим тохиолдолд гэдэсний түгжрэл болох аюултай.Уушигны хэлбэрийн үед 40 хэм хүртэл халуурч дагжин чичрэх, цээжээр хатгуулах, ханиалгах, цустай цэр гарах шинж тэмдэг илэрнэ.

Урьдчилан сэргийлэлтээр дараах ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгож байна.

1. Хөдөө орон нутгаас малын халдварт өвчин зөөвөрлөгдөн орохоос сэргийлэх зорилгоор өөрийн нутаг дэвсгэрт малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтарч ажиллах талаар албан тоот хүргүүлж, “Малын “Боом” өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмж, сэрэмжлүүлэг боловсруулж тараах

 2. Харъяа хорооны мал сүрэгт мал эмнэлгийн үзлэг тандалт явуулах, малчдад мэдээлэл, сургалт сурталчилгаа хийх

3. Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлт, худалдаалалт, борлуулалт, мал амьтны шилжилт хөдөлгөөнд тавих хяналтаа сайжруулж, хариуцсан мал эмнэлгийн нэгжүүдээр шаардлагатай газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийлгүүлэх

4. Мал эмнэлгийн нэгжүүдэд вакцинжуулалтын арга хэмжээг технологийн хугацаанд шуурхай зохион байгуулах, вакцины нөөц бүрдүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах чиглэлээр зөвлөмж хүргүүллээ.