Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадоржийн сар шинийн мэндчилгээ

IMG_7513

Сайн байцгаана уу өнтэй сайхан өвөлжиж байна уу.

Эрхэм хүндэт Ахмад азай буурлуудаа, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхэд багачуудаа, нийт Багануурчууд та бүхэндээ ирж буй хонин жилийн хаврын тэргүүн цагаан сарын сар шинийн баярын халуун мэндчилгээг дэвшүүлье.
Улиран өнгөрч буй ялгуусан хэмээх Модон морин жилд улс төрийн тогтворгүй байдал арилж, хоёр нам Дүүргийнхээ нийгэм, эдийн засгийн зорилтуудыг ханган биелүүлэхэд хамтран ажилласаны үр дүнд Дүүргийн Засаг даргын 2014 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хангалттай сайн биелж Улс, Нийслэл, Дүүргийн хөрөнгө оруулалтаар 17,5 тэрбум төгрөгийн бүтээн босголтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Багануур дүүргээ хот болгох зорилтыг хэрэгжүүлэх хотын үндсэн дүрмээ дүүргийн иргэдээрээ хэлэлцүүлж 2015 оны 01дүгээр сарын 21,22-ны өдрүүдэд үндсэн дүрмээ баталж, Хот байгуулах бүх нийтийн санал асуулгад иргэд маань идэвхтэй оролцон 95,8 хувийн саналаар дэмжицгээж Багануурчууд бид түүхэн шийдвэрээ хамтдаа гаргалаа. Монгол улс олуулаа болж 3 сая дахь иргэнээ хүлээн авсан баярт өдөртэй давхцан манай Багануур дүүргээс үе чацуутан 3 хүү төрсөн баярт үйл явдал тохиолоо. Багануур Хувьцаат компаний хамт олон 37 жилийн түүхэндээ 100 сая дахь нүүрсээ олборлосон, Дүүргийн эрдэнэт мал сүрэг маань таван төрлөөрөө өсөж 149 мянган толгойд хүрч өнгөрөгч оноосоо 27 мянган толгойгоор өссөн сайхан дүн гарлаа. Энэ амжилтыг үнэлэн Нийслэлээс Багануур дүүргийн дөрвөн иргэнийг Нийслэлийн сайн малчнаар нэгэн зэрэг анх удаа тодруулан шагналаа. Дүүргийн сайн малчин, тариаланч бүсийн алдарт уяачдаа шинэ оны босгон дээр Дүүргийн төр захиргааны байгууллагаас уламжлал ёсоор тодрууллаа. Иймд Дүүргийнхээ нийт ард иргэдийн өмнөөс дээрх амжилт гаргасан байгууллага иргэддээ халуун баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе.
Ойрын жилүүдэд болоогүй хавар, зун намар өвөлтэй, хүн малын нуруу тэнийсэн өнөтэй сайхан жил болон өнгөрч байна.
Гарч буй хонин жилд дүүрэг маань хот болсон, 2030 он хүртэлх хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж хэрэгжүүлж эхэлсэн, оюутны хотхон, Үйлдвэр технологийн парк, амины орон сууц , жишиг гэр хороолол, Д.Нацагдоржийн нэрэмжит аялал жуулчлалын “Шувуун саарал” цогцолборыг байгуулах зэрэг бүтээн байгуулалтын түүхэн томоохон ажлууд, төрөлх дүүргийнхээ 35 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг олон зорилтуудыг дэвшүүлээд байна.
Энэ бүх зорилтыг дүүргийн иргэд та бүхэнтэй хамтарч хийх болно. Багануур дүүрэг 35 жилийн хөгжлийн босгон дээрээ бие даасан хот болж шинэ эрчимтэй хөгжлийн “Хоёр дахь” түүхэн өөрчлөлтийг эхлүүлж байна гэж дүгнэж байнаа.

Ингээд та бүхэндээ хонин жилдээ элгээрээ энх амаглан төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй

БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Б.БЯМБАДОРЖ